Ж.Батзандан цөмийн энергийн газрын даргад амаа алгадуулав
УИХ-д олонхийн суудал бүрдүүлж буй АН-ын гишүүд бүгд л нэг дарга нэртэй сэтэр зүүх болсон ч ганцхан Ж.Батзандан сэтэргүй шахам хоцорсон. Тэгсэн хэдий ч угаасаа жагсагч тэмцэгчийн цустай эрхэм гишүүн УИХ-д албан бус бүлэг байгуулаад авав. “Гуйгаад өгөхгүй бол гуядаад авна” гэдэг л энэ байх. Тэр ч бүү хэл Ж.Батзандан “Долдугаар сарын 1″-ний үймээний тэргүүн магнайд явсан гэхээр жагсахдаа гаршсан нэгэн.
Тийм ч учраас АН-аас ядахад нэг байнгын хорооны даргын суудал өгөөгүйд шаралхсан уу, яасан хэдэн гишүүн цуглуулж мэдээлэл хийж УИХ-д албан бус бүлэг байгуулчихав. Үүнийг буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь УИХ-ын зарим гишүүн ойлгох ойлгохгүй юманд хошуу дүрж, өөрсдөө эвгүй байдалд орж явах юм. Тэрбээр Ц.Оюунгэрэл нарын хэдэн гишүүнийг эгнээндээ элсүүлснээ зарласан.
Ж.Батзандангийн эхний онилсон салбар бол яах аргагүй Цөмийн энергийн газар байлаа. Түүний хэлснээр манай улсад ураны хайгуул хийж байгаа 84 лиценз байгаа аж. Нэг компани 24-27 лиценз эзэмшиж байгаа бөгөөд нийт лицензтэй 16 компани бий. Тэдгээрийн дийлэнх нь гадаадын аж ахуйн нэгж байдаг. Өнөөдрийн байдлаар Дорнод, Архангай, Өмнөговь зэрэг таван аймагт зөвшөөрөл олгосон байгаа гэнэ.
Үүнээс гадна эдгээр газар монголчууд бидний тахин шүтдэг газар учраас эрхэм жагсагч гишүүний цухлыг төрүүлсэн юм байх. Учир иймээс албан бус бүлэг цөмийн энергитэй холбоотой бүхий л хууль бус ажиллагааг таслан зогсооход анхаарал хандуулан ажиллах юм байх.
Албан бус бүлэг эхний ээлжинд Монгол Улсад төмөрлөг олборлож байна гэсэн нэрээр уран олборлож байгаа Хятадын “Хунбоу”, “Шин Шин” хэмээх хоёр компанийн үйл ажиллаааг зогсоохыг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт үүрэг болголоо. Харин энэ үеэр албаны хүмүүсийн хэлж байгаагаар Ж.Батзандангийн дурдсан ураны лицензийн ихэнх нь хүчингүй болсон бөгөөд бусад нь зүгээр л хайгуулын хэмжээнд яваа аж.
Тэгээд ч уран олборлохдоо тулбал ганцхан компани бүү хэл бүхэл бүтэн улс ч дангаараа шийдэх асуудал биш, “Та санаа зовох хэрэггүй, хүн мэдэхгүй зүйлээрээ хөөцөлдөх дэмий” гэдгийг ч ярианы далимд дуулгаад авна лээ. Тэрчлэн Ж.Батзандан гишүүнээс чухам хаанаас ийм тоо баримт авсныг, ураныг ямар нөхцөлд ямар хөрөнгө оруулалтаар олборлож болдгийг, олборлохоо хүрвэл яах тухай лавлахад юу ч дуугарсангүй.
Арга ч үгүй Цөмийн энергийн газрын даргын хувьд өөрөө цөмийн физикч мэргэжилтэй, өдгөө салбарт нь ажиллаж байгаа хүн учраас жагсахаас өөр үлэмж мэдлэггүй гишүүнийг гацаанд оруулсан юм. Хайгуул хийж байна гэхээр л газар нутаг сэндийлж байна гэж ойлгосон, үүгээрээ дамжуулж газар нутгаа хамгаалдаг баатар гишүүний дүрд тоглох гэсэн Ж.Батзандан жинхэнэ утгаараа амаа алгадуулсан хэрэг.
Дашрамд дурдахад, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ураны хайгуул хийх хүрээнд л хэдэн компани ажиллаж байгаа юм билээ. Ийнхүү албан бус бүлэг байгуулж, УИХ-ыг түүхэндээ хамгийн олон буюу дөрвөн ч бүлэгтэй болгох гэсэн санаархал нь анхныхаа алхам дээр бүдэрчих шиг боллоо.
Угтаа бол Ц.Оюунгэрэл сайд жагсагч даган бүлэг байгуулж явахаар Монголын цасыг үзэх гэж хэдэн зуугаараа цувж байгаа жуулчдыг татах бааз байгуулах тухай ярьж байх ёстой л доо. Эсбөгөөс Монголын урлагийг авьяас, бор зүрх хоёроороо авч яваа урлагийн үе үеийнхэнд зориулсан ямар нэг бүтээлч ажил хийж суусан нь дээр. Ерөөсөө сайд хүнд хийх ажил юу эс мундах билээ.
Жагсагчийг дагаж намираад байвал юун сайд манатай л болох байх шүү. Гэхдээ тэдний байгуулсан бүлэг анхныхаа ажлыг буруу газраас эхэлсэн үү яав нэг л урагшилсангүй. Ядахад Цөмийн энергийн газрын даргыг дуудаж, үүрэгдэх байсан юм бол энэ талын мэдээлэл авахгүй яасан юм. Бүхэл бүтэн улсын парламентын гишүүн нь мэдэхгүй зүйлээ ярьж, нэг агентлагийн даргадаа амаа алгадуулах нь тийм ч сайхан зүйл биш дэг шүү.
С.Баяр
Эх сурвалж: UNEN.mn
URL: