Манай улсад 123 орны 29413 гадаад иргэн оршин сууж байна

Жирийн иргэд бидэнд мэдэж авууштай юм нэг байна аа. Хууль зүйн яамны харъяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар гэж нарийн ажил гүйцэтгэдэг байгууллага бий. Монголчуудаас гадаадын харьяат болох, гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх, гадаад иргэнтэй гэр бул болох, монголын харьяат болох гээд нарийн асуудлуудыг энд шийддэг аж. Энэ газраар Монгол улсын хил алхан орж ирж буй гадаадын иргэн хэн ч бай үйлчлүүлнэ. Манай улсад сүүлийн 10 жилд дөрвөн сая гаруй хүн зорчсон бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар 1354 хүн хууль бус хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлсэн бөгөөд нийтдээ 22 орны 1688 иргэнийг албадан гаргажээ. Одоогоор манай улсад 123 улсын 29413 иргэн оршин суух зөвшөөрөлтэй байгаа аж. Визийн сунгалтыг тухайн иргэний ирсэн шалтгаанаас үндэслэн жилд нэг удаа сунгадаг юм байна. Мөн визийн зөрчил гаргасан гадаад иргэдийг түр саатуулах байр гаргах зэргээр цогцоор нь шийдвэрлэсэн олон ажил хийгджээ.

Энд голдуу хятад, вьетнам иргэд саатуулагддаг гэнэ. 130 хүн хүлээн авах 18 өрөө байна. Бидний очиход нэгэн өвөрмонгол эр өрөөндөө буруу хараад сууж байсан. Голдуу удаан “харалсан” иргэдийг зургаан цагаас 30 хоног саатуулан шалгаж шийдвэрлэдэг аж. Тус байгууллагын байцаагчид энэ онд 533 аж ахуйн нэгж, байгууллагын 4208 гадаад иргэний баримт бичгийг шалгаж, 844 зөрчил илрүүлжээ. БНХАУ- ын иргэдээс хамгийн их зөрчил илэрдэг бол бусад орны иргэд харьцангуй бага гэнэ. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрынхан сэтгүүлчдийн хамтаар Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Пума” компаний барьж буй Яармаг дахь “Залуучуудын хотхон”-ны барилга дээр өнгөрсөн баасан гаригт гэнэтийн шалгалт хийлээ. Туулын жавар тачигнасан хүйтний улирал эхэлсэн учир хүйтний хэм -27 хүрч байна гэж байсан. Тус барилга дээр Бидний хойд Солонгос гэж нэрлэх Ардчилсан Солонгос улсаас хэлэлцээрээр оруулж ирсэн гэрээт 135 барилгачны бичиг баримтыг шалгасан юм. Тэднийг гадаа богинохон хугацаанд жагсаахад багагүй даарна билээ. Аливаа барилга дээр албаны хүмүүсийг очиход хууль бусаар ажиллаж байгаа гадныхан барилгын хаа нэгтээ нуугдаж шалгалтаас бултах үзэгдэл түгээмэл байдаг аж. Байцаагчид барилгын хэд, хэдэн цэгт очиж булан тохой бүрийг шалгаж богино холбоогоор хоорондоо ярьж байна билээ.

Цэрэгжилттэй улс гэсэндээ эдний барилгачид дэг журамтай байдаг гэнэ. Тэдний дарга нь чангахан хашгирахад барилгын ажилчид удалгүй жагсацгаалаа. Байцаагчид биеийн байцаалтыг тус бүрээр нь шалгаж үзлээ. Хун тус бүрийг нэрээр нь дуудаж, малгайг нь авахуулан баримттай нь тулгалаа. Тэд үнэхээр дэгтэй юм аа. Энэ удаад тэднээс бичиг баримтын зөрчил гарсангүй. Тэдний бие бялдрыг харахад манай хүйтэн өвлийг яаж давна даа гэж бодогдсон. Тус барилгачдын дарга Гин Юун Сун гэх хүнээс солонгос орчуулагчаар нь дамжуулан хэдэн зүйлийг тодрууллаа. Тэд манай улсад 2011 онд гурван жилийн гэрээтэй ирсэн гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Манай ажилчид хийснээрээ цалинждаг. Сард 500-700 ам долларын цалин авдаг.

Ажлын нөхцөл сайн. Зарим үед материал дутагдах явдал гардаг. Ихэнх ажлыг гараараа хийдэг, тоног төхөөрөмж зарим үед дутагдалтай байдаг. Бидний цалингаас манай улс 20 хувийн татвар авдаг. Монголчууд бидэнд найрсгаар ханддаг” гэлээ. Солонгос барилгачид ихээхэн турь муутай юм. Орон нутагтаа чанартай хоол хэрэглэдэггүй учир нэлээд нь сүрьеэтэй гэнэ. Бас болоогүй энд ар гэртээ татлаа түлхээгүй боломжийн амьдралтай учир манайхны хэлдгээр арын хаалгатай хүмүүс нь ажиллахаар ирсэн нь энэ гэнэ. Өнөөдрийн байдлаар манай улсад 1000 шахам Хойд Солонгосын ажилчид ажиллаж байгаа аж. Манай улсад Хятад, Вьетнам, БНАСАУ-ын иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байгаа юм байна.

Н.Лхагва

Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих