М.Алтанхуяг: Х.Тэмүүжин сайд манай эмнэлгийн чиг үүргийг ч мэддэггүй

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч М.Алтанхуягтай ярилцсанаа хүргэе.

-Танай эмнэлгийг Хууль зүйн яамны албан тасалгаа болгохыг эсэргүүцэж, УИХ-ын 22 гишүүн хамтран хуулийн төсөл өргөн барихаар боллоо. Эмч нар улам хүчтэй боллоо. Одоо асуудал нааштай шийдэгдэх байх гэсэн итгэл төрж байна уу?

-Бид иргэдээ анагааж, эмчлэх зориулалттай эмнэлгийн барилгыг эрх мэдэлтнүүдийн өргөө болгохгүйн төлөө тэмцээд хоёр сар өнгөрлөө. Эмнэлгийн ажилчид албан тушаалын төлөө тэмцээгүй учраас ард түмэн биднийг дэмжсэн. Уржигдар УИХ-ын 22 гишүүн эмнэлгийн барилгыг албан тасалгаа болгохыг эсэргүүцэн хуулийн төсөл өргөн барихаар боллоо. Бид зөв зүйлийн төлөө тэмцсэн болохоор УИХ-ын гишүүд хүртэл дэмжиж байна.
Тиймээс эмнэлгийнхэн энэ асуудалд ялах магадлал өндөр. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Отгонбаяр нар санаачилсан. Тэднийг эмнэлгийн ажилчдын болон ард түмний эрх ашгийг хамгаалж буйд баяртай байна. Төсөл боловсруулагчид Засгийн газрын хууль бус 122 тоот тогтоолыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа юм.

-Засгийн газрын 122 тоот тогтоолыг хууль бус гэдгийг нь хэрхэн батлах юм бэ?

-Энэ тогтоол батлагдсанаар Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай, Газрын тухай, Өмчийн тухай хуулиудыг зөрчсөн. Тухайлбал, эмнэлгийн өргөтгөлийн барилгад зориулж 2010 онд 950 сая, 2011 онд 5.5 тэрбум, энэ онд 7.1 тэрбум, ирэх онд 500 сая төгрөг төсөвлөсөн юм.

Хамтарсан Засгийн газрын үед төсөв хөрөнгийг нь баталчихсан байхад шинэчлэлийн Засгийн газар өөрчлөх гэж улайрч байна. Нэгнийхээ гаргасан шийдвэрийг нөгөөх нь кноп дараад өөрчилдөг хүүхдийн тоглоом шиг зүйл байж болохгүй.

-Эмнэлгийн барилгын 3-4 давхарт прокурорын байгууллага, үлдсэн давхруудад танай эмнэлэг байрлах ам тохиролцоо хийсэн гэж сонссон. Энэ тохиролцоо юу болсон бэ?

-Хууль зүйн яам бол хууль боловсруулдаг, хянадаг байгууллага. Гэтэл асуудлыг аман хэлбэрээр шийдэж байгаа нь буруу. Энэ чинь зүгээр л хоёр хүний харилцан яриа биш шүү дээ. Бүхэл бүтэн эмнэлгийн обьектын тухай асуудал яригдаж байна. Гэтэл Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Мягмар эмнэлгийн удирдлагатай уулзаж өргөтгөлийн барилгад эмнэлэг, яам хоёрыг хамт байрлаж болно гэсэн юм билээ.
Эмнэлэгт байрладаг яам гэж юу байх вэ дээ. Энэ бол орон нутгийн сонгууль өнгөртөл эмнэлгийн ажилчдын амыг барих гэсэн санаархал байсан. Хууль зүйн яамны удирдах албан тушаалтнууд манай эмнэлгийг А зэрэглэлийн бүсэд илүүдэж байна гэж нүд үзүүрлэж, тоног төхөөрөмж нь хорт туяа ялгаруулдаг хэмээн иргэдэд ташаа ойлголт тараасан мөртлөө өөрсдөө энэ байранд орох гээд улайраад байна.
Үүнээс л хэн нь хэн бэ гэдэг нь тодорхой. Түүнчлэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян байрны асуудлыг эмнэлгийнхэнд тайлбарлахдаа манай яам Монголбанкны байрыг түрээслэдэг. Монголбанкнаас яаманд 10 сая төгрөг өгөөд байраа суллаж өгөхийг шаардаж байгаа.
Тиймээс Хууль зүйн яам танай эмнэлэгт 10 сая төгрөг өгье, оронд нь өргөтгөлийн шинэ барилгад нь төвхнөе гэсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ. Хар захын наймаа явагдаж байгаа юм шиг би чамд энийг өгье, оронд нь чи надад тэрийгээ өг гэж болдог юм уу.

- Хууль зүйн яам эмнэлгийн барилгыг хувааж эзэмших санал тавибал хүлээж авахгүй гэж ойлгох уу?

-Эмнэлэг, яам хоёр хамт байрлах боломжгүй. Дэлхийн ямар ч улсад ийм жишиг байхгүй. Уг өргөтгөлийн барилга анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдсан. Ханын зузаан нимгэнийг хүртэл тохируулсан. Тухайлбал, томографикийн аппарат байрлаж буй хэсгийн даацын хана 50 тонныг даах чадалтай. Ердийн хананаас 60 см-ээр зузаан. Долгион гадагш нэвтрүүлдэггүй гэх мэт олон давуу талтай. Ийм бүтэц, зориулалттай эмнэлгийг албан тасалгаа болгомооргүй байна.

-Танай эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэж, өмнөх чиг үүргээрээ үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж Х.Тэмүүжин хэлсэн. Гэтэл та нар яагаад нэгдэхгүй гэж гүрийгээд байгаа юм бэ?

-Манай эмнэлэг 240, Цэргийн госпиталь 320 ажилтантай. Цэргийн госпитальд 500 гаруй ажилчдыг багтаах өрөө, ажлын байр байхгүй. Госпитальд мэс заслын 10 эмч нэг өрөөнд суудаг. Ингэхээр манай эмнэлгээс очсон эмч нар хаана байрлах юм. Хэрэв хоёр эмнэлэг нийлбэл манай эмнэлгийн ажилчдын олонхи нь ажилгүй болох нь тодорхой.
Зөвхөн манайхаар ч зогсохгүй Цэргийн госпиталийн сувилагч, асрагч нар нь хэзээ халагдах бол гэсэн айдастай өдөр хоногийг өнгөрөөж байна. Хоёр эмнэлгийн эмч нар хоорондоо харилцаа холбоотой байдаг. Тиймээс бүхий л нөхцөл байдлыг мэдэж байна.
Харин эрх мэдэлтнүүд юу ч ойлгохгүй байж. Харсан юм шиг худлаа яриад байна. Ингэж худлаа ярихын оронд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр үйлчлүүлдэг иргэд хаана үзүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Эмч нар нь багтахгүй шахам байранд өвчтөнүүдээ яаж хүлээж авах юм бэ.

-Тэгэхээр Та Х.Тэмүүжин сайдыг эмнэлгийн талаар ямар ч ойлголтгүй гэж үзэж байгаа юм уу?

-Х.Тэмүүжин сайд эмнэлгийн үйл ажиллагаатай нэг ч удаа ирж танилцаж байгаагүй болохоор үндсэн чиг үүргийг нь огт мэдэхгүй. Эмнэлгийн талаар юу ч мэдэхгүй. Тиймээс Хууль зүйн яамныхан эмнэлгийн ажилчдын нэр төрийг удаа дараа гутаан доромжилсон. Тухайлбал, манай эмч нарыг 26 хувийн нэмэгдэлтэй цалин авдаг гэсэн.
Бидний цалин бусад улсын эмнэлгийн ажилчдынхаас 20 хувиар бага. Хууль зүйн сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн итгэмээргүй хачирхалтай зүйл олныг ярьсан. Тиймээс эмнэлгийнхэн нэр төрөө сэргээлгэхээр Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргасан ч шүүхийн байгууллага нь сайдын талд ажилладаг юм билээ. Бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

-Эмнэлгийн байраа эргүүлж автлаа тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн эмч нарын үзэл бодол өөрчлөгдөөгүй биз дээ?

-Бид иргэдийн эрүүл мэнд, ажилчдынхаа эрх ашгийн төлөө цаашдаа ч тэмцэх болно. Асуудал нааштайгаар шийдэгдэхгүй бол Үндсэн хуулийн цэц, олон улсын шүүхэд хандана. Бид эмнэлгийн барилгаа аврахын төлөө чадах бүхнээ хийнэ. Бүр болохгүй бол эмч нар мөрдэсөө авч, энгийн болоход бэлэн байна. Энэ тэмцлийг эхлүүлснээс хойш улстөр гэж ямар бохир юм бэ, тэд өөрсдийн баталсан хуулиа яаж зөрчдөг вэ гэдгийг нүдээрээ харлаа.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих