“МОНПОЛИМЕТ” ХХК

“Монполимет” ХХК нь 1992 онд байгуулагдсан, уул уурхайн салбарт ашигт малтмалын хайгуул, алтны олборлолт хийх, барилга байгууламжийн суурийн хөрсний физик, механикийн шинж чанарын судалгаа хийж дүгнэлт өгөх зэргээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Анх арав хүрэхгүй гишүүдтэй ажил хөдөлмөр, бизнесийн гараагаа эхэлж байсан энэ компани өнөөдөр дөрвөн охин компани, 350-иад ажлын байртай, Монгол улсын уул уурхайн тэргүүлэх компанийн нэг болтлоо хөгжин бэхжсэн байна. Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Уул уурхайн салбар
  • Барилга байгууламж
  • Худалдаа

Тус компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь уул уурхайн юм.

1996 оноос Төв аймгийн Заамар сумын нутагт орших Баянгол, Тосонгийн дэнжийн болон гольдролын шороон ордуудад олборлолтын ажил явуулж байна.

Уурхайн олборлолтын ажлыг Драг-алхагч эксковатор, эксковаторсамосвалын хосолмол аргаар явуулж байна. Ашиглалт явуулсан талбайнхаа 90 хувьд техникийн нөхөн сэргээлт, 50 хувьд биологийн нөхөн сэргээлтийг хийсэн.

Барилгын салбарт Монгол Улсын Засгийн Газрын “Дөчин мянган айлын орон сууц барих хөтөлбөр”-ийг дэмжиж Улаанбаатар хотын төвд 96 айлын тохилог орон сууцны цогцолборыг барьж 2006 онд ашиглалтанд өгсөн нь оны “Шилдэг барилга”-аар шалгарч байв. Мөн Санзайн аманд гэрэл, цахилгаан, усан хангамж, дэд бүтэц бүхий 20 айлын тохилог зуслан барьж ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн.

“Монполимет” ХХК нь ОХУ, АНУ, Япон, ХБНГУ, Индонези, БНХАУ зэрэг орнуудын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудтай өргөн цар хүрээтэй, харилцан ашигтай гадаад харилцааг явуулж хамтран ажиллладаг.

Компанийн удирдлагаас үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн зэвсэглэмж, техник тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологийг улам боловсронгуй болгох талаар цэгцтэй, дэс дараалалтай бодлого барин ажилласнаар өнөөдөр тус компани орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, уул уурхайн ямар ч ажлыг бие даан гүйцэтгэх чадвартай байгууллага болтлоо өргөжин бэхжсэн юм.

1999 он хүртэл усан буу, Краз тус компаний уулын ажлын гол техник байсан бол өнөөдөр усан дээр хөвөгч үйлдвэр ДРАГ, ЭШ-6/45, ЭШ-10/70 алхагч эксковарторууд, АНУ, Япон, ХБНГУ-ын пүүсүүдийн уул уурхайн өндөр хүчин чадалтай хүнд машин механизмууд бүхий орчин үеийн уурхай болон өргөжжээ.

“Монполимет” ХХК-ийн нийт ажиллагсдын наян хувь нь 35 хүртэлх насны залуучууд, хорин хувь нь их дээд сургууль төгссөн инженерүүд, гучин хувь нь дунд сургууль төгсөгчид, дөчин хувь нь тусгай дунд боловсролтой мэргэжилтнүүд байдаг.

Боловсон хүчнээ гадаад дотоодын их, дээд сургуулиудад захиалгаар сургах, их дээд сургууль төгсөгчдөөс сонгон шалгаруулж авах, шинэ залуу ажилчдыг ахмад туршлагатай мэргэжилтнүүдийг дагалдуулан сургахын зэрэгцээ ажилчдын хүүхдүүд сургууль төгсөж мэргэжил эзэмшин ирж ажилчдын залгамж чанар, залуу халааг бүрэлдүүлж байна.

“Монполимет” ХХК-ийн ажилчдын дунд Монгол Улсын “Тэргүүний уурхайчин” Г.Батмөнх, таван жилийн гавшгайч Ж.Лувсан, Монгол улсын Зөвлөх инженер Д.Баасандалай, МЗХ-ны “Тэргүүний ажилтан залуу” медальт Н.Жавхлант, Төв аймгийн “Хүндэт иргэн” Д.Цолмон нарын хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан хамт олноо манлайлан хошуучлагчид олон байдаг.

Булган аймгийн Дашинчилэн суманд бага сургууль байгуулж Төв аймгийн Заамар сумын 11 жилийн дунд сургуулийн хичээлийн болон дотуур байранд их засвар хийсэн. Нийслэлийн 98 дугаар сургуулийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан “Амьдрах ухаан” төслийг хэрэгжүүлсэн.

Төв аймгийн Заамар сумын төвийн иргэдийг ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулж уурын зуухыг нь засч өгсөн, Хоёрдугаар багийн Засаг даргын ажлын албанд автомашин, Заамар сумын нэр бүхий иргэдэд фермерийн аж ахуй эрхлэхэд нь тусалж гурван төслийг санхүүжүүлсэн, малчдын амьдралын эх булаг болсон “Гичгэний булаг”-ийн эхийг хамгаалалтанд авч хүн малын ундны ус болон байгалийг хамгаалж байна.

Самбо, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн улсын шигшээ багийн тамирчдыг тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ороход нь удаа дараалан ивээн тэтгэж алт, мөнгөн медалийн эзэд, аварга тамирчдыг төрүүлэхэд өөрийнхөө хувь нэмрийг оруулсан байна.

Компанийн ажилчдын нийгмийн асуудал, амьдрал ахуйг өсгөн дээшллүүлэх, тэдний үр хүүхдийн сурч боловсроход ихээхэн анхаарч туслаж байдгийн жишээ бол 15 хүнд 2-3 өрөө бүхий орон сууц, 5 ажилтанд хашаа байшин худалдан авч өгсөн болон ажилчид тэдний гэр бүлийнхэн үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж хүүхдүүд нь компанийн зардлаар суралцаж байгаа явдал юм.

Тус компани нь нөхөн сэргээлтийн ажлыг ашиглалтын ажилтай хослуулан өөрсдийн менежмент, хүч хөрөнгөөр жил бүр техникийн нөхөн сэргээлтийг 90 хувь, биологийн нөхөн сэргээлтйг 50 хувь хүртэл тусгай төсөв, төлөвлөгөөний дагуу хийж иржээ.

Олборлолт явуулсан талбайдаа хаана нь ямар нөхөн сэргээлт хийх, ямар ургамал мод тариалах талаар судалгаа, шинжилгээг тогтмол хийж нутгийн цаг агаарын онцлог, хөрс шорооны онцлог зэргээс шалтгаалан тухайн газарт нутагшин зохицох чадвартай, согоовор, ботууль, царгас, зүлэг зэрэг 5-6 төрлийн бэлчээрийн олон наст ургамлууд, сибирийн цагаан улиас мод, АНУ-ын хурдан ургадаг саваа хэлбэрт мод, нутгийн бургас, чацарганы мод, үхрийн нүд зэрэг модлог ургамлыг сонгон тариалсан нь одоо үр дүнгээ өгч ургалт 90 хувьтай байна.

Нөхөн сэргээлт хийсэн талбай

Нөхөн сэргээлт бол шороог нь тэгшлээд мод бут суулгах төдий ажил биш, ур ухаан, мэдлэг мэргэжил шаарддаг нарийн чимхлүүр ажиллагаатай шинжлэх ухааны үндэстэй хийгддэг ажил юм.

Олон жилийн нөхөн сэргээлтийн ажлын явцад компани нь нөхөн сэргээлт хийх зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжтэй болж мэргэжлийн чадварлаг багийг бүрдүүлэн жилээс жилд шинэ туршлага хуримтлуулсаар байна.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих