“ХVЧИТ ШОНХОР” ЗАХЫН ЭЗЭД 22 ЖИЛИЙН ТУРШ ТVРЭЭСЛЭГЧДЭЭ ДАРАМТАЛЖ БАЙНА

“Хvчит шонхор” захын удирдлагуудын дарамтыг эсэргvvцэж тус захын тvрээслэгч Цэрэндолгор өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Гэвч тvvнийг өлсгөлөн зарлахаар гэр барих гэтэл Чингэлтэй дvvргийн Цагдаагийн газраас зөвшөөрөл өгөхгvй гэжээ. Ингээд тvvний гэрийг нь буулгасан юм. Цэрэндолгорын хувьд, тус захад махны павилон тvрээсэлж байгаад хураалгажээ. Vvнийг эсэргvvцэж тэрээр тэмцэл хийж байгаа нь энэ. Тvvний тэмцлийг олон хvн дэмжиж буй ч ажлын байрнаасаа салчих вий гэсэн айдсаасаа болоод ил гаргаж чадахгvй байгаа аж.

“Хvчит шонхор” захын захирал Т.Сайнхvv гэх эмэгтэй тус захын тvрээслэгчид янз бvрээр л ярьдаг юм билээ. Ажилчдаа дарамталдаг, торгодог байдал нь наад захын vзэгдэл. Барьж авч зодохоос наагуур юм болдог гэнэ. Тэрэгчин, гурил будаа, ногооны павилоны ачигч, цэвэрлэгч гээд энэ захад гараа хөдөлгөж байгаа болгон тvрээс төлдөг. Нэг ёсондоо энэ захад хөрөнгө оруулагч, татвар төлөгч гэсэн vг. Цэвэрлэгчид мах, ногоо зардаг лангууг цэвэрлэж, тvрээслэгчээс нь мөнгө авдаг аж. Авсан мөнгөнөөсөө захын дансанд бэлнээр татвар төлдөг. Тэгсэн хэрнээ ажлын байр нь баталгаагvй. Хэзээ ч “Эндээс зайл” гэдэг vг сонсоход бэлэн байдаг аж.
Өөрөөр хэлбэл, захирал Т.Сайнхvvгийн нvдэнд эвгvй харагдвал шууд л хөөгдөнө гэсэн vг гэнэ. Энэ дарамтад 22 жил нухлуулсан тvрээслэгчид эхнээсээ эсэргvvцлээ илэрхийлсэн ч 2010 онд хөөгдөж, Ш.Сайхансамбуугийн “Нарантуул-2” худалдааны төвийг зорьжээ. Харин энэ жил тvрээслэгч н.Цэрэндолгор энэ бvхний эсрэг зоригтойгоор тэмцэл хийж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, “Хvчит шонхор” захын захирал Т.Сайнхvvд төр төмөр нvvрээ vзvvлэхийг тvрээслэгчид нь хvсч байна.

н.Цэрэндолгор: “Хvчит шонхор” захын дарамт хэрээс хэтэрсэн

Ингээд н.Цэрэндолгороос цөөн асуултад хариу авсан юм.

-Яагаад өлсгөлөн зарлах болов?
-“Хvчит шонхор” захын дарамт хэрээс хэтэрсэн. Хамтын гэрээ байгуул, vйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хvлээн зөвшөөрvvлэх, хууль vйлчилдэггvй хувийн байгууллагад хууль хэрэгждэг болгож өгөөч гэж төр засагтаа хандаж энэ алхмыг хийж байна.
-Таны хувьд павилоноо хураалгасан гэсэн. Ямар vндэслэлээр таны ажлын байрыг хураасан юм бэ?
-Павилоныхоо тvрээсийг тохирч чадаагvйгээс ийм байдалд хvрсэн. Ажиллаагvй хугацааны тvрээсээ авна гэхээр нь би павилоноо өгсөн. Хvмvvс сард 30 мянган төгрөг төлж байхад би 120 мянган төгрөгийн тvрээс төлөн ажиллаж байгаа.
-Энэ захад цэвэрлэгч нь хvртэл тvрээс төлдөг гэдэг юм билээ. Ер нь, тvрээсээр дарамталдаг гэсэн vг vv?
-Цэвэрлэгчийг тvрээслэгч нар цалинжуулдаг. Цэвэрлэгч тvрээслэгчээс авсан цалингаараа захад тvрээсээ төлдөг. Усны мөнгө нэрээр тvрээс өгдөг юм.
-Тэгэхээр энэ захад ажиллаж байгаа хvн болгон тvрээс төлдөг байх нь?
-Тvрээс төлж байгаа хvн болгон татвар өгөх ёстой гэсэн зарчимтай. Ингэж их мөнгө авсан хэрнээ тvрээслэгч нараа ажлын байргvй болгоно гэж дарамтлана. Тэгэхгvй бол павилоноо авлаа гэж сvрдvvлнэ. Ингээд бvх хvн юу ч хэлдэггvй, хэлгvй мэт болсон.
-Таныг тvрээслэгчид дэмжиж байна уу?
-Манай тvрээслэгчид намайг дэмжиж байгаа.
-Таны хувьд энэ захын удирдлагуудтай хэзээнээс эхэлж маргаан vvсгэв?
-Хувь хvний маргаан гэхээсээ илvvтэй би тvрээслэгчдийнхээ өмнөөс тэмцэж байгаа. Бvх тvрээслэгчид дарамтад байдаг. 2010 оноос өмнө дарамт хэрээс хэтэрсэн болохоор тvрээслэгчид “Нарантуул-2” зах руу явж байсан. Энэ дарамт удаж байна.
-Энэ шаардлагаа тvрээслэгч нар өмнө нь тавьж байсан уу?
-Тавьж байсан. Vйлдвэрчний эвлэлийн байгууллагыг хvлээн зөвшөөрөхгvй гэдэг байдлаар л явж ирсэн.
Ц.Сайнзаяа: Хувийн хэвшлийн эздэд хууль vйлчилдэг болгохын тулд тэмцэж байна

“Хvчит шонхор” захын тvрээслэгчдийн холбооны vйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Сайнзаяа

-Энэ жагсаал, суултаас ямар vр дvн авчрахыг зорьж байна. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн, тэр дундаа удирдлагууд нь Монгол Улсын хуульд захирагдах бус байгууллагын дотоод журам нэрээр ажилчдаа дарамталдаг гэнэ?
-Мэдээж маш олон ажил асуудал байгаа. “Хvчит шонхор” компанийн хувьд 22 жил vйл ажиллагаагаа явуулж байна. Хуримтлагдсан асуудал олон байна. Бидний хийж байгаа тэмцэл тvрээслэгчдийн эрх ашгийн төлөө. Тvрээсийн тухай хууль дvрэм байдаггvйг хувийн хэвшлийн эзэд овжноор ашиглаж байна. Иргэдийг хvссэн цагтаа торгож, хөөдөг байж болохгvй. Энэ бол хууль бус.
Ер нь, эрх зvйн зохицуулалт байхгvйтэй холбоотой. Хамтын гэрээ хууль ёсны дагуу байх ёстой. Бидний хvсч байгаа vр дvн шударга, тэгш байдлыг л бий болгохыг зорьж байна. Засгийн газар шинэчлэл ярьж байхад төр засагтай тэрсэлдэж байгаа юм шиг, хэн нэгнийг ажлын байргvй болгодог ийм компани байх ёсгvй. Иргэдийн эрх ашгийг зөрчдөг аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлага тооцох цаг нь болсон.
-Торгодог байдал нь зvгээр нэг захиргааны хуулийн дагуу торгууль бус бvхэл бvтэн сарын тvрээсээр торгодог гэсэн байх аа?
-Сарын тvрээс болох 170 мянган төгрөгөөр торгоно гэдэг ямар их мөнгө билээ. 22 жилийн турш гадаа зогссон хvмvvсийн бие, эрvvл мэнд ямар байх нь ойлгомжтой биз дээ. Нэг vгээр хэлбэл, ажлын байрны баталгаа энэ хvмvvст алга.
-“Хvчит шонхор” захын тvрээслэгчид ямар байдлаар тvрээсийн гэрээ хийдэг юм бэ. Тvрээсийн гэрээнд тvрээслэгчийн эрх ашигт нийцсэн зvйл заалт байдаггvй хэрэг vv?
-Гэрээ нэг талыг барьсан байдаг. Тvрээслэгчийн эрх ашгийг хамгаалсан зvйл заалт тэр гэрээнд огт байхгvй. Компанийн захирал гэрээгээ өөрөө боловсруулаад, тvрээслэгчээр зөвхөн гарын vсэг л зуруулдаг. Тэр гэрээг нь хvлээн зөвшөөрөхгvй бол торгодог. Яагаад торгож байгааг нь асуухаар компанийн дотоод журам гэнэ. Яг vнэндээ компанийн дотоод журам тийм байх ёсгvй.
-Энэ жагсаал цуглааныг vйлдвэрчний эвлэлийн төв байгууллага хэрхэн дэмжиж байна?
-Хvн өлсгөлөн зарлаад амь насаараа дэнчин тавьж байгааг хэн ч дэмжихгvй л дээ. Хамгийн гол нь тvрээслэгчдийн байдал ийм байдалд хvрчихлээ гэдгийг л харуулж байгаа юм. Мэдээж хөдөлмөрчин хvний эрх ашгийг Vйлдвэрчний эвлэлийн төв байгууллага дэмжих нь гарцаагvй байгаа. Өмчийн эздvvд хэлсэн амандаа хvрдэггvй, хууль vйлчилдэггvй байдлыг л арилгахын тулд эрvvл мэндээрээ дэнчин тавьж өлсгөлөн зарлахад хvрээд байна.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих