Сара Армстронгийн хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй

“South Gobi Sands” компанийн хуулийн зөвлөх, Австралийн иргэн Сара Армстронгийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнтэй хамт тус компанийн хэд хэдэн удирдлагыг хамтатган шалгаж хилээр гарахыг нь хориглоод буй юм.
Тэднийг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуягийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд саяхан www.theaustralian.com цахим хуудаст “Хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгаж дуусаад, хэргийг нь прокурорт шилжүүлсэн” гэсэн мэдээлэл гарчээ.

Уг мэдээлэлд “Монголын эрх баригчид “Рио Тинто”-гийн охин компанийн нэг, “South Gobi resource”-ийн хуулийн зөвлөхийг Монголоос явахыг хориглож байгаа нь уул уурхайн компаниудтай тохиролцохын тулд түүнийг ашиглаж байна гэх айдас төрүүлж байна” гэж дурдсан байна.

Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан эсэхийг АТГ болон НПГ-ын эх сурвалжаас лавлахад “АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуягт холбогдох хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдүүлэхээр болж, прокурор хянаж байгаа.  Харин Сара Армстронг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Гадаадын цахим хуудсанд хаанаас тийм мэдээлэл авч бичсэн юм бол, мэдэхгүй” гэлээ.

АМГ-ын дарга асан Д.Батхуяг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, “South Gobi Sands” компанийн эзэмшиж байсан хайгуулын таван лицензийг сунгах эрх нь цуцлагдах хууль зүйн үндэстэй байхад дөрвийг нь цуцлалгүйгээр эрхийг нь сэргээн, тус компанид буцаан олгосон. Мөн нэг лицензийг нь тус компаниас авч, найзынхаа компанийн нэр дээр шилжүүлсэн хэргээр шалгагдсан юм. Уг асуудлыг шалгах явцад “South Gobi Sand”-ийнхэн 150 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болох нь сөхөгдөж, Сара Армстронг нарын гадаадын дөрвөн иргэнийг, “Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар нарыг сэжигтнээр шалгахаар болсон юм.

Н.Мөрөн

Эх сурвалж: “gogo.mn”


URL:

Сэтгэгдэл бичих