Бонд гишүүдийн амыг “чөдөрлөв”

Өрийн тоолуур гүйж эхэлсэн тул хүн бүр хариуцлагатай байхыг сануулсан Ерөнхийлөгчийн үг чихнээс холдож амжаагүй байна. Шинэчлэлийн Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд арилжаалахаас 1.5 тэрбумыг нь арилжаалаад буй. Энэ хүрээнд өнгөрөгч баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонслоо.

 

Бондын хүү жилд 70 сая ам.доллар, 10 жилийн дараа гэхэд нэг тэрбум ам.доллар болох юм. Таван жилийн дараа 500 сая, 10 жилийн дараа тэрбум төгрөгийн хүү төлнө гэсэн үг. Тиймээс Чингис бондын цаашид хийх зарцуулалт, хяналтын талаар гишүүн бүр сэтгэл зовниж буйгаа энэ үеэр илэрхийлсэн. Төрийн тэргүүний хэлсэнчлэн хариуцлагатай цаг мөчид анхаарал болгоомжтой байхгүй бол өрийн дарамтад орж, цаашлаад аль нэг улсын колон ч болж мэдэх эрсдэлтэй нүүр тулаад байгаа нь энэ.

 

Иймд УИХ-ын 76 гишүүний амнаас гарч байгаа авиа бүр хариуцлагатай байх учиртайг энэ үеэр тодотгосон юм. Учир нь бондын арилжаа хийж эхэлсэний дараахан МАХН Засгийн газраас гарах мэдэгдэл хийхтэй зэрэгцэн 4.5-аар гарсан бондын хүү 4.7, 4.8 болж, өсөх хандлага ажиглагджээ. Ийм эмзэг шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газар гаргасныг амтай бүхэн сануулав.

 
Ерөнхий сайд асан С.Бат-болд ч бондын зарцуулалт болоод хяналтад сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр бонд тойрсон ерөнхий ойлголтууд яригдаж байгааг шүүмжилсэн юм. Тухайлбал, хяналтыг ил тод байлгах, олон нийтийн зүгээс хяналтыг хэрхэн тавих болон өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж асуудлыг ямар зарчмаар авч үзэхийг лавласан.

 

Түүнчлэн сөрөг хүчин болох МАН-ын бүлгийн асуудлыг баталгаажуулаагүй байхад хяналт ямар хэлбэрээр явагдах нь ойлгомжгүй байгааг ч анхааруулсан юм. Нөгөөтэйгүүр, бондыг халам- жид зарцуулахгүй гэж удаа дараа мэдэгдэж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үгийг няцаасан юм. С.Батболдын хэлж буйгаар бондыг өмнө нь хэзээ ч халамжид зарцуулж байгаагүй гэнэ.

 

Хувь хишиг болон хүүхдийн мөнгийг аль нэгэн бондоор санхүүжүүлж байгаагүйг энэ үеэр хариуцлагатайгаар мэдэгдсэн. Түүний Засгийн газрын үед хөгжлийн банкны бонд гаргаж, орон сууцны моргажийн зээлд зарцуулжээ. Хүү нь 100 гаруй сая төгрөг болж байсныг ч тодотгов. Тэрбээр бонд гаргахыг буруушаахаасаа илүүтэй болгох асуудлыг чухалчилж байгаагаа онцолсон юм.

 

Нөгөөтэйгүүр, гадны орны туршлагуудыг судалж, суралцах хэрэгтэйг ч зөвлөсөн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэлдээ “УИХ 2012 оны аравдугаар сарын 25-ны өдер 52-р тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээл дээр гарга гэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нийтдээ таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд эхний үе шат болгож 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг Засгийн газар эхний 100 хоногт багтааж арилжааллаа.

 

Арилжаалсан бондын мөнгө орж ирсэн. Бонд гаргах болсон шалтгаан нь УИХ-ын тогтоолын дагуу их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх, үүний зэрэгцээ Монгол Улсын хэн юм бэ гэдгийг тогтооход оршиж байгаа юм. Энэ дагуу нэн даруй барьж байгуулах шаардлагатай байгаа уул уурхай, авто зам, эрчим хүч, орон сууцны дэд бүтэц,төмөр замын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэс гадна, Монгол Улсын тав болоод 10 жилийн шалгуур хүүг нэлээд нам доогуур түвшинд тогтоож гадаадын хөрөнгө оруулалтын зардлыг эрс бууруулах ач холбогдолтой” хэмээн танилцуулсан юм.

 

Монгол Улсад зээлийн хүү их өндөр байгаа бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэдгээ ч энэ гүйцэтгэх засаглалын тэргүүн дурьдаад өнгөрсөн. Одоогийн байдлаар зээлийн хүү сарын хоёр хувь, жилийн хүү 24 орчим хувьтай хоёр орон тоотой байгаа. Үүнийг багасгахад олон улсын зах зээл дээр бонд гаргасан явдал ач холбогдолтой гэнэ.

 

Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих