Бондоор өрөө төлж, ахмадуудын үлдэгдэл мөнгийг олгоно

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг оноос өмнө өгөх гэнэ. Гэхдээ үүний тулд бонд гаргаж арилжаалах нь зүйтэй хэмээн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Өмнөх Засгийн газар Монголбанкнаас 300 орчим тэрбум төгрөг зээлж, Хүний хөгжил сангийн 330 мянган төгрөгийг өгч байсан аж.

 

Оны сүүлээр Монголбанк энэ мөнгийг Хүний хөгжлийн сангаас шууд суутган авах учиртай гэнэ. Тиймээс үлдээд буй хөрөнгийн эх үүсвэрийг олж Монголбанкнаас зээлсэн мөнгийг төлөх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг гүйцээн олгох мөнгөний эх үүсвэрийг шинэ оны өмнө шийдэх зорилгоор шинэчлэлийн Засгийн газар эдгээрт зориулж бонд гаргахаар болсон нь энэ гэнэ.
Үүнийг ч байнгын хорооны гишүүд дэмжиж, бонд гаргах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн юм. Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгохын тулд бонд гарахаар болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настангуудад нэг сая төгрөгийг олгоход өнгөрсөн жилийн төсөвт 320 гаруй тэрбум төгрөгийг суулгаж баталсан. Гэхдээ энэ мөнгөний зарим хэсэг нь Хүний хөгжил сангаар бүрдэнэ. Гэвч дийлэнх хэсэг нь бүрдэх боломжгүй байгаа. Тиймээс бонд гаргахаар хэлэлцэж эхлээд байна. Өмнөх Засгийн газар Хүний хөгжил сангаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгө олгохдоо Монголбанкнаас 300 гаруй тэрбумын зээл авсан юм билээ.

 

Оны эцэст энэ зээлийг төлөх учиртай. Зээлээ төлье гэхээр Хүний хөгжил сангийн хуульд зээл төлнө гэсэн заалт байхгүй байгаа юм. Тиймээс энэ заалтыг нэмэхгүй болохоор зээлийг нь төлөх бололцоогүй болчихоод байгаа юм. Ийм хоёр үндэслэлээр Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөлд орсон.

-Үлдэгдэл мөнгийг өгч дуусахад хичнээн төгрөг шаардлагатай вэ?

-Хүний хөгжлийн сангаас олгож байсан мөнгөний үлдэгдлийг санхүүжүүлэхэд 336.5 тэрбум төгрөг дутаж байгаа. Үүний 23.4 тэрбум төгрөгийг оны эхний үлдэгдлээр санхүүжүүлэхээр болсон. Харин үлдсэн 313.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэх юм.

-Хуульд зээлийг төлж болно гэсэн өөрчлөлт оруулснаар бонд гаргаж, цаашлаад үлдэгдэл мөнгийг олгох эрх зүйн үндэслэл бүрдэх нь гэж ойлгож болох уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадуудад олгож байсан 330 мянган төгрөгийн зээлийг нь төлөх юм. Мөн эдгээр иргэнд өгөх үлдэгдэл мөнгийг олгохын тулд бонд гаргаж байгаа. Энэ хоёрыг ч мөн тусгаж байгаа юм. Мөн Хүний хөгжлийн сангийн төсвийн алдагдлыг Засгийн газрын бонд, зээл, өрийн бичиг гарган санхүүжүүлэх, үндсэн болон хүүгийн төлбөрийг Хүний хөгжил сангаас төлдөг байх эрх зүйн боломжийг бүрдүүлэх зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан.

 

Хууль болон тогтоолын төсөл батлагдсанаар иргэдэд хишиг хувь олгох арга хэмжээг тухайн жилийн төсөвт багтаан шийдвэрлэх, сан болон нэгдсэн төсвийн хооронд өр, авлага үүсэхгүй байх боломж бүрдэнэ.

-Зээлийн хүү хэдэн хувь байх бол?

-Зээлийн хүүний хувьд бид санал болгоно. Өмнө нь гаргасан Засгийн газрын бондын хүүгийн дундаж үзүүлэлт жилийн 10-11 хувийн хүүтэй байгаа. Тэр түвшинд борлогдох байх гэсэн байр суурьтай байна.

-Хэрэв бонд гаргачихвал үлдэгдэл мөнгийг энэ ондоо багтаан өгөх боломжтой гэсэн үг үү?

-Бонд гарчихвал өгнө. Гаргаж чадахгүй бол өгөхгүй болоод байгаа юм.
Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих