Хууль зөрчдөг “Доргио”-гийн эзэн хэн бэ

Шөнийн 0.3 цаг өнгөрч ахуйд Засгийн газрын VI байрны өмнөх Барилгачдын талбайг өмнөөс нь хойшоо хөндлөн гарахаар явж байтал тэр орчим газарт яг л өдөр шиг үйл явдал өрнөж байх юм. Машинууд дүүрэн эгнэн зогссон байх бөгөөд хоёр гурваараа ярилцсан инээлдсэн хүмүүс, мөн хоорондоо муудалцсан согтуу, зодоон цохион гээд үгүй юм тэнд алга. Шүлэг нойрын цагаар буюу шөнийн 0.3 цагт ийнхүү хөглөрсөн газар ирсэн хэн ч гэсэн “яагаад” хэмээн сонирхоно биз дээ. Тиймээс энэхүү сонирхлын дагуу анхаарал хандуулбал, Барилгачдын талбай доор байрлах “Доргио” хэмээх баар байдаг аж. Энэ баар бүр өглөөний 0.6 цаг хүртэл ажилладаг гэдгийг мэдэж аваад дотогш орж суулаа. Хөлчүүс тамхиныхаа утааг сарнитал чанга чанга ярих инээх, завхуул зайдан үгс гээд шөнийн цэнгээний газрын байдаг л нэг дүр төрх угтана.
Харин бусдаас илүү зүйл гэвэл хавьгүй олон суудалтай юм. Над руу ирсэн үйлчлэгчээс “танай баар хэдэн цаг хүртэл ажиллах вэ” гээд цаг хяламхийвэл “өглөө болгоно ш дээ” хэмээгээд цааш одов. Сайх үйлчлэгчийг ахиад ирэхээр нь “шөнийн цэнгээний газруудыг чинь 00 цагаас хойш ажиллуулдаггүй биз дээ” хэмээн инээхэд өөдөөс сэжиглэнгүй харснаа “Манайх чинь тусдаа газар шүү дээ. Ар нь бол түүз шүү дээ” хэмээв. Үйлчлэгчийг гурав дахь удаагаа над дээр ирэхэд нь сэжиг авхуулалгүйгээр “Танайх хэний баар вэ. Цаана нь том гар байна даа” хэмээн өдөхөд над руу бүрч  сэжиглэнгүй харж байснаа “Та яасан илүү үгтэй юм бэ. Тэгээд ч сая Ардчилсан намынхан ардчилсан улс оронд амьдарч байгаа учраас баар цэнгээний газрыг хэдэн цаг хүртэл ч ажиллаж болно гээ биз дээ” хэмээгээд цааш одлоо. Ямар ч байсан “Доргио” гэх баарны цаана нөлөө бүхий эрхэм байдаг гэдгийг би мэдэж авав. Эндээс гараад алхахад үүрийн 0.05 цаг болж, ид жавар тачигнаж байхад хөлчүү хүмүүсийн дуу “Доргио”-гийн гадаа ид цуурайтаж байлаа.

Уг нь үдшийн цэнгээний газрууд, баарыг шөнийн 24 цагаас хойш ажиллахыг хуулиар хориглодог. Харин энэхүү хууль дүрмийг зөрчиж, ашиг орлогын хойноос хөөцөлддөг хэд хэдэн газрууд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гэдийг ард олон ч сайн мэднэ. Мэдээж, тэдний ар талд хэн нэгэн улстөрч ч юм уу, эрх мэдэлтэн байдаг учраас л тэд ийнхүү хууль зөрчин суудаг нь дамжиггүй. Түүнээс биш, жирийн нэг бизнесмэн ийн хууль зөрчсөн бол эрх дархтанууд аль хэдийнээ очоод торгохоос эхлээд үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авчихсан л байгаа. Хэрвээ энэ хууль Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бол “Доргио”-г ч гэсэн хуулийн дагуу ажиллуулах хэрэгтэй. Хэрвээ болдоггүй юм бол бүгдийг нь адилхан өглөө болтол ажиллуулах хэрэгтэй. Эсвэл өнгөрөгч сонгуулийн үеэр үдшийн цэнгээний газруудыг хэдэн ч цагаар хамаагүй ажиллаж болно гээд байсан Ардчилсан намынхны аман дүрэм энд үйлчилдэг хэрэг үү. Юутай ч хууль эрх тэгш үйлчлэх ёстой учраас үүнийг сануулсан юм.


 

С.БАЯР

 


URL:

Сэтгэгдэл бичих