Доктор М.Амбагын дуурайлган хийсэн “Салимон”оос хордлого авсан гэв
Дархлаа сэргээх бэлдмэл “Салимон” хэрэглээд хордсон гэх эмэгтэй бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрээр улсын их дэлгүүрийн баруун талын ”Тавин-Ус” эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн гэнэ. Энэ талаар Баянгол дүүргийн иргэн Б. Оюунтуяатай ярилцлаа.
- Таны талаар дархлаа сэргээх бэлдмэл болох “Салимон”-оос хордлого авлаа гэж сонслоо. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Тийм ээ. Хордлого аваад бие эвгүйрхээд хэцүү байна. Хөлөө эвгүй болгочихоод бас дээрээс нь дархлаа сулраад байсан юм. Тэгээд хүний дархлааг сайжруулдаг бэлдмэл болох “Салимон” -ыг энэ сарын 4-д авч уусан юм. Гэртээ очоод уугаад удаагүй байтал бие сонин болоод нүд хорсоод байсан юм.
Гадуур явсан болохоор тэгж байгаа юм байх гэж бодоод эхлээд тоохгүй байсан. Гэтэл удалгүй гэдэс эвгүйрхээд эхэлсэн. Өдөр нь гэдэс өвдөхөөр хүнсний бүтээгдэхүүн огт идээгүй болохоор гайхаад байсан. өөр зүйлээс болсон юм болов уу гэж бодоод өдөрт гурван удаа уух ёстой гээхэр нь дахиад “Салимон” уусан.
Уугаад хоёр цаг болоогүй дахиад л гэдэс эвгүйрхээд нүд хорсоод шингэн алдаад эхэлсэн. Ингээд л “Салимон”-оос хордоод байгаагаа мэдсэн. Шөнөжин гүйлгэж хоноод маргааш өглөө нь танил эмнэлэгтээ очиж үзүүлсэн юм. Шинжилгээний хариугаар эмийн төрлийн зүйлээс хордсон болох нь тогтоогдсон. Одоо бүр нарийвчилсан шинжилгээ өгөх гэж байна.
- Ямар учраас “Салимон” –оос хордсон юм бол. “Салимон” авсан газраа очиж хэлсэн үү?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Өмнө нь ямар нэгэн эмийн харшил багаагүй. “Салимон” чинь дархлаа сайжруулах бэлдмэл гэсэн. Ямар нэгэн сөрөг нөлөө байдгийг хэлж мэдэхгүй юм. Энэ талаар асуух гээд эм худалдаж авсан газраа очлоо. Учир байдлаа хэлтэл өмнөөс загнаад байх юм. Үйлчилгээний байгууллага тэгж болохгүй биз дээ.
Эмийн санч нь ямар ч мэдлэггүй хүн байх шиг байсан. Ер нь эмийн сангийн эм зүйч нар үйлчлүүлэгч нартаа эмийн сөрөг нөлөөний талаар огт анхааруулга өгөхгүй. Худалдаалж буй эмийнхээ сөрөг нөлөөг огт мэдэхгүй хүмүүс л зогсож байна. Ямарч байсан “Салимон” -оос хордлого авсан гэдэг нь тодорхой байна. Гэтэл эмийн санч дахиад хэрэглээд үз гээд байх юм.
- Хуурамч бэлдмэл байсан юм биш байгаа?
- Миний уусан бэлдмэл дороо тундас үүсчихсэн байх шиг байсан. Тэрнээс болсон юм болов уу. Миний “Салимон” худалдаж авсан газар “Таван- Ус” эмийн сан байсан. Эмийн санчийн хэлж байгаагаар албан ёсны зөвшөөрөлтэйгөөр “Салимон” борлуулж байгаа гэсэн.
- Биеийн байдал хүнд байгаа гэлээ. Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ. Эмийн үйлдвэрийнхэнд энэ тухайгаа хэлсэн биз дээ?
- Хордлого тайлуулах эмчилгээ хийлгэж байна. Бие зүгээр болохоор ар гэрийнхэнтэйгээ бэлдмэл үйлдвэрлэсэн газруудын эзэдтэй уулзана.
URL: