Сурагчдын амралтыг сунгах уу?
Цаг агаар эрс хүйтэрч, олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул дулаан цахилгаан, хот нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудыг 2013 оны 3 сар хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож ажиллах талаар Нийслэлийн Засаг даргын Захирамж гаргахаар болжээ. Зайлшгүй шинэчлэх, өргөтгөх шаардлагатай цахилгааны дэд станцад шаардагдах хөрөнгө оруулалтын нарийвчилсан тооцоог Засгийн газар болон, Эрчим хүчний яам, НИТХ, Нийслэлийн Засаг даргад танилцуулж, шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт өнгөрсөн баасан гаригт болсон Удирдлагийн зөвлөлийн хурлаас мөн үүрэг болгосон байна. Баасан гаригт болсон хуралдааны үеэр хөндөгдсөн өөр нэг асуудал нь шаардлагатай тохиолдолд бага сургуулийн сурагчдыг ид хүйтний үеэр амраах асуудлыг судалж, холбогдох яамтай нь зөвшилцөх хэрэгтэй гээд, энэ асуудлыг судлан шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүд үүрэг болгосон байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам ч мөн сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгах асуудлыг хөндөж байсан юм. Тиймээс хүйтний улиралд хүүхдүүдийг өмнөхөөс урт хугацаанд амруулах асуудлыг холбогдох газрууд ойрын үед шийдэх бололтой.
URL: