Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал ноён К.МакРэй Танаа

Таны амар амгаланг эрж мэндчилье. Оюу Толгойд баяжмал үйлдвэрлэх бэлтгэл хангагдсанд баяр хүргэе. Оюу Толгой төслийн эргэн тойронд сайны хажуугаар саар зүйл их байгаа нь энэ Ил захидлыг бичиж цөөн асуултад хариулт хүсэх, эрх зүйн зарим асуудлаар санал бодлоо илэрхийлэхэд хүргэж буйг ойлгон хүлээн авна уу.

1.Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах тухай Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Туркуз Хилл Рисорсиз Лимитед компани Рио Тинто ба Оюу Толгой ХХК-ийн хамтаар хүлээж авахаас татгалзаж байна хэмээн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн билээ (1). Үүнээс үзвэл, Таны удирддаг Оюу Толгой ХХК нь Засгийн газрын хүсэлтэд татгалзсан хариу өгөх зарчмын шийдвэрийг гаргасан юм байна.

Оюу Толгой ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж төдийгүй компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Монголын компани Засгийн газрынхаа санал,хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан сонин дүр зураг эндээс харагдаж байна. Иймд Засгийн газарт татгалдсан хариу өгөх албан ёсны шийдвэрийг Танай компани хэзээ, удирдлагын ямар бүтцээрээ, ямар бүрэлдэхүүнтэйгээр авч хэлэлцээд гаргасныг хэлж өгнө үү.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй 3 хүн (П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд) шийдвэр гаргахад оролцсон уу? Оюу Толгой ХХК нь Засгийн газарт татгалзсан хариу өгөх шийдвэрийг хууль,дүрэмд нийцүүлэн гаргаагүй бол Туркуз Хилл Рисорсиз компани худал мэдээлэл түгээсэн болж таарна. Улс,үндэстнийхээ хувь заяатай холбоотой Оюу Толгойн талаар Монголын иргэд, олон нийт үнэн зөв мэдээлэл авах эрхтэй гэдэгтэй Та санал нийлэх биз ээ.

2. Туркуз Хилл Рисорсиз Лимитед компани ч, Таны удирддаг Оюу Толгой ХХК ч мэдээлэл,сурталчилгаа хийхдээ Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын бүх хууль тогтоомжид бүрэн нийцүүлж байгуулсныг Засгийн газар 2011 оны 10дугаар сард дахин бататгасан (www.turquoisehill.com, 2012.10.15.), “Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд байгуулсан бөгөөд Засгийн газар,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Хөрөнгө оруулалтын гэрээ нь УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн болохыг 2011 оны 10дугаар сард дахин баталгаажуулсан” (www.otinfo.mn, 2012.09.12.) гэх зэргээр мэдэгдэж байгаа. Эдгээртэй холбогдуулан дараах товч тайлбар хийхийг зөвшөөрнө үү.

Монгол Улсын Үндсэн хууль ба бусад хуульд зааснаар Улсын Их Хурал (парламент) нь хууль тогтоож, биелэлтийг нь хянан шалгах онцгой бүрэн эрхтэй, Засгийн газар нь хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах үүрэг,эрхтэй, шүүх засаглал нь хэрэг,маргааныг гагцхүү хуульд захирагдан хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй билээ. Төрийн эрх мэдлийн энэ хуваарилалтаар Засгийн газар нь Хөрөнгө оруулалтын гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн байгуулсан эсэхийг тогтоож шийддэг эрх бүхий субъект биш юм.

Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээ хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газар баталсан,баталгаажуулсан гэх нь үнэн мөн тийм эсэхийг нотлох баримт болж чадахгүй бөгөөд эрх зүйн хувьд ач холбогдол багатай. Хөрөнгө оруулалтын гэрээ хууль тогтоомжид нийцсэн болохыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-өөс баталгаажуулсан гэх мэдээлэл ч хууль зүйн нотолгоо талаасаа онцын ач холбогдолгүй.

Учир нь ҮАБЗ зөвлөлдөх байгууллага бөгөөд ажлаа Улсын Их Хурал (УИХ)-ын өмнө хариуцдаг. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих онцгой бүрэн эрхтэй УИХ харин ямар байр суурьтай байна вэ гэдэг бол харьцуулшгүй чухал. Тэгвэл УИХ-аас Хөрөнгө оруулалтын гэрээ хууль тогтоомжид нийцэж байна гэсэн агуулгатай албан ёсны шийдвэрийг нэг ч удаа гаргаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Харин ч яг эсрэгээр нь УИХ-ын 2009 оны 57дугаар тогтоол ба бусад шийдвэрт гэрээг нийцүүлэх шаардлагын үүднээс 2010 оноос хойш асуудлыг удаа дараа авч хэлэлцэж дээрх тогтоол,бусад шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээг авч ирсэн.

Тухайлбал, Аюулгүй байдал,гадаад бодлогын Байнгын хорооны 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар тогтоолыг гаргаж, төрийн эзэмшлийн хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх, нөөц ашигласны өсөн нэмэгдэх татварыг хэрэглэх талаар хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Байнгын хорооны тогтоол нь УИХ-ын албан ёсны шийдвэрт тооцогддогийг болгооно буй за.

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд ингэж шийдээд байхад Оюу Толгойн гэрээ хууль тогтоомжид бүрэн нийцсэн хэмээн мугуйдлан зүтгэх нь зөөлөн хэлэхэд утга учир багатай юм. Үндэслэл муутай ийм үйлдэл,хандлага нь Монгол Улсын хууль тогтоомж хийгээд төрийн эрх барих дээд байгууллагыг гадаадын хөрөнгө оруулагчид үл тоомсорлоод байна уу даа гэх ойлголт, сэтгэгдлийг монголчуудад өөрийн эрхгүй төрүүлж буйг Танд шууд хэлье.

Ямар учраас ингэж авирлаад байгааг бид гадарлаж байгаа. Оюу Толгойн асуудал тун ээдрээтэй байгаад бидний ч санаа,сэтгэл үлэмж зовниж буй. Гэхдээ асуудалд ул суурьтай хандаж даацтай гарц,шийдэл олохыг зорихын оронд санхүү-эдийн засгийн хувьд бид их хүч нөлөөтэй, төр,засгийн удирдлагатай ойлголцож тохиролцсон байхад хангалттай, тиймээс хууль энэ тэр яахав гэх өнгө байдлаар Монгол Улсын хууль зүйг үл хүндэтгэх аваас энэ нь монголчуудыг илүү шийдвэртэй бөгөөд огцом алхам хийхэд хүргэж болзошгүй юм.

Үндсэн хуульдаа хүртэл өөрчлөлт оруулах замаар маргаантай асуудлыг бүрмөсөн шийдэж байсан Чили зэрэг орны туршлагыг бид сайн мэднэ. Асуудлыг заавал тийм хэмжээнд хүртэл хурцатгах хэрэггүй баймаар.

3. Оюу Толгойн гэрээний хувьд ноцтой асуудлууд үүсч даамжирсан нь гадаадынхан Монголын нийгмийн бодит нөхцөл байдлыг, түүний дотор Оюу Толгойн төсөл ба гэрээ Монголын улс төр,иргэд,ард түмний анхаарлын төвд байдаг нарийн учир шалтгааныг дутуу дулимаг ойлгож ирсэнтэй ихээхэн холбоотой гэж үздэгээ Танаас нуух юун.

Монголчууд бид улс үндэстнийхээ нөхцөл байдал,хэрэгцээ шаардлагыг бүрэн зөв тайлбарлан таниулах тал дээр хангалтгүй ажилласан нь үүнд мэдээж нөлөөлсөн. Хэлний саад, бэрхшээл ч нэрмээс болдог бололтой. Монгол Улс төрт ба хуульт ёсны арвин их түүх,уламжлалтай, эрх зүйт төрийн тогтолцоотой, хууль журамтай, хуулиа дээдэлдэг зан заншил, ёс суртахуунтай ард иргэдтэй гэдгийг хөрөнгө оруулагчид сайтар бодолцмоор байгаа юм.

Шилжилтийн үеийн 20-иод жилд Монголын төрийн удирдлагын чадамж эрс муудаж, хуульт ёс суларч, эмх замбараагүй явдал газар авсан байдлыг мөнх үргэлжлэх мэтээр зарим нь эндүүрдэг бололтой. Гэтэл түр зуурын энэ үзэгдэл одоо төгсгөлийн шатандаа орж, нийгэмд үе солигдож хууль зүй цэгцрэн чангарах тийшээгээ эрчтэй явж байна.

Монголчууд юмны учрыг олж, хужрыг тунгаах оюуны чадавхаараа бусдаас ер дутдаггүй. Энэ нь онгон дагшин байгалиас нь заяагдсан, аугаа их түүх соёл, өвөг дээдсээс нь удамшин өвлөгдсөн билгүүн сэтгэхүйтэй нь нягт холбоотой. Үүнийг бас сайтар тусган авахгүй байгаа нь болхи ухуулга хийх, дутуу буюу зөрчилдсөн мэдээлэл өгөх зэрэг зохисгүй үйлдлүүдээс мэдрэгдэж буй.

Ерөөс хууль зөрчсөнийг зөрчөөгүй, бурууг зөв, худлыг үнэн хэмээн ойлго, хүлээн зөвшөөр гэх оролдлого хийх нь монголчууд бидний хуульт ёс,шударга ёс, оюун ухааныг дээдэлдэг уламжлал, заншил, мэдрэмж, сэтгэлгээтэй харшилдаж буйг эрхбиш анзаармаар. Гэрээг байгуулсан ба хамгаалж буй цөөн хүний ажил, араншингаар нийт монголчуудыг төсөөлж дүгнэвэл хэтэрхий өрөөсгөл болно.

Барууны орнуудад хууль зүйгээ нарийн чанд дагаж мөрддөг жишиг бий. Хууль зөрчихөд өдөөн турхирсан үйлдлийг олон оронд эрүүгийн гэмт хэрэгт тооцож хатуу ял шийтгэл хүлээлгэдэг. Ийм байтал хууль зөрчсөн Оюу Толгойн гэрээг хуульд нийцэж буй мэтээр тайлбарлан сурталчилж, монголчуудыг хуулиа март, бүү дагаж мөрд гэх аястайгаар “шахах” нь ёс зүйтэй үйлдэл мөн үү гэдгийг бодууштай.

4. Хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйл заалтыг, тухайлбал анхны хөрөнгө оруулалтын хэмжээ ба өсөн нэмэгдэх нөөцийн татварын асуудлыг одоо хоёр тал ярилцаж буй мэдээ бий. Энэ нь сайшаалтай хэрэг боловч зарим заалтад өнгөц өөрчлөлт оруулснаар бүх зүйл дуусна гэвэл эндүүрэл болно. Монголын олон иргэн Оюу Толгойн гайхамшигт ордоо ашиглахын тухайд гэрээг хийсэн хүмүүсээс ихээхэн өөр бодол, дүгнэлт, хүсэлттэй байдгийг Та бүхэн мэдэх ёстой.

Ийм ч учраас үнэн мөнийг олж тогтоох үйл явц (нэг ёсны “Оюу Толгойн трибунал”) манай нийгэмд өрнөж буй. Энэ нь цаашид улам эрч хүчээ авч таарна. Оюу Толгойн гэрээ хууль зүй хийгээд улс,үндэстний язгуур эрх ашигт ямар ч эргэлзээгүйгээр нийцэх хүртэл мэтгэлцээн,тэмцэл дуусахгүй, Дамоклын илд шиг амар заяа үзүүлэхгүй.

5. Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын хууль зүйг зөрчсөн үйлдлүүдээр хийгдсэн төдийгүй хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн агуулгатайгаар байгуулагдсан билээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээг оролцуулахгүйгээр зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд Үндсэн хууль,Ашигт малтмалын тухай,Газрын хэвлийн тухай,УИХ-ын тухай зэрэг 8-аас доошгүй хууль, УИХ-ын 2 тогтоолын нийт 20 гаруй заалт зөрчигдсөн нь 2010 оны 4дүгээр сард урьдчилсан байдлаар тогтоогдсон (2).
Хууль тогтоомжийг илт зөрчиж хийгдсэн учраас энэхүү гэрээ анхнаасаа эрх зүйн чадамжгүй, тиймээс хүчин төгөлдөр бус юм.

Хэн нэг нь субъектив сэдэлтээр ингэж хүсээд байгаад бус, харин Монгол Улсын Үндсэн хууль,бусад хуульд тов тодорхой тусгагдсан хууль дээдлэх зарчим,заалт,хэм хэмжээг бага ч болов дагаж мөрдөхөд объектив утгаар ийм дүгнэлт гарцаагүй гарч таарч байгааг Та эрхбиш ялгаж салгаж ойлгоно буй за. Муу мэдээ дуулгалаа хэмээн биднийг бүү буруутгаарай. Үүний оронд гэрээ байгуулахад оролцсон хүмүүст шүүмжлэлтэй хандаж яагаад ийм байдалд оров? одоо яах вэ? гэх асуултад зөв хариулт олохыг хичээх нь илүү үр бүтээлтэй байх болов уу.

Хөрөнгө оруулалтын гэрээ хууль тогтоомжийг илэрхий зөрчиж буйг бид өмнө нь бусдын адил анхааруулсаар ирсэн (3).
Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хууль зөрчиж байна, гарах үр дагавар нь ноцтой байх нь, хувьцаа эзэмшигч Та нар мөн хохирох нь, тиймээс хууль зөрчсөн энэ гэрээг байгуулахаас татгалзана уу хэмээн 2009 оны 9дүгээр сард буюу гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Айвэнхоу майнз лимитед ба Рио Тинто Интернэйшнл Холдингс компанийн хувьцаа эзэмшигчдэд хандсан (4).

Энэ бүхнийг гадаадын хөрөнгө оруулагчид манай эрх баригчдын нэгэн адил хайхраагүй, үл ойшоосон, үл хэрэгссэн. Тарьснаа хураадаг гэгчээр одоо объектив утгаараа хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээтэй сууцгааж байна.

Ноён МакРэй Танаа,
Бидний үзэж байгаагаар бодит байдал ийм байна. Чөтгөр ариун уснаас зайлсхийдэгтэй адилаар үнэн мөнөөс зугтаах гэж оролдоод нэмэргүй байх аа. Оюу Толгойн ордыг ашиглах яриа хэлэлцээг үнэнд нийцүүлж хийх цаг нь болжээ. Эс тэгвээс Оюу Толгойн төсөл эцэс төгсгөлгүй маргаан,тэмцэлдээний талбар болж хувирах нь. Ийм байдлыг үүсгэх хүсэл,сонирхол үгүй баймаар.

Ер нь тэгээд олон арван жилийн туршид үр өгөөжөө өгөх уул уурхайн том төслийг хууль зөрчсөн гэрээнд тулгуурлан төлөвлөж хөтлөн явуулна гэдэг дэндүү гоомой, дэндүү хариуцлагагүй үйл ажиллагаа гэж Танд санагдахгүй байна уу? Үнэн мөнийг далдлан дарагдуулж болно, монголчууд хууль зүйгээ дагаж мөрдөхгүй өнгөрүүлнэ гэх нь бодитой бус биш үү? Хууль бус гэрээг өмгөөлөн хамгаалдаг эрх мэдэлтнүүд суудалдаа хэр удаан тэснэ, бусармаг явдлыг олон түмэн хэр удаан тэвчинэ гэж найдаж байгаа хэрэг вэ?

Нэг зүйлд бид огт эргэлзэхгүй байна. Юу вэ гэвэл, манай төрийн байгууллагууд, шүүх засаглал, ард түмэн улс,үндэстнийхээ хувь заяатай холбоотой онцгой чухал асуудал дээр хууль зүйгээ уландаа гишгэхгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Хуульгүй нийгэм, ард түмэн мөхдөг жамтай. Нөгөөтэйгүүр цөөн хүний хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар,уршиг балгыг ард түмэн хариуцахгүй, үүрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, тийм эрх зүйн зохицуулалт ч байхгүй гэдгийг Оюу Толгойн төсөлд хөрөнгө оруулагчид ойлгох ёстой.

Шунаж даварсаар адаг сүүлд нь хагархай тэвшнээсээ өөр юу ч үгүй хоцордог алтан загасны үлгэрийн эмгэн шиг болчих вий дээ хэмээн бид бас сэрэмжлүүлж байна. Монголын ард түмний өмч баялгаас бизнесийн оролцооны хувиа олон жилийн туршид шударгаар хүртье гэж байгаа бол гашуун хэдий ч бодит үнэнд захирагдаж цаашид хамтран ажиллах нь чухал байна.

Оюу Толгойн гэрээнд үүссэн гацаа,мухардлаас гарахын тулд Аугиас хааны хашааг домогт Геракл цэвэрлэснээс дутахааргүй арга ухаан,хүчин чармайлт одоо шаардлагатай болжээ. Гарц,шийдлийг эрэлхийлж, урт хугацаанд тогтвортой орчныг бүрдүүлэхүйц ноён нуруутай гэрээ хийх нь сонгуулийн 4 жилээр ч хэмжигдэх насгүй одоогийн хууль бус гэрээнээс хавьгүй дээр бус уу?

Энэ захидлын агуулга,санааг Рио Тинто ба Туркуз Хилл Ресорсиз компанийн удирдлагад уламжлахыг Танаас хүсье.
Хариугаа мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан өгнө үү.

Монголын иргэд,олон нийт Таны хариулт, байр суурийг сонирхон хүлээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

Хүндэтгэсэн,
Р.Эрхэмбаяр, “Ирээдүйтэй хөгжил” зөвлөл


URL:

Сэтгэгдэл бичих