Бахаин сүм
Америкийн Монголчуудын ДМ онлайн та бүхэнд Дорж овогтой В.Хишигсүрэнгийн бичлэгүүдээс танилцуулж эхэлж байна. В. Хишигсүрэн нь Политехникийн Дээд Сургуулийн инженерийн анги, МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн англи хэлний анги, Улаанбаатар Дээд Сургуулийн Хэл шинжлэлийн магистрийн ангийг тус тус төгсгөсөн, багш мэргэжилтэй. Одоогоор Нью Үорк хотод амьдарч байна. Ингээд түүний Бахаин сүмийн талаарх бичлэгийг сонирхоно уу.
Даяар Монгол онлайн.
Иллиной мужийн Вылметт суурингийн Бахаи сүмд анх 2002 оны 10 сард найз нар- Электра, Анаста нарын хамт очиж үзсэн юм. Тэд анх намайг энэхүү гайхамшигт мөргөлийн сүмтэй танилцуулсан бөгөөд уг сүмийн босгыг давмагцаа би сэтгэл алдран биширсэн билээ. Энэ сүмийн барилга гайхамшигтай уран хийц бүхий асар өндөр бөмбөгөр оройтой, сийлбэр бүхий өндөр сүрлэг багануудтай агаад ороод ирмэгц үнэнхүү амар амгалан, эрх чөлөөг мэдрүүлж энэ сүмийн эрхэмсэг оршихуй хүн бүрийг ивээлдээ урих мэт.
Дэлхий дээр долоохон байдаг Бахаин сүмийн нэг энэ сүм эв нэгдлийг илэрхийлж, Бурханд залбирахыг урин зална. Бахаин Мөргөлийн Сүмийн аниргүй тайван орчин Бурхан цорын ганц, хүн төрөлхтөн нэг айл гэр, шашин шүтлэг нэг итгэл үнэмшил гэсэн Бахаин Итгэлийн уг үндсийг илтэд мэдрүүлнэ. Бусад зургаан сүмийн нэгэн адил есөн талт дугуй хэлбэртэйн дээр гоёмсог цэцэрлэг, усан оргилуураар хүрээлэгдэнэ.
Энэ сүмийн хамгийн сүрлэг, сэтгэл татам чанар нь ер бусын нам тайван орчин. Эхлээд ороход түм түжигнэж, бум бужигнасан энэ дэлхийгээсээ тасраад өөр гаригт ирчээ юү гэмээр сонин санагдана. Үнэхээр сэтгэл хөдлөм, бас биширмээр. Олон үндэстний янз бүрийн шашинтай хүмүүс энд ирж тайван суугаад бясалгана, ямарч санваартан, гэлэн, лам нар шашны ном уншиж, яаж сүсэглэхийг заахгүй, хэний ч яриа, уншлагыг сонсох шаардлагагүй. Ердөө л сэтгэл онгойж, ухаан сийрэм чимээгүй орчин.
Өнөөгийн нийгмийн ороо бусгаа улс төр, ойж буусан донсолгоо, эрүүл хүн галзуурам их чимээн дунд өөрөө өөрөөрөө үлдэж, эрүүл ухаанаа хадгалахын тулд хурамхан зуур ч атугай чимээгүй орчинд сууж өөрийхөө дотоод дуу хоолойг чагнан тайтгарлыг олж авах нь нэн чухал. Үүний тулд тэнд чимээгүйхэн суугаад нүдээ анин гүнээ амьсгалаад торонд хашигдаж зогсолгүй шулганасан болжмор лугаа сэтгэл дотор бургисан бодлоо чөлөөлж гаргаснаар бие сэтгэлээ ариусган зовнил зовиураа зайлуулна.
Юуны учир энэ сүм олон хэлийн өөр өөр шашны хүмүүсийг татах болов? Учир нь Бахаин Итгэлийн үндэс нь: Бурхан ганц- олон хэлийн хүмүүс юу юу гэж нэрлэх нь хамаагүй, олон үндэстний заншилд яаж шүтэх нь ялгаагүй, хүмүүс бидний дээр ганц л Агуу Хүч байна, бид Бурхан ч гэж нэрлэнэ үү, Тэнгэр ч гэж нэрлэнэ үү, үндэс яс, өнгө зиндаа ялгалгүй бид нэг Тэнгэрийн үр сад.
Энэ итгэл үнэмшлийн нотолгоо болгон Сүмийн гадна баганын сийлбэр дээр олон шашны бэлэгдлийг дүрсэлсэн байна: Жүдийн шашны Дэвидийн од, Христос шашны хэрээс, эртний шашин шүтлэгийн хас тэмдэг гэх мэт.
Хас тэмдэг бол Эртний Монгол бөө мөргөлийн бэлэгдэл байсныг бид сайн мэднэ. Дашрамд дурдахад Бөө мөргөл бол шашин биш шүтлэгийн зан үйл билээ. Энэ талаар дараа бичих болно.
Анхаарч уншсанд баярлалаа.
URL: