Хойноос ирээд хот манайх буюу “Монос”-ыг тойрсон маргаанд хэн ялах вэ
Олгой хагаравч тогоoн дотроо гэдэг сайхан үг бий. Одоогийн залуус энэ үгийг амьдрал дээр хэрэгжүүлж чадаггүй юм аа гэхэд М.Амбага, Л.Хүрэлбаатардоктор нарын насны хүмүүс бодитоор харуулж чадсан бол аштай юу.
Тэдний хэрүүл тогоон дотроосоо аль хэдийнэ халиад “Монос” группийг тойрсон маргаанд хэн ялах вэ гэдэг асуултыг нийгэмд бий болгоод байна.
Салимон, Нефромон эмийг бүтээгчийн оюуны өмчийн маргааны асуудал энд яригдаж байгаа ч эм, эмийн бүтээгдэхүүнээрээ монголчууддаа хэдийнэ танил, дотно болсон “Монос” группийн нэр хүндтэй холбоотой асуудал иргэдийг талцуулахад хүргээд байгаа юм . Яагаад гэвэл хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн найдвартай түнш нь “Монос”. Харин М.Амбага докторыг мэргэжил нэгтнүүд нь таних хэдий ч нийгэм тэр аяараа мэдэхгүй шүү дээ.
“Монос” монголчуудын итгэлийн нэгэнт олсон болохоор М.Амбага гэдэг үл таних докторын хэрүүлээс илүүтэй “Монос” руу хүмүүс анхаарлаа хандуулчихаад байгаа аж. Өөрөөр хэлбэл “Монос”-ыг тойрсон маргаанд хэн ялах вэ гэдэг яриа иргэдийн дунд газар авч, бооцоо тавих дээрээ тулаад байгаа нь нууц биш.
Тэгвэл М.Амбага хэвлэлээр хэрүүл хийн байж “Салимон”-ыг үйлдвэрлэдэг баатар болсон чинь өдгөө түүний хийсэн “Салимон”-оос Баянгол дүүргийн иргэн Б. Оюунтуяа хордчихлоо. Муу үг модон улаатай гэгчээр хамтын бүтээлээ минийх, ганцхан би л энэ эрхийг авах ёстой хэмээн цээжээ дэлдээд байсан М.Амбага докторын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ийнхүү долоо ч хоногийн нүүр үзэлгүй бусдад эм биш хор болчихов.
Үнэхээр л М.Амбага доктор эдгээр эмийг өөрөө бүтээсэн нь үнэн юм бол үйлдвэрлэхдээ ч “но” гаргах ёсгүй биз дээ. Түүний үйлдвэрлэсэн эмнээс хүн хордсоныг бодоход М.Амбага докторын ам, ажил хоёр алд дэлэм зөрдөг бололтой. Хүнд эм биш хор үйлдвэрлэж өгснийг бодоход тэрбээр Салимоны жинхэнэ зохиогч мөн гэж үү. Эргэлзээтэй л байна.
Нөгөөтэйгүүр сайн яваа нэгэндээ атаархдаг муухай зан монголчууд бидэнд ноёлчихоод байгаа нь сүүлийн үед анзаарагдах боллоо.
“Монос” өдрөөс өдөрт өсч дэвжээд байгаа нь дотор нь ажиллаж байсан М.Амбага докторын шуналыг хөдөлгөсөн байхыг үгүйсгэхгүй. Салимон, Нефромон бүтээгдэхүүн хамтын бүтээл ч гэлээ өөрийнхөө нэр дээр л болгочихвол баяжчих юм шиг сэтгэгдэл төрүүлсэн байж болно шүү дээ.
Өдгөө хувь эзэмшигч, хамтран ажиллагсад компани, оюуны өмчөө булаалдах асуудал ганц Салимон, Нефромон дээр харагдаж байгаа юм биш. Иймэрхүү асуудал Монголын бүх салбар, хамтран ажиллагсад, найз нөхдийн дунд нэлээд гарах болсон нь цаг үе, нийгэм, хүмүүсийн боловсрол, мэдлэг өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаатай холбоотой болов уу.
Гэхдээ удирдаж чадахгүй бол удирдуулж сур гэдэг оновчтой үг байдгийг мартаж болохгүй. М.Амбага доктор “Монос” шиг эмийн мундаг үйлдвэр байгуулаад явбал явахаар хугацаа өнгөрсөн. Харин тэрбээр чадаагүй. Чадаагүй хэрнээ унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр нийгэмд янз бүрийн ойлголт төрүүлж байгаа нь М.Амбага докторын хувийн араншин биз ээ.
Тэгээд бүр хойноос ирээд хот манайх гэгчээр цагтаа андаа хэмээж байгаад амьдралдаа чамгүй туслалцаа авч явсан Л.Хүрэлбаатарыгаа өдгөө элдэв муйхар аргаар унагах гэж оролдож байгаа нь монгол хүний өнөөх муухай зан л гэж ойлгогдож байна. Юутай ч элдэв үг нуршилгүй Салимон, Нефромоныг тойрсон маргаан хэвлэлд хэрхэн бичигдсэнийг нэгтгэн, товчлон хүргэхээр шийдлээ.
М.Амбага: “Монос”-т худалдаалдаг “Салимон” дахин хэрэглэгдэхгүй
Монголчууд дархлаа сайжруулахад сайн хэмээн хэрэглэдэг ургамлын гаралтай “Салимон”, мөн бөөрний өвчлөлийг анагаах “Нефромон” эмийг зохиогчийнх нь нэр дээр шилжүүлж байгаа ажээ. Энэ талаар тус эмийн зохиогч Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор М.Амбагатай ярилцлаа.
-Энэ хоёр эмийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Дархлаа дутагдах гэдэг том өвчин. Сүүлийн 50-иад жил олон эрдэмтэд ургамлын гаралтай дархлааны эм бүтээх гэж үзсэн. Хоёр л эм бий болсноос “Иммунал”, “Салимон” хоёр. “Салимон”-ыг монголчууд сүүлийн арван жил ихээр хэрэглэдэг болсон. Харин “Нефромон” бол бөөрний өвчний үед уух эм. Би энэ эмийг эгэл ардын аман яриа, туршлага дундаас л олж авсан.
1993 онд Дундговийн Өлзийт сумаас “Манай нутагт сонирхолтой эм байна. Судалж өгөөч” гэсэн. Тэр ургамал бөөрөнд их сайн юм билээ. Үүнийг ашиглаад эм хийж, эхний 5, 6 жил амьтан дээр туршилт хийсний дараа нэвтрүүлсэн. Манай улсад сүүлийн жилүүдэд бөөрний өвчин нэмэгдэж байгаа. Ер нь одоо байгаа эмнүүдийг хараад байхад заавал өвчнийг хүнд үед орсон тохиолдолд уух зориулалттай байх шиг. Тиймээс өвчний хөнгөн үед уух бөөрний эм хийхээр “Нефромон”-ыг гаргасан. Хамгийн гол нь химийн бус ургамлын гаралтай эмээр бөөрний өвчлөлийг арилгахаар энэ эмийг бүтээсэн л дээ.
-“Салимон”, “Нефромон” эмийг та өөрийн нэр дээр шилжүүлж байгаа юм байна. Ингэснээр хэрэглэгчдэд илүү ойртох байх?
-Салимон эм өөрийн зохиогчийнхоо нэр дээр очсоноор хэрэглэгчидтэй харилцаа холбоотой болох сайн талтай гэсэн үг. Энэ эмтэй холбоотой ямар нэг гаж нөлөө байх юм бол шууд надтай холбогдон зөвлөгөө авах боломжтой болж байгаа юм. Өмнө нь бид эм үйлдвэрлэдэг, тэрийгээ хаана яаж үйлдвэрлэж байгааг мэддэггүй байсан. Эргээд хэрэглэгчид тухайн эмний зохиогчтой уулзаж чаддаггүй. Тэгэхээр хэрэглэгчидтэй эмийнхээ талаар санал зөвлөмж авч илүү ойр болж байгаа.
-Дэлхийн зах зээлд нэвтрүүлэх боломж бий юу?
-Ямар ч байсан эхлээд монгол хүмүүстээ хэрхэн тохирч байгааг үзэх ёстой. Монголчуудаа зөв зохистой хэрэглэдэг болгоод сургах хэрэгтэй. Ер нь дэлхийн эмийн практикт эм нэвтрүүлнэ гэдэг маш нарийн байдаг. Ямар байсан өөрийн орондоо нэвтрүүлж хэрэглэгчдээс заавар зөвлөгөө авч туршлагажсаны дараа дэлхийд нэвтрүүлсэн нь дээр.
-Та дээрх эмнүүдийг өөрийн нэр дээр авч гаргавал “Монос” гэх зэрэг газруудад худалдаалагддаг “Салимон” хураагдах уу?
-Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өмнө нь байсан, “Монос” тэргүүтэй газар худалдаалагддаг “Салимон” бол миний л зохиосон эм. Харин одооноос эхлээд энэ эмээ өөрийн нэр дээр болгож худалдаалж байгаа юм. 2011 оны наймдугаар сарын 17-нд “Салимон”, “Нефромон” хоёр эмийг үйлдвэрлэх худалдаалах эрх М.Амбага, Б.Саранцэцэг гэдэг хоёр хүний нэр дээр ирсэн. Бидний гаргаж буй “Салимон” маргаашнаас эхлээд гарна. Ингэснээр өөр газарт үйлдвэрлэсэн “Салимон”-ыг хэрэглэхгүй гэсэн үг.
-Тэгвэл өмнө нь байсан “Салимон”-оос онцлогтой, шинэчлэгдэн гарч байгаа гэж ойлгож болох уу?
-Миний нэр дээр л ирж дахин гарч байгаагаас биш өөрчлөгдсөн зүйл ер нь байхгүй.
-Эмийн ургамалтай холбогдоод байгалийн нөхөн сэргээлтийн асуудал хөндөгддөг?
-Тийм. Тэгэхээр энэ эм зохиогчийн нэр дээр ирснээр нөхөн сэргээлтэд бүр илүү санаа тавих боломж бүрдэж байна. Байгалийн нөхөн сэргээлтийг заавал явуулах ёстой. Нэг ургамал түүгээд хоёрыг тарих зарчмаар нөөцийг хамгаална. Тухайн эмийн зохиогчоос өөр хэн ч тухайн бүтээсэн зүйлд бүрэн санаа тавьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр би өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар ургамлын нөхөн сэргээлтэд санаа тавьж давхар хөндөгдөх асуудлыг хянах болно.
-“Салимон”-ы хувьд бусад дархлаа сэргээх гадны эмнүүдээс сайн байж чадах уу?
-Ер нь дархлаа сэргээх эм дундаас хүлээн зөвшөөрөгддөг “Иммунал”, хүн орхоодойтой эм гэж байдаг. Миний хувьд “Салимон”-ыг “Иммунал”-тай харьцуулж үзсэн. Нийлүүлж бас туршилт хийдэг. Зарим хүмүүс энэ хоёр эмийг давхар хэрэглэвэл илүү сайн биш үү гэж асуудаг. Гэхдээ энэ хоёрын нэгийг л хэрэглэх нь чухал. Хамт хэрэглээд тодорхой үр дүн гарахгүй. Ямар ч байсан “Иммунал”-аас сайн гэж үздэг.
Монос Фарм ХХК-ийн Гүйцэтгэх
захирал И.БАЛЖИННЯМ: ТЭР ХҮН ХАМТ ОЛНЫ ӨӨДӨӨС ШОРОО ЦАЦАХ УЧИРГҮЙ
-Нөгөө дархлаа сайжруулдаг Салимоныг гаргаж авдаг Загасгалаа тарималжуулж байгаа юу?
-Загасгал гэдэг бутлаг ургамал бол манай говь нутагт цөөхөн газар багахан хэмжээтэй ургадаг. 3 жил дараалан олон экспедиц гаргаж нөөцийг нь судлалаа. Ботаникийн хүрээлэнтэй хамтарч хийсэн юм. Бүх зардлыг нь Монос гаргасан. Тухайн газрын онцлог ус чийгнээс эхлүүлээд тун өвөрмөц нөхцөл шаарддаг ургамал юм. Янз бүрийн аргаар тарималжуулах гэж оролдлоо. ХАА-н их сургууль, Биотехнологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй эсийн өсгөврийн аргаар тарих гэж оролдлоо. Тун бүтэл муутай байна. Манай эрдэмтэд цөхрөлтгүй судалж, туршиж байгаа. Үр дүнд хүрнэ гэж л бодож байна.
-Нэг зүйлийг сонирхмоор байна. Танайд ажиллаж байсан М.Амбага доктор хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдэд сүүлийн үед ярилцлага өгөхдөө их л таарамж муутай “Одоо бол Моносын Салимон хэрэглэгдэхгүй”, “Моносын Салимон гэж байгаа зүйл чинь М.Амбага, Б.Саранцэцэг гэсэн докторуудынх” гэж бичээд байх боллоо. Юу гэж байгаа нь энэ бэ?
-Манай Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар саяхан Солонгос, Тайланд явж биотехнологийн олон улсын хуралд оролцож эллипин бэлдмэлийг 3 төрлийн хорт хавдрын шугаман эс болон эсийн өсгөвөр дээр туршсан дүнгээр илтгэл тавиад ирлээ. Гадаадын эрдэмтэд, бас хурал зохион байгуулагчдаас маш өндөр үнэлгээ авсан. Гэтэл явсан хойгуур нь ийм юм боллоо.
Доктор М.Амбага ямар ч их зав мөнгөтэй юм, хэвлэл, телевиз, интернэт, хэвлэлийн бага хурал гээд бужигнуулж өглөө. Манайхан ч хариу мэдэгдэл гаргасан. Ийм юм болж байгаад бид дэмий л харамсахаас өөр юм хийж чадахгүй байна. Доктор М.Амбага, доктор Б.Саранцэцэг хоёр чинь нэг гэр бүлийн эрдэмтэд. Манай Ерөнхийлөгч чинь хүнтэй их эвсэг, олон сайхан эрдэмтэд, багш, жирийн хүмүүстэй хамтарч ажилладаг хүн л дээ.
Тэдгээр эрдэмтдийн нэг бол Амбага доктор. Ерөнхийлөгч маань М.Амбага, Б.Саранцэцэг хоёрыг сайн эмч багш, эрдэмтэд гэдгээр нь дотор сэтгэлдээ хүндэтгэж явдаг юм билээ.
1996 онд Л.Хүрэлбаатар Ерөнхийлөгч маань гудамжинд явж байгаад Амбага доктортой таарчихсан гэдэг. Тэгэхэд М.Амбага доктор ардын эмнэлэгийн хүрээлэнгээс халагдчихлаа гээд нэлээд гундуухан явсан гэдэг юм.
Ерөнхийлөгч маань сэтгэл засах үг хэлээд манай компанид очоод ажиллачих. Би Моносынхоо зохион бүтээх төвийг эрдэм шинжилгээний төв болгох гэж байгаа. Хамтарч ажиллая гэсэн мань хүн дуртай зөвшөөрч манайд ирсэн юм билээ. Тэгээд эрдэм шинжилгээний төвийн захирал, зөвлөх, Монос дээд сургуулийн захирал зэрэг албыг 10 гаруй жил хашсан л даа. Манайд ирснийхээ дараахан бас л “Эхнэрийг маань ардын эмнэлгийн хүрээлэнгийнхэн гадуурхаад байна” гэхэд нь нь Л.Хүрэлбаатар ерөнхийлөгч санаа зоволтгүй ээ, манайд аваад ир гэснээр эхнэрээ лаборанттай нь авчирсан, бүгд Моносоос цалинжиж байсан.
Амбага докторт хуучин ажиллаж байсан газрын цалингаас нэлээд дээгүүр цалин тогтоож чадлаараа л хандсан байх. Харин 1998-2000 оны хооронд Анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байхад нь зөвлөх гээд ажил хавсруулж анагаах ухааны хүрээлэнд авч байсан цалингийн нь 40%-иар цалин өгч байсан. Түүнийгээ л “би бага цалин авч байсан” гэж хүн болгонд яриад, бичээд явдаг болов уу.
2009 онд тооцоо хийж үзэхэд эхнэр, хамаатнуудынхаа хамт Моносоос 146,6 сая төгрөгийн цалин авсан байдаг юм.“Аргагүй” гээд ирэхээр нь ерөнхийлөгч маань 30,6 сая төгрөг урьдчилаад олгож л байсан.
Хүн сэхээд ирэхээрээ хүний ач тусыг мартах юм даа. Манайд ирэхдээ 2 өрөө байртай л хүмүүс байсан байх. Одоо бол жиптэй бол жиптэй, Туулын хөвөөнд 2 давхар байшинд орчихсон, бараг тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө бүхий дээд сурууль, эмнэлэгтэй, 2-3 компанитай амьдрал нь дэвжиж дээшилсэн л дээ. Энэ бүхэн бол тэр 2 эрдэмтний оюуны их хөдөлмөрийн үр шим гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ Монос групп манай хамт олны ачлал хайрыг мартмааргүй л юм даа.
-Салимон, Нефромон, зэрэг эмийг эхнэр бид хоёрын бүтээл л гэсэн байна билээ?
-Үнэн юмыг хичнээн харлуулах гээд хар болчихдоггүй юм л даа. Монгол Улсын шинэ бүтээлийн патент олгосон хувь энэ байна.
“М.Амбага, Л.Хүрэлбаатар, И.Цацрал, С.Нарантуяа, Б.Саранцэцэгт энэхүү патент олгов” гээд хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гарын үсгээ зурсан байгаа.
Патентанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 20 жил хүчинтэй гээд заачихсан бий. 2006 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, доктор М.Амбага хоёрт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсэн.
Тэр зарлигт “Эм зүйн ухааны салбарт эх орны ургамал амьтны гаралтай, түүхий эдээс гарган авсан Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэлүүд бүтээлийн хамтын зохиогч доктор, профессор Лувсангийн Хүрэлбаатар, доктор, профессор Миеэгомбын Амбага нарт” гэж тэмдэглэсэн.
Гэтэл Амбага доктор өнөөдөр энэ эмнүүдийг чинь эхнэр бид хоёр бүтээсэн юм гэж шуугиан тариад гүжирдээд байх хэрэг байна уу. Бүр манайд ирэхээсээ өмнө бүтээсэн гээд. Тэр нь Салорид гэдэг шахмал эм юм. Манайхны хамтарч хийсэн эм огт өөр спиртэн ханд. Бүх судалгаа шинжилгээ шинээр хийгдсэн. Энэ талаар Амбага, Саранцэцэг хоёртой 11 эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл хамтарч нийтлүүлсэн ерөнхийлөгч маань гэрчлэх байх. 1998 оноос хойш шүү. Бид тэвчээртэй хүлээсэн. Л.Хүрэлбаатар ерөнхийлөгч маань “эр улс шиг эвлэрье, юу нь болохгүй байна, яриад шийдье” гэж олон удаа санал тавьсан юм билээ. Огт хэрэгсэхгүй улам л мугуйдаж зүтгээд байх юм. Ер нь яривал их юм бий. Олон гэрээ бичгийг хууль зөрчиж засварласан, ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж зурсан гээд ярих хэрэгцээ гарвал манайхан ярих л байх. Гол нь арван хэдэн жил гэдэг бол бага хугацаа биш. Хамтарч сайн сайхан явсан хүмүүс. Нас, хугацаа хоёр байна. Дахин маргалгүй эвтэй найртай явах юмсан гэж манай “Монос” группийн ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн шагналт, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар уужуу тайван сэтгэлээр хандаж байна билээ.
Доктор М.Амбагын дуурайлган хийсэн “Салимон”оос хордлого авсан гэв
Дархлаа сэргээх бэлдмэл “Салимон” хэрэглээд хордсон гэх эмэгтэй бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрээр улсын их дэлгүүрийн баруун талын ”Тавин-Ус” эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн гэнэ. Энэ талаар Баянгол дүүргийн иргэн Б. Оюунтуяатай ярилцлаа.
- Таны талаар дархлаа сэргээх бэлдмэл болох “Салимон”-оос хордлого авлаа гэж сонслоо. Энэ талаар тодруулах гэсэн юм?.
-Тийм ээ. Хордлого аваад бие эвгүйрхээд хэцүү байна. Хөлөө эвгүй болгочихоод бас дээрээс нь дархлаа сулраад байсан юм. Тэгээд хүний дархлааг сайжруулдаг бэлдмэл болох “Салимон” –ыг энэ сарын 4-д авч уусан юм. Гэртээ очоод уугаад удаагүй байтал бие сонин болоод нүд хорсоод байсан юм. Гадуур явсан болохоор тэгж байгаа юм байх гэж бодоод эхлээд тоохгүй байсан. Гэтэл удалгүй гэдэс эвгүйрхээд эхэлсэн. Өдөр нь гэдэс өвдөхөөр хүнсний бүтээгдэхүүн огт идээгүй болохоор гайхаад байсан. өөр зүйлээс болсон юм болов уу гэж бодоод өдөрт гурван удаа уух ёстой гээхэр нь дахиад “Салимон” уусан. Уугаад хоёр цаг болоогүй дахиад л гэдэс эвгүйрхээд нүд хорсоод шингэн алдаад эхэлсэн. Ингээд л “Салимон”-оос хордоод байгаагаа мэдсэн. Шөнөжин гүйлгэж хоноод маргааш өглөө нь танил эмнэлэгтээ очиж үзүүлсэн юм. Шинжилгээний хариугаар эмийн төрлийн зүйлээс хордсон болох нь тогтоогдсон. Одоо бүр нарийвчилсан шинжилгээ өгөх гэж байна.
- Ямар учраас “Салимон” –оос хордсон юм бол. “Салимон” авсан газраа очиж хэлсэн үү?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Өмнө нь ямар нэгэн эмийн харшил багаагүй. “Салимон” чинь дархлаа сайжруулах бэлдмэл гэсэн. Ямар нэгэн сөрөг нөлөө байдгийг хэлж мэдэхгүй юм. Энэ талаар асуух гээд эм худалдаж авсан газраа очлоо. Учир байдлаа хэлтэл өмнөөс загнаад байх юм. Үйлчилгээний байгууллага тэгж болохгүй биз дээ. Эмийн санч нь ямар ч мэдлэггүй хүн байх шиг байсан. Ер нь эмийн сангийн эм зүйч нар үйлчлүүлэгч нартаа эмийн сөрөг нөлөөний талаар огт анхааруулга өгөхгүй. Худалдаалж буй эмийнхээ сөрөг нөлөөг огт мэдэхгүй хүмүүс л зогсож байна. Ямарч байсан “Салимон” –оос хордлого авсан гэдэг нь тодорхой байна. Гэтэл эмийн санч дахиад хэрэглээд үз гээд байх юм.
- Хуурамч бэлдмэл байсан юм биш байгаа?
- Миний уусан бэлдмэл дороо тундас үүсчихсэн байх шиг байсан. Тэрнээс болсон юм болов уу. Миний “Салимон” худалдаж авсан газар “Таван- Ус” эмийн сан байсан. Эмийн санчийн хэлж байгаагаар албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Салимон” борлуулж байгаа гэсэн.
- Биеийн байдал хүнд байгаа гэлээ. Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ. Эмийн үйлдвэрийнхэнд энэ тухайгаа хэлсэн биз дээ?
- Хордлого тайлуулах эмчилгээ хийлгэж байна. Бие зүгээр болохоор ар гэрийнхэнтэйгээ бэлдмэл үйлдвэрлэсэн газруудын эзэдтэй уулзана.
М.Амбага докторулсын өмчид халдав
Salsola Laricifolia буюу Шинэсэрхүү бударгана хэмээх ургамлыг олон зуун жилийн турш Монголын уламжлалт анагаах ухаан болонТүвдийнанагаах ухаанд хэрэглэсээр ирсэн бол нутгийн ард иргэд Загасгал хэмээн хэлж заншин эрт цагаас хэрэглэсээр ирсэн ажээ. Бүр 1965 онд Ц.Хайдав, Оросын эрдэмтэн Закривидорога нар судалгаа хийж энэ ургамлын үндэсний ханд нь биеийн тураалын явцыг саатуулж, амьдрах чадварыг уртасган, хоногийн жингийн алдагдлыг бууруулж улмаар биеийн жинг ялимгүй бага зэрэг нэмэгдүүлэх мөртөө хоногт нэмэгдэх биеийн жинг илэрхий өсгөх, шээлгэх үйлдэлтэйгээс гадна биед гаж нөлөө үзүүлдэггүй, хоруу чанаргүй болохыг туршилтаар тогтоожээ. Тиймээс ч энэхүү ургамлаар эм хийх санааг Монгол уламжлалт анагаах ухааны тэргүүлэх эрдэмтэн академич, доктор Ц.Хайдав гуай анх гаргасан байдаг . Гэтэл доктор Миеэгомбын Амбага энэ санааг өөрөө гаргасан мэтээр ярьж, Ц.Хайдав гуайн санааг хулгайлснаа булзааруулах гэж 1992-1993 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Лувсандаш, Дундговь аймгийн Өлзийт сумын Бариад гуайтай уулзаж аман яриагаар мэдээлэл авсан хэмээн өдөр тутмын томоохон сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан нь инээдтэйбайна. Яагаад гэвэл говийн аймгуудаар явбал энэ ургамлаар цай чанаж уудаг, ардын эмчилгээнд хэрэглэдэг нутгийн иргэд хэдэн зуу, мянгаараа олдоно гэнэ.
Улмаар Ардын Эмнэлгийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан доктор Б. Дагвацэрэн гуайн удирдлаган дор энэ төсөл хэрэгжиж М.Амбага, Т.С.Варламова, А.Алтанцэцэг, З.Оюун, Г.Пүрэвсүрэн, Г.Наранцэцэг, М.Сугармаа, Ж.Алдармаа, Д.Баяндорж, Д.Чимгээ зэрэг олон эрдэмтэд, судлаачид ажилласан төдийгүй энэхүү ажилд Химийн Хүрээлэнгийн доктор С.Нарантуяа, Мал эмнэлгийн Хүрээлэнгийн Эм хор судлалын тасаг, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эм судлалын тэнхимийн олон эрдэмтэн судлаачид туслан Шинэсэрхүү бударганаас Салорид нэртэй эмийг бүтээсэн түүхтэй юм байна.
Энэ эмийг бий болгоход улсаас нийтдээ 700 мянган төгрөгийн төсөв гарсан ба тухайн үеийн дээд боловсролтой 1 хүний цалин 625-850 төгрөг, дунджаар 700 төгрөг гэж үзвэл 700 мянган төгрөг нь 1000 хүний сарын цалин болох юм.
Тэгэхээр тухайн эм нь улсын ийм их мөнгө, туршилтын амьтан, материал, багаж, улсын сургууль, хүрээлэнгүүдэд ажиллаж байсан олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн болохоор улсын өмч, тодруулбал Ардын Эмнэлгийн Хүрээлэнгийн өмч болж байгаа юм. Гэтэл Амбага эдгээрийг үгүйсгэн миний бүтээл гэж ярьж явах нь дэндүү шударга бус зүйл болж байна. Энэ эмийг бүтээлцэж явсан олон хүн өдгөө амьд сэрүүн байтал ингэж авиргүй аашилна гэдэг байж боломжгүй.
Сэтгүүлч миний гэнэхэн бодлоор Салорид нь шахмал эмийн хэлбэртэй тул хэрэглэхэд эвтэйхэн, хялбархан, усаар даруулаад уучихдаг, авч явахад авсаархан, хадгалах хугацаа удаантай Стандарт нь ч аль 1997 онд батлагдсан байдаг. Тиймээс Салорид эмийг цаашид үйлдвэрлэлд оруулах нь улсад ч, ардын эмнэлэгийн хүрээлэн ч, ард түмэнд ч ашигтай, үр өгөөжтэй зүйл болно.
Гэвч тийм сайн санаатай үйлдвэр компани олдвол эрхэм Амбага гуай би санааг нь гаргасан, стандарт, эм үйлдвэрлэх технологийн зааврыг боловсруулан батлуулсан хэмээн гөрдөж улсын өмч болох Салоридыг бас өөрийн болгож Уламжлалт анагаах ухаан үйлдвэрлэлийн корпорацийн (хуучин нэрээр ардын эмнэлгийн хүрээлэнгийн) ашиг хүртэх эрхийг нь булаах бий гэж болгоомжилном.
Салорид эм 1997 онд стандарт нь батлагдсан ч клиник туршилт хийгдээгүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй шахмал эм ажээ. Харин Салимон бол ОХУ-ын Санкт Петрбургийн хор судлалын институт, БНСУ-ын Чунбукийн их сургуулийн эм зүйн сургууль, Монос эрдэм шинжилгээний төв (хуучин нэр нь одоо бол Эм судлалын хүрээлэн) зэрэгт 1998-2002 онд судлагдсан, Хавдар судлалын клиникт клиник туршилт хүмүүс дээр туршсан, хийгдсэн, үйлчлэгч бодисыг нь тусгай аргаар хандалсан шингэн ханд хэлбэртэй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн тэс өөр эм юм байна.
“Монс фарм”ХХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдэгдэлд доктор М.Амбага хэвлэлээр дамжуулан 7 зүйл бүхий тайлбарыг өгчээ. Энэхүү асуудал нь хуулийн хүрээнд эцэслэн шийдэгдэх тул хэрэглэгч, уншигчдаа хүндэтгэн баримтыг үндэслэн олон зүйл нуршилгүйгээр товч хариултыг өгч байна.
1. М. Амбагын өгсөн тайлбараар “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн 6.7-д “….Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдэгийг ижил, бараа үйлчилгээгээр ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана…” гэсэн хуулийн заалтын дагуу биш уг заалтыг зөрчин олгогдсон байна. Учир нь хуулийн заалтанд “…. ижил барааны тэмдэгийг ижил, бараа үйлчилгээнд ашиглаж байгаа бол….” хэмээн маш тодорхой заасан байна. Гэтэл барааны тэмдэг авахаар мэдүүлэг гаргах тухайн цаг үед М.Амбага доктор нэг ширхэг ч бараа үйлдвэрлээгүй, худалдаа үйлчилгээ явуулаагүй байсан ба барааны тэмдэг олгосон нь хууль зөрчсөн үйлдэл юм.
2. М.Амбага нь 1997 онд тус компанийн ЭШТ-д ороод өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн боловч 2009 оны 11-р сарыг хүртэл ЭШТ-ийн зөвлөхөөр хавсран ажилласаар байсан ба хуулийн дагуу хавсран гүйцэтгэсэн ажлын цалингаа авсаар байжээ. Ажлаас чөлөөлөгдөхдөө захирлын албан тушаалаа өөрийн эхнэр Б.Саранцэцэгт хүлээлгэн өгсөн юм.
3. М.Амбага нь Шинжлэх Ухаан Технологийн Санд 002770022 гэсэн улсын дугаараар хадгалагдаж байгаа “Салорид” эмийг “Салимон” эмтэй хольж хутган будилсан байна. Салорид эм нь хэлбэрийн хувьд шахмал эм юм. Уг эмийг бүтээх ажлын төслийн удирдагч нь академич Б.Дагвацэрэн байсан ба тухайн үед Ардын эмнэлгийн хүрээлэнд ажиллаж байсан олон эрдэмтэд оролцсон хамтын бүтээл билээ. Бид Салорид биш зөвхөн Салимон эмийн талаар ярьж байгааг сануулъя.
4. Хэвлэлийн бага хурал дээр хуулийн зөвлөх Д.Ганзориг Монгол улсын Тэргүүн шадар сайдын /хуучнаар/2011 оны 61 тоот тушаалын М.Амбага, Б.Саранцэцэг нарт холбогдох хэсэг, уг тушаалыг үндэслэн хууль зөрчин тэдгээрт олгогдсон 9164, 9165 тоот Барааны тэмдэгийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байгаа тухай тайлбарласныг ташаа ойлгожээ.
5. Барааны тэмдгийн гэрчилгээг хуулийн цоорхойг ашиглаж биш хууль зөрчин Оюуны өмчийн газрын шинжээч дүгнэлт тайланг гаргасан байна. Тухайн тайлан дүгнэлтийг үндэслэн Шадар сайд хуулийн дагуу гарын үсэг зурж барааны тэмдэгийн гэрчилгээ олгодог. “Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай” хуулийн 3-р зүйл 3.1.1-д “Барааны тэмдэг” гэж иргэн хуулийн этгээд өөрийн бараа үйлчилгээг бусад этгээдийн бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлнэ хэмээн утгыг нь тодорхойлсон байна. Тус хуулийн 5-р зүйл дараах барааны тэмдэгийг бүртгэхгүй гээд 5.2.9-д “Монгол улсад нийтэд түгээмэл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх , аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр байвал” хэмээн тодорхой заасныг зөрчсөн хууль бус үйлдэл тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байна.
6. Стандартыг шинэчлэхдээ хууль зөрчин судалгааны дүнг өөрчилж фенолт нэгдлээр сольсон гэж андуурчээ. “Стандарт” гэж бүтээгдэхүүний үзүүлэлт , шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичгийг хэлдэг бөгөөд бид зөвхөн стандартад өөрчлөлт оруулсан. Тэгээд ч дөрөвдүгээр үе шатанд гол үйлчлэгч бодис нь кумарин , полифенолт нэгдэл болохыг нотолжээ. Монгол улсад маш олон эрдэмтдийн бүтээл хөрөнгө мөнгө, менежмент, маркетингийн шийдлүүд дутсанаас эцсийн бүтээгдэхүүн болж чадалгүй үеэ өнгөрөөж байгаа билээ. Тухайлбал: Салорид эм байна.
7. Патентийн тухай хуулийн 3-р зүйл 3.1.6-д “Зохиогч ”гэж оюуны бүтээлж үйл ажиллагаагаар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиосон хувь хүнийг: 3.1.1 “Шинэ бүтээл гэж ” байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлож, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг хэлнэ хэмээн ойлгохоор заасан байна.
Хуулийн 4.2-д техникийн тухай үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнийг “шинэ” гэж үзнэ гэсэн нь манай “Монос фарм”ХХК-ийн ЭШТөв дээр судалсан үйлдвэрлэлийн технологийн заавар , стандартыг боловсруулан батлуулж үйлдвэрлэн хэрэглэгчдээ брэнд бүтээгдэхүүн болгосон юм.
М.Амбага нь 2009 онд Ноогдол ашиг болох 30.6 сая төгрөг авсанаа аваагүй мэтээр бичиж байгаа нь эрдэмтэн хүний хувьд ёс зүйгүй асуудал юм.
http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=7135
URL: