Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын харшийг Чингис гэж нэрлэе

Нэгэн үе “Хаан хуушуур”, “Хаан бууз”, “Хаан банк” гээд хаангүй зүйл нэг ч үгүй болж, өдгөө үйлчилгээний байгууллага зоогийн газруудын нэлээд хэсэгт хаан гэдэг брэнд нэр зонхилж байна. Арай л “Хаан 00″ гэж нэрлэлгүй өнөөдөртэй золгосон. Харин хаадын нэрээр рекламдах өвчин улстөрд нөлөөллөө үзүүлснээр хүрээгээ тэлжээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж, тэр тусмаа Ардчилсан нам засгийн эрхэнд гарснаас хойш бидний бахархаж бас айж сонсох учиртай Чингис хэмээх нэрээр “өрийнхөө” бондыг хүртэл нэрлэдэг боллоо. Ерөнхийлөгчөөсөө эхлээд тавьж байгаа илтгэлээ ч Чингис хэмээн нэрийдэх болжээ.

 
Тун удахгүй Ц.Элбэгдорж өвөл, зуныхаа харшийг Чингис хааны ордон хэмээн нэрлэх нь ойлгомжтой. Чингис хэмээн цээжээ дэлдэх болсон нь өнөөдрийнх ч биш л дээ. Ойртуулж бодоход 2008 онд өдгөөгийн Ерөнхийлөгч Ардчилсан намын даргаар ажиллаж байхдаа улстөрд оруулж ирсэн юм. Тухайн үед дэлхийн олимпийн түүхэнд монголчууд бахдам сайхан амжилт үзүүлэн түүхэндээ анх удаа хос алт, хос мөнгөн медалийг эх орондоо авчирч, Ц.Элбэгдорж төдийгүй монгол зон дээлэндээ багтахгүй тэр чигээрээ баярлаж байв.

 
Монголчуудын баярын магнайд од гийсэн торгон мөчид Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбай дээр гарч ирээд “Хоёр сая 600 мянган Чингисүүд сэрцгээ” хэмээн хашгирч байв. Үүнээс хойш Чингис хэмээх нэрийг улстөрд ашиглаж, улстөржүүлж, ард түмний тархийг угаахад ашигласаар ирлээ. Сүүлдээ гаднаас авч байгаа өрийнхөө бондыг хүртэл их хаанаар овоглосон нь ард олныг хирдхийлгэхэд хүргэв.

 

Их хааны сүнс тэнгэрээс харж байгаа учраас хэсэг бүлэг хүнийг хэзээ нэгэн цагт ниргэх нь гарцаагүй гэдгийг ч сүсэгтэн олон амны уншлагаа болгож байна. Тэр тусмаа өрийн бондоо Чингис хэмээн нэрлэсэн хүмүүсийн хувь заяа хаашаа хэлтийж байгааг ч ард түмэн таамаглах болов. Намынхаа талыг ч хумиж дийлэхгүй байгаа нөхөд яахаараа дэлхийн талыг эзэлж, ертөнцийн цээжинд нэрээ мөнхөлсөн их хүний нэрээр улстөр явуулах болов.

 

Өөрийгөө хятад гэлээ хэмээн цэнхэр дэлгэцээр уйлж суусан шоучин нөхөр өөрийгөө яагаад Чингистэй зүйрлэх болов.  Их тэнгэрийн шүтэлцэл, мөнхийн хутаг, тэнгэрийн хүчийг энэ биед авчрах нь бөөгийн шашны ухаан гэдэг сэн. Тийм ч учраас энэ цагт олноор төрсөн бөө нар эзэн богд Чингис хаанаа оройн дээд шүтээн болгож явдаг. Муу муухай бүхний дэргэд Чингис хааны нэрийг нь хэлэхээс ч цээрлэдэг.

 

Өглөө бүхэн цай сүүнийхээ дээжийг Чингис хэмээх аугаа их билэгдэл, мөнх тэнгэрийн хүчинд өргөдөг юм. Худлаа гэвэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраасаа асуу. Яагаад гэвэл мөнх тэнгэрийн хүчийг биедээ авч чаддаг, би бөө хэмээн Н.Батбаяр сайд өнгөрөгч сонгуулиар олны өмнө хэлээ биз дээ. Ингэхэд учир мэддэг бөө маань Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд таван тэрбум ам.долларын өрийн бондыг яагаад Чингис гээд нэрлүүлчих нь энэ вэ.

 

Ниргүүлэх чинь дутаа юу гэж асуумаар байна. Догшин хар сүлдэндээ залбирч, Чингис хэмээх нэрийн өмнө сөхөрч байх учиртай “Бөө сайд” маань таван тэрбумын бонд гаргахад гар бие оролцож, улмаар Чингис хэмээн нэрлүүлэхэд юу ч дуугараагүй гэхэд би лав итгэхгүй. Н.Батбаяр бөө нь үнэн юм бол Чингис хэмээх аугаа их нэрийг муу муухайтай хутгаж байхад сайдын суудлаа тэврээд чимээгүй байсан гэхэд ч итгэж чадахгүй л сууна.

 
Их хаад, үндэсний бахархал болсон хүний нэрээр бараа бүтээгдэхүүнээ хаяглаж, бусад том том үйлчилгээний салбараа ч ийн нэрийдэх нь дэлхий нийтийн жишиг мөн. Үүнийг мулгуу санаагаар хөндөж байгаа хэрэг огт биш. Манай улсад ч “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас эхлээд эзэн хаанаар овоглосон олон газар бий. Дэлхийн нөгөө бөөрнөөс Монгол Улсад нисээд буухад “Чингис хаан” нэртэй нисэх буудал угтаж авч байгаа нь зүй ёсны хэрэг.

 

Харин гадаадад төлөх өрөө Чингис хаан хэмээн нэрлэчихсэн, магадгүй Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар нь өвлийнхөө харшийг Чингис гээд нэрлэх нь хэнд ч таалагдахгүйг л сануулах гэсэн хэрэг. Нөгөө талд монголчууд бидний сүсэг бишрэл, хөх тэнгэрийн улс хэмээн нэгэн бахархал дор амьдардгийн утга учрыг эдгээр улстөрч арчиж байна. Үүнийг санаатайгаар арчсан хэрэг байх гэж бодохоос өөр аргагүй.

 

Улсынх нь Ерөнхийлөгч илтгэл тавина, тэнд ямар ч бүтээн байгуулалт, хөгжлийн тухай асуудал тусгагдахгүй. Шуудхан л Чингисийн үр сад, бид Чингис гэсэн агуулгатай санаануудыг уран цэцнээр, алга ташилтын дор уншиж байна. Ямар урлагийн тоглолт уу, уран уншлагын наадам уу. Худлаа гэвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сүүлийн үед тавьсан илтгэлүүдийг тогтож нэг хараарай.

 
Ерөөсөө манай эрх баригчид ард түмэнд таалагдсан пиарын шинжтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Эдгээр зүйлдээ Чингис хэмээх аугаа их хүний нэрийг зүүх болсноос харагдана. Мулгуу хүмүүсийн улстөрд өөрсдийгөө байлгах гэсэн мөчид санаа ч яахав. Монголчууд төдийгүй дэлхий нийтэд суу алдраа дуурсгасан Чингис хааны нэрийг улстөр буюу муу муухай бүхэнд ашиглах нь аль ч талаараа зохихгүй.

 

Яагаад гэвэл тэр чинь дэлхийн хүн шүү дээ. Таван тэрбум бонд худалдаж авахаар нэрээ өгч, худалдан авч байгаа дэлхийн олон улс гүрнүүд нэгэн цагт та бидний үр садаас “Чингис” бондынхоо өрийг төл гээд дэлхий нийтэд зарлаад байвал яах вэ. Өнөөдрийн эрх ашгийн төлөө нэгийнхээ амийг ч өгөхөөс буцахгүй байгаа ийм улайрал Монголын ирээдүйг хэзээ нэгэн цагт тосч уулзана гэдгийг хэрхэвч мартаж болохгүй.

С.Ууганбаяр
Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих