С.Ганбаатар гишүүнийг хоёр шөнө дараалан заналхийлжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар байнга олны анхааралд байдаг хүн. Үйлдвэрчний байгууллагыг толгойлж, нийгэмд олон ач тустай зүйл хийж байсан эрхэм гишүүн маань өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас нэрээ дэвшүүлж, төрийн түшээ болсон. Тэрбээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл эсэргүүцэж байгаа цор ганцхан дайчин.
С.Ганбаатар зөвхөн үүгээр ч зогсохгүй нэр дэвшиж ялалт байгуулсан Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, нягтлан бодогч болон бусад холбогдох байгууллагын захирал, ажилтнуудтай холбогдох хэргийг АТГ-т дахин шалгуулахаар өгсөн гээд эрс шийдэмгий зан нь ард түмэнд таалагдаж байдаг нь нууц биш. Гэхдээ нөгөө бодлын саналыг нь авч УИХ-д суусан байтлаа нутгийн иргэдийг АТГ-т өгч байдаг мөн ч тэнэг хүн шүү гэж зарим хүн бодохоор. Харин Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр болон ажилгүйдлын сангийн мөнгийг “Чингис хаан” банкинд байршуулж түүний хүү болох 220 сая төгрөгийг завшсан хэрэгт холбогдож, үүнийг нь аймгийн Цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байсан. Гэвч уг хэрэг шалгалтын явцдаа бүдгэрч зарим нэг нь хэргээс сугарч, сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд зарим нь нэрээ дэвшүүлсэн  учраас эрхэм гишүүний дургүйг хүргэсэн бололтой. Улстөрийн эгзэгтэй цаг үед энэ мэт эрсдэлтэй алхам удаа дараа хийж явдаг гишүүнийг сүүлийн хоёр шөнө заналхийлсэн тухай эх сурвалж хэллээ. Энэ нь магадгүй Оюутолгойн хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэгтэй холбоотой байх гэсэн таамаглал тэнүүчилж байгаа. Харин эрхэм гишүүний ойрын эх сурвалжаас лавлахад, “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийнхэн энэхүү заналхийллийг хийсэн байж болзошгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зүгээс ямар нэг зүйл байхгүй гэж найдаж байна. Гэхдээ яг гишүүн рүү утсаар заналхийгээгүй ойрынх нь хүн рүү сануулж хэлсэн байна лээ” гэв. Мөн эх сурвалжийн хэлж байгаагаар 12 дугаар сарын 6,7-ны үдшээр дугаараа нууцалсан утсаар түүний ойрын хүн рүү залгаж, “Цаадхи гишүүнээ мөрөөрөө ажлаа хий гэж хэлээрэй. Дахин сануулъя. Мөрөөрөө л ажлаа хийгээд яв. Бусдадаа дараа болж ажлаа хийх хэнд хэрэгтэй юм. Олон дахин сануулахгүй шүү” хэмээжээ.
С.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих