Н.Энхбаярын ялыг 2.6 жил болгон өөрчиллөө

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд боллоо. Хурал өглөө 09.00 цагаас эхэлж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргав. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцсэний эцэст Н.Энхбаярт холбогдох “ТВ-9”, “Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг хэвээр үлдээсэн байна. Ингэснээр түүний ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлжээ.

“Улаанбаатар таймс сонин”-ы хувьчлалын асуудлыг хэвээр үлдээсэн учир До.Чулуунбаатарын ялыг хэвээр үлдээж, Ж.Мягмаржаргалын ялыг нэг жил болгон өөрчилжээ.

Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн наймдугаар сарын 2-нд Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар буруутган дөрвөн жилийн хорих ял оноосон. Тодруулбал, түүнд  холбогдох долоон тэрбумын авлигын хэргийг шүүх хурал гурван өдөр үргэлжилж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт долоон жил, Д.Дуламсүрэнд зургаан жил, До.Чулуунбаатарт 5.1 жил, Ж.Мягмаржаргалд зургаан жилийн хорих ялыг тус тус  оноосон юм. Гэвч 2009 онд гарсан Өршөөлийн хуулийн дагуу шүүгдэгч нараас тус бүр гурван жилийн ялыг хасаж Н.Энхбаярт дөрөв, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт гурав, До.Чулуунбаатарт 2.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ.

Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр баталсан юм. Тиймээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан билээ.

Өнөөдрийн шүүх хуралд МАХН-ын дарга Н.Энхбаярын гурван өмгөөлөгч оролцоогүй. Учир нь Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл нар хурал эхлэхийн өмнө шүүх бүрэлдэхүүнд нэгдүгээрт, С.Нямжав нарын таван шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй тул өөрчлөх, шүүх хуралд улсын яллагчаас төлөөлөл оролцуулах, хоёрдугаарт, шүүгч С.Нарангэрэл гадаадад байгаа тул шүүх хурлыг хойшлуулах, гуравдугаарт,  шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн тавьсан хүсэлтийг хүлээн авахгүй байгаа учраас үйлчлүүлэгчтэйгээ уулзах гэсэн гурван хүсэлт тавьсан юм.

Гэвч эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй учир Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл нар хурлыг орхин гарсан юм. Гэхдээ хуулиндаа хуралдааныг орхин гарсан өмгөөлөгчдөд Захиргааны хариуцлагын хуулийн дагуу шийтгэл оноох заалт байдаг учир энэ дагуу тэдэнд захиргааны хариуцлага авах юм.
Мөн МАХН-ынхан шүүхийн гадна “Н.Энхбаярыг сулла” гэх уриа лоозон барин жагсаж, дээд шүүх рүү дайрсан билээ.
Б.Чимэг

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих