Тарваган тахал өвчинтэй холбогдох архивын баримтаас …

Монгол газар тарваганы өвчин гарваас Орос эмчийн заасан аргыг уг хүргэж ирсэн ёсоор зарлан ухуулан тушаах явдлыг Орос консул сайдад хойш явуулах хэрэг.

Мэдтүгэй хэмээх учир, Эдүгээ эрхэм консул сайдын газраас тарваганы өвчин гарваас олон хүмүүсд бадрах боловуу хэмээсэн тул, урьд тарваганы өвчнийг сайн боловсрон мэдсэн Орос эмчийн заасан аргыг олон Монгол хошуунд нийтээр ухуулан, бас олон хошуунд тарваганы өвчин гарваас түргэн хурдан хэлүүлэх зэрэг учрыг бичиж хүргэж ирсэн бичиг ёсоор сийрүүлэн манай газраас харъяат газарт зарлан тушаасан явдлыг эрхэм консул сайдад хойш явуултугай. Үүний тул найртай сайны ёсоор мэдтүгэй хэмээн илгээв.

Бадаргуулт төрийн гучин хоёрдугаар он хоёр сар

х            х            х

Хүрээнд суух Орос консул сайдын газраас Монгол газар тарваган тахал өвчин гарваас Орос эмчийн заасан аргыг олон хошуунд уламжлан тушааж хариу хүргүүлмүй хэмээх зэрэг ядвлыг хүргэж ирсэн хэрэг.

Их Орос улсаас зарлигаар гарсан Хүрээнд сууж хэрэг хамтатган эрхлэн захирах консул сайдын бичиг.
Их дайчин улсын хязгаарын хэргийг хамтатган захирах Зарлигаар зарсан тэргүүн зэрэг жинс хадсан мэйрэнгийн зангийн зэрэг Хүрээнд сууж тамга барин хэрэг шийтгэх сайд, Зарлигаар зарсан Хүрээнд сууж хэрэг шийтгэх сайд Засаг хошой бэйсд мэдтүгэй хэмээн илгээв. Мэдтүгэй хэмээн явуулах учир, Эдүгээ их Орос улсаас Монгол газар тарваган тахал бүхий газрыг магадлан үзэхийн тул гарсан хоёр Орос эмч Хүрээнээс гарч зүүн этгээд одож хойш өргөн барьсан бичигт Монгол зүүн хошууны нутагт тарваган тахал одоо огт үгүй. Гагцхүү ноднин жил зун намарын цагт зарим нэгэн газарт энэ тарваган тахлаар хүн бас тарвага үхсэн. Эдүгээ нэгээхэн мэдүүлвээс:
Нэгдугээр зүйл. Мишиг засгийн хошууны Тосон бортолгой хэмээх газар Монгол хар Юмчин өвчин олж арайхийн хэмээн явж бүхий нэгэн тарвагагыг нөгчөөн үнэрлэж арьсыг хуулж махыг шаран бүхийд нэгэн Монгол хөгшин хүн түүний гэрт орж хэлэв. Энэ тарвага өвчтэй үүний махыг идэж болохгүй хэмээн цавийн тийш газраас нэгэн дан улаан булчирхайг заан хэлсэнд хар Юмчин түүний үгийг дагаж тарвагыг орхисон боловч гурван өдрийн хойно хар Юмчиний биед улаан булчирхай гарч бие халууран толгой өвдөн чичрэн хүнддэн өвдөж дөрвөн өдөр болж үхэв. Мөн дандаа намар цагт үлэмж тарвага үхмүй.
Хоёрдугаар зүйл. Намар цагт агсан Баатар гүнгийн хошууны хоёр бага хөвгүүн Ерөөгөөс нэг тарвага барьж идсэнээ хэлэв. Нэг хөвгүүний биед булчирхай гарч үхэв. Энэ хошууны нутагт дөрвөн жилийн дотор үлэмж тарвага үхэв.
Гуравдугаар зүйл. Мэргэн гүнгийн хошуунд гурван жилийн дотор тарвага идэд үхэв.
Дөрөвдүгээр зүйл. Ноднин жил намар цагт Сэцэн ханы хошууны нутагт Жаргалант хэмээх газрын ойр нэгэн Монгол хүний гэрт дараагаар зургаан хүн энэ өвчнийг олж үхэв. Хошууны Цант хэмээх газар Данбалдан хэмээх хүний эхнэр тарваганы мах идэж цөм үхэв. Бас Худан уул хэмээх газар нэгэн хүн энэ өвчин олж үхэв. Тэдний хошуунд тарвага маш үлэмж үхэв.
Тавдугаар зүйл. Далай засгийн хошуунд Хүрээ, Баянхудаг хоёр газрын хооронд Монгол Жамцын нэгэн гэрийн хүмүүс цөм үхэж, түүний гэрийн газар одоо өвчин хэвээр бий. Жамцын төрөл лам Чоймбол амьд бүхий гэргий, хөвгүүнийг авч Хүрээний газар одохоор явж замд хоёул үхэв. Тэр Монгол гэрийн ойр олон тарваганы яс бий.
Зургадугаар зүйл. Ходнин жил намар цагт сайд бэйсийн нутагт үлэмж тарвага үхэв. Хүн үхээгүй. Тарваган тахал болвоос хүнд эргэх нь маш хэцүү, энэ өвчин болвоос өвчилсөн хүнтэй өвчингүй хүн бие нийлэн гар хүрэх аяга холицолдуулваас даруй наалдмой. Түүнхүү үгүй болвоос салхи агаараас огт наалдахгүй. Хэрэв энэ жил тарваганы өвчин гарваас түргэн даруй хүрээний газарт мэдүүлвээс Орос эмч өвчин бүхий газарт одож өвдсөн хүнийг эмчлэн илаар болгож өвчнийг зогсоон засах учир тэрхүү одсон эмчийг хүрэхээс урьд уул газрын хүнд энэ аргаар тусалваас зохимой.

Нэгдүгээр зүйл. Өвчилсөн хүнийг өвчлөөгүй хүнээс салган өөр гэрт суулгамой.
Хоёрдугаар зүйл. Өвчин бүхий хүний бие жич юм нэгэнт гарваас таван өдрийн дотор бусад хүнтэй нийлж болохгүй.
Гуравдугаар зүйл. Өвчилсөн хүнийг сувилагч хүн биеийн ариуныг бодож тэр өвчилсөн хүний бие юманд гар хүрвээс удаа бүр хужиртай халуухан усаар гараа угааваас зохимой. Өвчилсөн хүний суусан гэрт будаа цай идэж ууж болохгүй. Энэ ёсоор явбаас эгнэгт өвчин наалдахгүй.
Дөрөвдүгээр зүйл. Эмч хүн өвчинд ойртохгүй эм аваачиж, өвчилсөн хүнийг сувилагч хүн эмнэн тусалваас сайн.
Тавдугаар зүйл. Өвчилсөн тарвагыг гараар барьсан хүн өвчин хүртэх тул тарвага өвчилсөн газарт тарвагыг үнэрлэж арьсыг хуулан махыг идэж болохгүй.
Зургадугаар зүйл. Эдгэрсэн өвчин бусад хүнд наалдахгүй учир өвчилсөн хүний юм зүйлийг түлвээс /шатааваас/ зохимой. Бусад улс энэ ёсыг дагаж түлсэн юмны үнийг уг эзэн хүнд төлж олгуулмой.
Долдугаар зүйл. Далай засаг, Мишиг засаг, Баатар гүн, Сэцэн хан энэ дөрвөн хошуунд тарваган тахал энэ жил гарсан тул хүн тарвага үхснийг сайтар сэрэмжилвээс зохимой.
Наймдугаар зүйл. Далай засгийн хошуунд үхсэн Монгол Жамцын гэрийг бусад Монгол айл тэр хүний тусыг бодон түлэн арилгаваас зохимой хэмээн өргөн барьжээ. Иймийн тул консул сайд миний зөвлөсөн ёсоор энэхүүг эрхэм сайдуудад явуулж миний гуйх нь. Энэ хэргийн чухлыг бодон бас энэ тарваган тахал өвчин гарсан газраас олон хүн ирж суухад Хүрээ манай мужийн газарт дотогш бадрах боловуу хэмээсэн тул урьд тарваган тахлыг сайн боловсрон мэдсэн манай Орос эмчийн заасан аргыг олон Монгол хошуунд нийтээр ухуулан бас олон хошуунд тарвага хүн болвоос сэжиглэлтэй өвчин гарваас түргэн хурдан эрхэм Хүрээний сайдуудад мэдүүлэн ирүүлж тушаан хошуунаас мэдээ мэдүүлвээс консул сайд надад даруй хэлж манай Орос эмч албаны хүнийг эрхэм сайдуудад зөвлөж өвчин гарсан газарт хүрч уламжлан манай хязгаарын түшмэдүүдэд мэдтүгэй хэмээн энэ учрыг эрхэм сайдуудад явуулж хариу бичиг хүргэж ирүүлмүй үүний тул найртай сайн ёсоор мэдтүгэй хэмээн илгээв.

Нэг мянга есөн зуун зургадугаар он февраль хэмээх сарын арван нэгэн

х            х            х

Үнээс хойш олон Монголчууд тарвагыг нөгчөөн арьсыг шалгаж хойно махыг булваас зохимой, хааяа  зөрчвөөс торгон шийтгэх явдлыг харъяат гурван газар тушаасан хэрэг.

Тамгын газраас өргөн барих нь. Тушаан явуулах учир, Мөнөө манай газраас зүүн гурван мужийн зэрэг газарт халуун хижиг /тарваган тахал/ өвчин халдан сулдайж хүн иргэн үлэмж үхэв. Бас энэ зэрэг халуун хижиг өвчин нь гагцхүү тарваганы халуун хижгээс халдах учир, тарвагыг нөгчөөн арьсыг худалдах, махыг идэхийг үүрд цаазлан зогсоох тул харъяат газар тушаахыг дансанд тэмдэглэжээ. Байцааваас ойрын жилд тарваганы арьсны худалдаа улам нэмэгдэн олон Монголчууд ихэд ашиг олжээ. Хэрэв тарвагагыг нөгчөөн арьсыг  худалдахыг үүрд цаазалваас Монголчуудын аж төрөлд ноцтой явдал бүхийн дээр, тарваганы халуун хижиг халдан сулдайсан нь гагцхүү мах идвээс гарахыг дагаж үүнээс хойш олон Монголчууд тарвагыг нөгчөөн арьсыг шалгаж хойно махыг даруй газарт булваас зохимой. Хааяа  цаазыг зөрж махыг идэх, жич уул голд орхисон явдлыг торгон  шийтгэхийг Түшээт хан, Сэцэн хан хоёр аймгийн хамаарсан чуулганы дэд дарга нар, Хүрээний эрдэнэ Шанзодбын тамгыг хамаарсан Хамба номун хан нарт тушаан явуулж уламжлан өөр өөрийн харъяат газар дахиж зарлан тушаан ухуулан дагаж шийтгүүлсүгэй хэмээв.

Хэвт ёсны гуравдугаар он хоёр сар

ТБТ   Э.Шижиртуяа

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих