Ардын намын ам задгай стратегич
Сүүлийн үед улс төрийн хамгийн том стратегич хүнээр С.Баяр бус харин Ерөнхий сайд С.Батболдын зөвлөх нэр зүүсэн О.Одбаяр гэгч нөхөр тодроод байна. Хятадад дахь Монголын элчин сайдын яамны буудал, зоогийн газрыг эзэгнэж, урьд хөршид арваад жил амьдарч, бас болоогүй тагнуул, авилгалынхны анхаарлыг татаж явсан О.Одбаяр гэгч залуу монголд ирэнгүүтээ Ерөнхий сайдын зөвлөх гэдэг нэр зүүж авч. Түүнийг Гадаад харилцааны яамныхантай хуйвалдаж, Элчин сайдын яамны байрыг хямд үнээр эзэмшиж байна хэмээн Эрүүгийн цагдаагийнхан хардаж байсан бол Тагнуулынхан хятадуудтай ямар харилцаатайг нь сонирхож байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр түүнийг Ерөнхий сайдын зөвлөхийн ажлыг бусдыг рекетлэхэд ашиглаж байна хэмээн эрхэм гишүүд эгдүүцэж байна. Тэрбээр Ерөнхий сайд хаана л очино түүнийг сүүдэр шиг алсаас дагаж, Ерөнхий сайдын зөвлөх гэсэн нэрийн хуудас тарааж, “Би бол Засгийн газрын бодлогыг тодорхойлж байгаа” хэмээн өөрийгөө өргөмжлөх болж. Тэрч бүү хэл орой үдэш хүмүүс цуглуулан хоол идэж, “Намын дарга надад чиглэл өгсөн. Удахгүй Ардын намын бүтэц, бодлого миний гарт орж ирнэ. Би хөдөө төрж, Монголд сургууль төгссөн У.Хүрэлсүх тэргүүтэй гаруудыг эндээс зайлуулна. Саяхан болсон нийслэлийн намын хорооны хурлаар М.Энхболд хэн ч биш болсныг харсан биз дээ. Тэр яаж ч чадахгүй байгаа биз. Улс төрөөс арчигдана гэдэг амархан. Удахгүй У.Хүрэлсүх, М.Энхболд нарыг арчина. Намыг бид нар гадаадад сургууль төгссөн залуучуудаар дүүргэнэ. Би саяхан” Сэхээтэн залуучуудын холбоо “байгуулсан. Одооноос надтай нэгдвэл нэр дэвших, албан тушаaалд хүрэх боломжийг чинь би нээж өгнө. Ерөнхий сайд С.Батболдын эхнэр Х.Отгонтуяа бид нар нэг ангийнхан. Хүсвэл Отгонтуяатай уулзуулж өгнө шүү. Би аль ч талаараа намын дарга Батболдод нөлөөлж чадна” гэж ятгаж, сүрдүүлэхийн завсар өөрийгөө өргөмжлөх болжээ.
Үнэндээ О.Одбаяр Ерөнхий сайд С.Батболдын нэрийг ашиглаж “том хүн” болох гэж гүйгээд байна уу? Эсвэл Ардын намын дарга ийм ам задгай стратегичтэй болчихоод байна уу? гэдгийг УИХ -ын гишүүд бүү хэл улс төр сонирхогчид ч ялгаж чадахгүй байна. О.Одбаярын тараасан энэ яриа МАН-ын томчуудын чихэнд аль хэдийнээ хүрч Засгийн газрын тэргүүний эхнэрийг нилээд хардлага сэрдлэгэд оруулж байна. Нэг хэсэг урлагийнхан дагаж хөлөө хугалах шахан гүйдэг байсан Ерөнхий сайдын эхнэр сүүлийн үед улс төрийн асуудалд хошуу дүрж, “Ажаа маам”О.Цолмонгийн араас орж байгаа гэдэг мэдээлэл олон хүний санааг зовоож эхэллээ.
URL: