Л.Гүндалайн гүн гомдол
2012 он УИХ-ын гишүүн асан Хөвсгөлийн хүү Л.Гүндалайгийн хувьд азгүйхэн жил болоод өнгөрч байна. УИХ, орон нутгийн сонгуульд дараалан өвдөг шороодсондоо одоо ч итгэж чадахгүй “Нутгийнхаа ардын төлөө чадлаараа л зүтгэсэн юм сан. Олны хүч оломгүй далай ч, онцгүй загнахаараа хэцүү байдаг юм байна. Хоёр удаа муухай ялагдлаа.
Аймгийн Засаг дарга болоод авто зам, жижиг дунд үйлдвэрийн салбарт тэсрэлт хийе гэж тооцоо, төлөвлөгөөгөө боловсруулж, аймгаа аймаг шиг хөгжүүлэхийн төлөө цоо шинээр ажиллах гэтэл дахиад л ялагдчихлаа. Нэг жаахан компанийн захирал залууд ингэж хол ялагдана гэж ёстой зүүдэлсэнгүй” хэмээн уулзсан болгондоо зовлонгоо тоочиж яваа ажээ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын төлөөх өрсөлдөөнд тунаж үлдсэн Л.Гүндалай, “Лидер Кашмер” группийн захирал Л.Ганболд нарын хооронд шийдвэрлэх санал хураалт болоход 24:17 гэсэн хол зөрүүгээр ялагджээ. Аймгийн төвд аялал жуулчлал, ноолуур боловсруулах үйлдвэр эрхэлдэг Л.Ганболд захирал УИХ-д гурав сонгогдсон Л.Гүндалайг өвдөг шороодуулахад аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид “Хотод гэртээ Л.Гүндалайгаас нутгийн толгой бизнесмэн хамаагүй дээр.
Улаанбаатар, Мөрөн хоёрын дунд хоёр нутагтан шиг ирж очин байж манай аймгийг өөд татна гэвэл гонжийн жоо” хэмээгээд эрхэм гишүүн асанд эцсийн боломж олгосонгүй. Гэртээ гиюүрсэн шиг ээ охидуудаа сургуульд нь зөөж эхнэрийнхээ ажил дээр өдрийг өнгөрүүлэх болсон Л.Гүндалай “ АН залуу нас, эр зоригийг минь арван жил ашиглачихаад гудамжинд хаячихаж чаддаг л юм байна.
Би ямар сайд болгоод өгөөч гэж гуйсан биш. Гадаадын иргэн харьяатын алба, Цөмийн энергийн газар, ШӨХТГ гээд олон газарт “шалдан банди” нар аваачаад суулгачихлаа. Ажлын туршлага, нас намба, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд гээд бүх л талаараа тэднээс толгой илүү надад аль нэг боломжийн ажил өгчихсөн бол Н.Алтанхуяг даргын нэг ч гэсэн толгойн өвчнийг анагаагаад л өгөх байсан даа.
Намайг О.Магнайгаас дор үзэж болохгүй л байхгүй юу. Хэрвээ би тэр ажлыг хийсэн бол худлаа шоудах биш жинхэнээр нь нийгмийг сэтгэл зүйг эргүүлэх байсан юм” хэмээн АН-ын лидерүүдэд гомдсон сэтгэлээ илэрхийлэх болжээ. Засгийн газарт томхон алба хашиж байгаа АН-ын зарим нэг лидер ч “Нээрээ яагаад Л.Гүндалайд юу ч өгөлгүй хоосон хаячихав аа.
Бас ч гэж манай намд түүхэн цаг үед гавьяа байгуулж л явсан хүн шүү дээ. Одоо ч гэсэн оройтох юм байхгүй” гэж хоорондоо ярилцаж байгаа гэнэ. Намынхаа томчуулд “гүн гомдож” яваа Л.Гүндалайгийн гомдлыг удахгүй тайлж ч болзошгүй. Ямар нэг чимээ сураг авсан Хөвсгөлийн хүү Л.Гүндалай сүүлийн үед арай л жаахан баясгалантай гүйж явах нь энд тэнд үзэгдэх болжээ. Сүүлд авсан мэдээллээр Л.Гүндалайн “гүн гомдол” тайлагдах өдөр өнөө маргаашгүй болсон сурагтай.
МАХН-ынхан Н.Алтанхуягийн засгаас гарахаар шийдсэн нь Хөвсгөлийн ардчилагч Л.Гүндалайд “гүн боломж” нээгээд байгаа билээ. Н.Удвалын оронд Эрүүл мэндийн сайдын суудалд Л.Гүндалайг залахаар дээгүүрээ тохиролцсон гэнэ. Харин сайд болохоороо тендерийн мөнгө, машин тэрэгний хэл аманд орооцолдоод байдаг базаахгүй дуршлаа давтахгүй байхыг намынх нь лидерүүд хатуухан анхааруулсан сурагтай.
Ямартай ч Эрүүл мэндийн салбарыг Л.Гүндалай дахин дөрвөн жил залуурдах нь тодорхой болсон. Гэхдээ төсвийн мөнгөнд “санамсаргүй” хуруу, гараа шургуулаад байдаг “гэнэн томоогүй” дарга нарыг хянаж, харж суудаг газар ажлаа их сайн хийдэг болсныг эрхэм Л.Гүндалайд нөхрийн ёсоор анхааруулчихад илүүдэхгүй.
Сайн муу ч энэ талын сургуулийг Германд төгссөн нь үнэн юм чинь Эрүүл мэндийн салбарыг шороотой хутгачихалгүй шиг зүглүүлээд байж дөнгөх л байх. Ийнхүү Л.Гүндалайн “гүн гомдол” тайлагдав аа хөөрхий.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: