Ирээдүй Рүү Чиглэсэн Эргэлт

Хойд Америк – Монголын Бизнесийн Зөвлөлийн жилийн хуралдаан дээр
Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийн хэлсэн үг
2012 оны 10-р сарын 17
Монгол Улс, Улаанбаатар хот

Өчигдөр орой бид Монгол Улс болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэлээ. Өнгөрсөн жилүүдийг эргэн харахад онцгой үр бүтээлтэй харилцаа тогтсон байна.

Өнөөдөр бид хоёр талын харилцааныхаа, ялангуяа эдийн засаг, худалдааны харилцааны одоог эрэгцүүлэн, ирээдүйг төсөөлөн харж байна.

Монголд явуулж буй манай бодлогын чиглэлүүд Ерөнхийлөгч Обамагийн Азид баримталж буй өргөн хүрээний зорилтуудтай нийцэж байна. Азид АНУ-ын олсон амжилт, хүлээж буй үүрэг дээр тулгуурлан өнөөгийн засаг захиргааны бодлого Ази руу чиглэн өргөжиж буйн нэгэн адил Монгол руу хандсан манай бодлого бидний харилцааны ололт амжилтанд тулгуурлан, түүнийг улам гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай хоёр талын харилцааны хөдөлгөгч хүч нь тусламж болон аюулгүй байдлын салбар байлаа. Аль аль салбарт нь бид хамтдаа маш сайн ажилласан. Харин одоо эдгээр ололт амжилтдаа тулгуурлан хоёр талын харилцаандаа бодит хөрөнгө оруулалт, технологийн урсгал болон иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхийг бид хүсч байна.

Худалдаа. бизнесийн томоохон бөгөөд тогтвортой төслүүдэд жинтэй хөрөнгө оруулах нь манай хоёр улсын аль алинд нь хамтдаа урагшлах замыг тавьж өгнө гэдэгт би бат итгэдэг.

Монгол Улс өөрөө орохыг хүсч байгаа, бас ороход бэлэн гэж бидэнд хэлээд байгаа худалдаа, бизнесийн илүү нарийн төвөгтэй тэр ертөнц рүү бүрмөсөн орохын тулд хийх ёстой ажлын ихэнхийг нь өөрөө хийх ёстой гэдэг мессежийг гоёчилж хэлэх шаардлагагүй.

Гэхдээ энэхүү хүчин чармайлтыг хийхэд Монгол Улс ганцаардахгүй. Учир нь АНУ болон Монголын бусад хөршүүд энэ шилжилтэнд тусална. Харин Монгол Улс бодлогын чухал өөрчлөлтүүдийг тууштай хийхийн тулд эх үүсвэр болоод хүсэл эрмэлзэлтэй байх ёстой.

Би энд ерөнхий юмны талаар яриагүй байна. Өнгөрсөн 5 жилийн турш АНУ болон Монгол Улс Ил тод байдлын хэлэлцээрийг маш нухацтай хэлэлцэж байгаа. Худалдааны бодлогын талаарх бидний яриа хэлэлцээрүүд болон Монголд бизнес эрхэлж байгаа манай иргэд (түүний дотор та нар ч байгаа байх) энэхүү хэлэлцээрийг байгуулахад түлхэц болсон юм. Хууль, журмыг боловсруулах, хэрэгжүүлэхэд ил тод байдал дутагдалтай байдаг нь бизнест нөлөөлдөг хамгийн хүндрэлтэй бөгөөд байнга тулгардаг асуудал гэж манай бизнес эрхлэгчид тодорхойлжээ.

Эдгээр үйл ажиллагааг ил тод явуулахыг шаардсан хууль тогтоомжууд Монголд аль хэдийн байгаа. Мөн Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын зэрэг ил тод байдлын асуудлаар үүрэг хүлээлгэдэг хэлэлцээрийн гишүүн орон. Юу дутагдалтай байна вэ гэхээр хууль, журмыг олон нийтээр хэлэлцүүлдэг тогтсон журам, стандарт байхгүй байна. Ил тод байдлын хэлэлцээр бусад орнуудад практикаар шалгагдаж, батлагдсан тийм журмуудыг баримталж, эдгээрийг нэвтрүүлэх арга замыг тодорхойлдог.

Бидэнд энэ хэлэлцээрийн бэлэн болсон төсөл байна, урагшаа хөтлөх зам байна. Бас мөрийн хөтөлбөртөө ил тод байдлыг тэргүүлэх зорилт болгон дэвшүүлсэн шинэ засгийн газар байна. Одоо энэ засгийн газар энэхүү хэлэлцээрийг эцэслэн, түүнийг бүрэн хуульчлахын тулд шаардлагатай хуулиудад парламент нэмэлт өөрчлөлт оруулах байх хэмээн бид асар их найдаж байна.

Энэ бол манай хоёр улсын хоорондох ил тод байдал юм. Гэхдээ энэ нь зөвхөн засгийн газруудын ил тод байдал биш, харин манай иргэд болон компаниудын Монголд баримтлах ёстой зүйл байх юм.

Хэдийгээр Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулагчидтай Монголын Засгийн газрын анхлан байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг их хурлын зарим гишүүд задлах хүсэлтэй байгаа тухай сонин хэвлэлийн буруу ташаа мэдээлэл бүхий өгүүллүүдийг унших надад таагүй байдаг боловч гялтганах нэг зүйл энд харагддаг. Энэ нь юу вэ гэхээр ил тод байдлыг хүсэмжилж байгаагаа Монголын иргэд тод томруун илэрхийлж байна. Ил тод байдал бол зөвхөн ганц энэ хэлцэл бус Монголын ч, олон улсын ч бүх хэлцэлд хамаарах ёстой зүйл юм. Монголын албаны хүмүүстэй уулзахдаа миний байнга хэлдэг зүйл бол АНУ-ын компаниудтай бизнес хийхийн ашиг тус нь тэд АНУ-ын стандарт, АНУ-ын зан төлөвийг авчирна гэж хэлдэг. Бизнес эрхлэгчийн хувиар та бүхэн энэ ашиг тусыг бодитой харуулахуйц зан төлөвийг бий болгох нь чухал.

Оюутолгойн тухай нэгэнт дурдсан болохоор, хэрэв энэ гэрээ цуцлагдвал Монголын төр засаг, ард түмэнд учрах хохирлын тухайд санаа зовниж байгаагаа илэн далангүй хэлмээр байна.

Оюутолгойн өгсөн урьдчилсан төлбөр, ажлын байр, технологийн шилжилт, татварыг Монгол Улс талархан хүлээж авсан. Монголчууд бүтээн байгуулалт, ахиц дэвшлийг харж байгаа. Энд би зөвхөн ДНБ-ий өсөлтийг хэлээгүй. Түүнээс гадна, Оюутолгойн төсөл амжилттай болвол бусад хөрөнгө оруулагч нар Монголоос юу хүлээж болох вэ гэдэг босгыг тогтоох үүд хаалга болох юм. Хэрэв Оюутолгойд хүлээлгэсэн итгэл хөсөрдвөл энэ нь бусад бүх салбарын хөрөнгө оруулагчдын итгэл найдварт ихээхэн нөлөөлнө.

Оюутолгойн гэрээг байгуулснаар Монгол Улс өөрийгөө дэлхийн газрын зураг дээр хөрөнгө оруулалт хийх хамгийн амьд бөгөөд эрчимтэй орчин гэж тэмдэглэсэн, харин энэ гэрээг задалбал үр дүн нь яг эсрэгээрээ гарах болно. Өнөөг хүртэл Оюутолгойд хийгдсэн бүтээн байгуулалтын санхүүгийн нарийн тоо баримтыг Монголын ард түмэнд тодорхой хэлж, энэ төслийн ашиг тусыг өргөн олонд ойлгуулах нь талуудын аль алиных нь эрх ашигт нийцнэ. Нэр хүндээ хамгаалж, хүлээсэн үүрэгтээ хүндэтгэлтэй хандах нь Монгол Улсын үүрэг хариуцлага билээ.

Оюутолгойн гэрээ тогтвортой байвал худалдаа, бизнесийн харилцааны тал дээр Монгол ба АНУ юунд хүрч чадах вэ, хүрэх вэ гэдгийг авч үзье. Би тодорхой хэлье. АНУ хоёр орны компаниуд ба хөрөнгө оруулагчдыг хоёр талын өргөн хүрээтэй бөгөөд гүн гүнзгий хөрөнгө оруулалт хийхийг дэмжин, АНУ-ын тэргүүлэх компаниар Монгол Улсад томоохон хөрөнгө оруулалт хийлгэхийн төлөө Монголын талтай тууштай хамтран ажиллах болно.

Тэр хөрөнгө оруулалт нь Таван Толгой. Компани нь Пибоди Энержи.

Яагаад Пибоди Монголын хувьд, Монгол Улс Пибодигийн хувьд зөв сонголт вэ гэдгийг батлан ярьж, цагаа үрмээргүй байна. Энэ тухай өмнө нь олон удаа яригдсан. АНУ-ын хувийн хэвшлийн компани болох Пибоди бол засгийн газартаа хандан ямар нэгэн онцгой анхаарал халамж авахад бус харин тоглоомын ижил дүрэмтэй байлгах тал дээр дэмжлэг хүссэн гэдгийг би онцлон тэмдэглэмээр байна. Тэгээд ч АНУ-ын Засгийн газар Худалдааны яам болон Төрийн Департаментаараа дамжуулан Пибодигийн хүчин чармайлтыг бахархалтай дэмжиж байна.

Дахин тодорхой хэлье. Пибодиг дэмжих нь АНУ-ын бусад компаниудад сөргөөр нөлөөлөхгүй.

Женерал Электрик, Боинг зэрэг аваргуудаас эхлээд Монголд АНУ-ын барилгын материал үйлдвэрлэх аргыг нэвтрүүлэх гэж оролдож байгаа Гэйтуэй Текноложи зэрэг багашаархан компаниудыг ч бид түшиж тулж, дэмжин ажилладаг. Гэхдээ Таван Толгойд Пибоди амжилттай ажиллавал манай бүх компаниуд цэцэглэн хөгжихүйц тийм орчинг бий болгож, тогтвортой байлгах болно гэдэгт бид итгэдэг.

Миний харж буй Таван Толгой бол АНУ-ын томоохон хөрөнгө оруулалт бүхий хэдэн тэрбум долларын бүтээн байгуулалт байх бөгөөд уг уурхайн үйл ажиллагааг тэргүүлэн явуулах давуу эрхийг Монгол Улс Пибодид олгосноор сурч дадлагажсан, хэдэн арван жилээр тууштай ажиллах монгол ажилчидтай, хоёр орны иргэд ур чадвар, технологио хуваалцан, хоёр улсын хооронд нааш цааш урсах бусад хөрөнгө оруулалтыг татсан тийм Таван Толгой байна.

Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо үнэхээр ажиллагаатай байлгахыг хүсч байгаа. Монгол Улс бидний хүлээх үүрэгт итгэлтэй байгаасай гэж АНУ хүсч байгаа. Тийм болохоор Таван Толгой бол эдгээр том зорилтуудыг бодит үр дүнтэй ажил болгох хамгийн шилдэг арга зам байх болно.

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих