“НВЦ”-ын оруулж ирсэн тахианы махны хугацаа нь дууссан байж болзошгүй
Манай орны хүнсний зах зээлд өндөг болон тахианы мах нийлүүлэлтээрээ томоохон байр суурь эзлэгч “НВЦ” компани “хугацаа нь дууссан тахианы мах хилээр оруулж ирсэн” гэх мэдээлэл чих дэлсэх боллоо.
Өчигдөр “Монгол Транс” ХХК-ийн гаалийн баталгаат агуулахын хашаанд “НВЦ” компаний нэг бүр нь 22 тонн тахианы мах ачсан 14 чингэлэг буусан бөгөөд эдгээр мах нь Хятадын хилийн боомт дээр бичиг баримтын зөрчил үүссэний улмаас нилээдгүй хугацаанд саатсан гэнэ. Тиймээс баталгаат хугацаа нь дууссан байх магадлалтай ажээ. Гэвч яг хугацаа нь дууссан гэж нотлох боломгүй бөгөөд махны хайрцган дээрхи он сар өдрийг өөрчлөх боломжтой байдаг гэнэ. Үүнээс гадна эдгээр тахианы махнуудын хугацаа нь дууссан байх сэжгийг хамгийн ихээр төрүүлж байгаа зүйд нь гэвэл: Мэргэжлийн хяналтын байцаагч нар ирээгүй байхад нэг чингэлгээ задлаад Дархан-Уул болон Орхон аймгийн борлуулах цэг рүү махаа ачиж байгаа нь гэнэ. Хууль журмын дагуу бол Мэргэжлийн хяналтын байцаагч зөвшөөрөл өгч байж тараагдах ёстой байдаг юм байна. /Уг тахианы махыг АНУ-ын “Пилгримпрайд” корпорациас оруулж иржээ./
Мөн ойрын үед томоохон хүнсний захууд дээр худалдаалагдаж байгаа тахианы мах задгайгаар ирэх болсон бөгөөд тахианы мах ховордож үнэд орсон аж. Энэ үед “НВЦ” компанийнхан худалдаалах цэгүүдээр шуудайтай тахианы мах тарааж борлуулсан гэдгийг “Барс” захын худалдагч нар хэлсэн байна. Уг нь баталгаат хайрцагтай нь авчирч түгээдэг байжээ.
Ганц энэ удаа ч биш өмнө нь оруулж ирсэн “НВЦ” компаний 10 чингэлэг тахианы махны нэг чингэлэг махных нь хугацаа дууссан байсан бөгөөд одоог хүртэл эдгээр махыг устгалд оруулалгүй чингэлэгт нь хадгалсаар байгаа тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч н.Загдхорлоо ярьсан байна.
Т.Нарантунгалаг.Ugluu.mn
URL: