Эцэг хүүгийн луйвар
Уул уурхайн салбарт гадаадынхнаас дутахгүй өмчлөлтэй дотоодын хөрөнгөтөн бол УИХ-ын гишүүн Батж.Батбаяр. Түүний хүү Б.Батхишигийнх нь нэр дээр байдаг “Талсмаргад” компани улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь баталсан Хөвсгөл далайн эрэгт орших Бүрэнхааны фосфоритын орд дээр 14 ашиглалтын лицензийг эзэмшдэг. Тэд энэхүү лицензээ УИХ-ын гишүүн Лу.Болдыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаанд өөрийн болгосон байдаг. Лу.Болд болон Батж.Батбаяр гишүүн нар аль эртний бизнесийн хамтрагчид бөгөөд өнөөдөр ч гэсэн олон улсын “Сос” эмнэлгээс эхлээд хамтарч байгуулсан бизнес нь амжилттай яваа баримт бий. Хэдийгээр Батж.Батбаяр гишүүн “Надад нэг ч бизнес байхгүй. Би хүүхдүүдийнхээ ажилд оролцдоггүй” гэж олонд танилцуулдаг ч улстөрчдөд бол удаа дараа “Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг намайг үхсний дараа та нар хураагаарай” хэмээн пээдэлзсэн нь нэг биш гэх юм билээ.
Ямар ч л байсан “Гадаадын эдийн засгийн алуурчид Монголыг сүйтгэх нь” гэж чангахан шиг хашгирах болсон түүний хувьд Бүрэнхааны фосфоритын ордоос олз, ашиг олох замаар монголчуудын цэвэр усны эх үүсвэрийг үгүй хийх нь хайран биш санагдаж буй бололтой. Түүний хүү Б.Баттулгын нэр дээр улсаас тендер нэрээр тэрбум төгрөг завшсан баримт ч бас бий. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн 2010 онд Улаанбаатар хотын утааг хэмжих багаж нийлүүлэх тендер зарласанд Батж.Батбаяр гишүүний хүүгийн “Спейшл” шалгарсан байдаг. Гэсэн ч уг компани утааг хэмжих багажийг нийлүүлэхгүй байсаар чамгүй хугацаа алдсан нь бий. Улмаар арайхийж нийлүүлсэн багаж нь ашиглах ямар ч боломжгүй эвдэрхий эд байж. Иймд Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн “Хүлээж авах боломжгүй” гэснээр тэрбум төгрөгийг утааг бууруулах бус харин утаагаар далимдуулж луйвар хийдэг бизнес эрхлэгчид зүгээр л тавьж туусан байна. Харин Батж.Батбаяр гишүүний хүүгийн энэ булхайн хариуцлагыг “Спейшл” компани бус тус компанийг хууль бусаар тэрбум төгрөгийн тендерт ялалт байгуулах боломжийг нээсэн Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Бямбаа хүлээсэн байдаг. Тэрбум төгрөгийн төлөө ажлаасаа халагдах хүртлээ төрийн албыг завхруулсан Д.Бямбаа дарга хийгээд Батж.Батбаяр гишүүний хүү хоёрын дунд ямар тохироо болсон нь тодорхой бус. Мөн л түүний хүүгийн нэр дээр байдаг “Спейшл майнз” компанийг тойрсон дуулиан, шуугиан нэг хэсэгтээ л хэвлэлээр өрнөсөн. Аав нь Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон байтал хүү нь аавынхаа тойргийн сонгогчдын хоолыг булаагаад эхэлсэн болохоор арга ч үгүй биз. Учрыг тайлбарлавал Б.Баттулгын “Спейшлмайнз” компани нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт алт олборлох нэрийн дор их хэмжээний газар хууль бусаар авсан аж. Тэрхүү газар нь 1052 га газрыг хамрах бөгөөд Б.Батбаяр гишүүний хүү уг газрыг тойруулан хашаа барьж, тухайн газар хувиараа алт олборлож байсан нутгийн иргэдийг хөөжээ.
Ингэснээр өнөөдрийн байдлаар тэрхүү газраас амьдралаа залгуулж байсан 2100 гаруй хүн яахаа мэдэхгүй болчихоод байгаа. Тэдний төлөөлөл болсон 60 гаруй хүн удаа дараа аавтай нь буюу Б.Батбаяр гишүүнтэй уулзах хүсэлт гаргахад “Би ч тэр, манай хүү ч тэр та нартай уулзах шаардлагагүй” гэдэг хариулт өгсөн байдаг. Том хүү Б.Батбилэг нь Иргэний зориг намын гишүүн байсан бөгөөд удаа дараа УИХ-д нэр дэвшиж байсан нэгэн. Гэвч Чингэлтэй дүүргийн сонгогчид түүнд итгэл үзүүлсэн нь үгүй. Иймд тэрбээр намаа сольж, Ардчилсан намд элссэн. Улмаар Б.Батбаяр гишүүн хүүгээ Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшүүлэхээр арга заль хэрэглэх болсон. Мөн хүү нь Чингэлтэй дүүргийн Ардчилсан намыг хоёр хуваах ажлыг гардан зохион байгуулсан гэдэг. УИХ-ын хамгийн энгийн атлаа хамгийн баян гишүүний бизнесийн булхайг дэлгэхэд нэг ийм. Үүнээс цааш үнэ цэнэтэй обьектийг өөрийн болгосон адармаатай түүх ч бас энэ гэр бүлийг тойрохгүй. Ямарч байсан Хөвсгөл далайг цаазын тавцанд аваачин барин монголчуудынхаа ундны эх үүсвэрт заналхийлж буй Батж.Батбаяр гишүүнийг тойрсон дээрх мэдээлэл бүгд үнэн гэдэг нь баталгаатай.
Эх сурвалж: Shudarga.mn
URL: