“Газар шим” ХХК бүтээгдэхүүнээ Хятадаас оруулж ирдэг
Монголчууд эх орныхоо хөрсөнд ургасан, бас экологийн цэвэр бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг болсон. Тэр утгаараа ингэж рекламдсан хүнсний бүтээгдэхүүний борлуулалт сайн байдаг. Эрүүл амьдрахын үндсэн шалтгаан болсон экологийн цэвэр бүтээгдэхүүний тоо ч сүүлийн жилүүдэд нэлээд өссөн.
Харин цэвэр, экологийн гэсэн бүхэнд итгээд байх уу гэсэн асуулт тавин, сэрэмжилмээр нэгэн мэдээллийг ШӨХТГ-аас бидэнд өглөө.
“Газар шим” хэмээх нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрийн тухай бид 10 гаруй жилийн өмнөөс мэднэ. Өргөст хэмх, “Өег” салатнаас эхлээд төрөл бүрийн ногоо, мөн жимсний компот гээд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Газар шим”-ийг мэдэхгүй хүн бараг үгүй.
Ингээд найдвартай, маш сайн бүтээгдэхүүнтэй гэх шагналыг энд тэндээс жил бүр авч байдаг энэ компанийн талаар таагүй мэдээлэл ШӨХТГ-т ирлээ. Тус компани бүтээгдэхүүнээ Хятад улсад үйлдвэрлэдэг байж болзошгүй гэх мэдээлэл юм. Үүний дагуу ШӨХТГ-ын байцаагч нар “Газар шим” компанийн бүтээгдэхүүнүүдэд шалгалт хийж эхэлсэн байна.
Одоогоор “Газар шим” компанийн үйлдвэрлэдэг гэх дөрвөн нэр төрлийн компотыг БНХАУ-д үйлдвэрлэсэн болохыг тогтоогоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, Хятадад үйлдвэрлэсэн компотыг импортлон, компанийнхаа шошгыг наагаад худалдаалдаг байжээ.
Харин тус компанийнхан ШӨХТГ-ын байцаагч нарт “Хятадад захиалгаар хийлгэдэг” хэмээн тайлбарласан юм. Шалгалт үргэлжилж буй бөгөөд дахин БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн илэрч болзошгүй байгаа гэж үзжээ. .
“Газар шим” компанийн дээрх үйлдэлд ШӨХТГ-ынхан Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-д заасны дагуу Хууль бус худалдааны арга ашигласан хэмээн шийтгэл оноох юм байна. Ийн экологийн цэвэр бүтээгдэхүүн хэмээн олон жилийн турш борлуулалт хийсэн “Газар шим” компани хэрэглэгчдийг залилан хятад бүтээгдэхүүн худалдаалж байжээ. Товчилбол, эх орны биш импортын бүтээгдэхүүн дээр шошгоо наан борлуулдаг байсан нь ийнхүү илэрч байна.
Эх сурвалж: Uls.mn
URL: