ФИЛИППИНД ХАР САЛХИНД АМИА АЛДАГСДЫН ТОО ӨССӨӨР
ХОНКОНГ/СЯНГАН/. /ИТАР-ТАСС/. Филиппиний өмнөд нутгийг дайран өнгөрсөн “Бофа” хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 475-д хүрчээ. Амиа алдагсдын дийлэнх нь Минданао арлын зүүн мужуудын оршин суугчид бөгөөд усанд живж, модонд даруулж амь насаа алдсан байна. Филиппиний эрх баригчдын мэдээлж байгаагаар, 411 хүн гэмтэж бэртжээ.
Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэж аврагчид мэдээлж байна. Байгалийн гамшиг нүүрлэсэн бүс нутагт сураггүй алга бологсдын тоо хэдэн зууд хүрч магадгүй байгаа аж.
Цагт 210 км хурдтай байгаа хар салхины улмаас байшингуудын дээвэр хуулагдаж, цахилгаан дамжуулах шугамны тулгуур болон моднууд унасан байна. Байгалийн гамшиг олон мянган хүнийг орон гэргүй болгожээ. Маш олон дүүрэг гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, ундны усны хомсдолд орсон байна. Аврагчид эдгээр дүүрэгт нисдэг тэргээр очихыг оролдож байгаа ажээ.
Филиппиний арлуудад жил бүр 20 орчим хар салхи дэгдэж, хэдэн зуун хүн амиа алдахад хүрдэг байна. Харин энэ жилийн хар салхи нь хамгийн хүчтэй нь болжээ.
Д.Жаргал
URL: