Н.Энхбаярын тэнэглэл
Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төр хийгээд гүйж байна. МАХН-ны гэсэн нэрийг авах гээд л улайран тэмцэлдэж явна. Улс төр хийх нь, МАХН-ын гэдэг нэрийг авах гэж улайрч гүйж байгаа нь тэр хүний хувийн асуудал. Тэрнээс биш бүх олон түмний асуудал биш. Харин тэр олон түмний асуудал юм шиг харагдуулах гэж хичээгээд байгаа.
Н.Энхбаяр гуай минь хувийн ашиг сонирхлын төлөө улс төр хийж болно. Тэр таны бүрэн эрх. Харин улс төр хийхдээ олон түмний санаа сэтгэлийг үймүүлсэн үг амнаасаа унахгүй байхыг хүсье.
Н.Энхбаярын гэж иргэний амнаас унасан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 100 хувь ард түмэнд тарааж өгөх ёстой гэсэн үг бол үнэхээр увайгүй үйлдэл. Улс төр хүнийг ийм увайгүй болгодог юм уу, угаасаа Энхбаяр ийм увай хүн юм уу.
Тэрээр ‘Тавантолгойг хэр зөв шийдэхээс хамтарсан Засгийн газрыг хуйвалдах гэж байгуулсан уу, үгүй юу гэдгийг улам сайн ойлгож болох байх. Одоо ярьж байгаа шигээ шийдвэрлэх юм бол дахиад л ард түмнийхээ өмч хөрөнгийг булаасан, ард түмнээсээ нууж, буруу шийдвэр гаргасан хэрэг болох болов уу.
Тавантолгойг ард түмэндээ ашигтай шийдэе гэвэл 100 хувь ард түмэндээ өгөх ёстой. Энэ ерөөсөө улстөржиж байгаа зүйл биш. Өнөөдөр төр засаг иргэддээ 10 хувийг нь өгнө гэж байгаа.
Хамгийн энгийн асуулт гэвэл 10 хувийг нь өгч болдог юм бол яагаад 100 хувь ард түмэндээ өгч болдоггүй юм бэ. Ард түмэндээ зөв ойлгуулж, хамт зүтгэвэл бүтнэ бизээ. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг байхаа” гэсэн ярилцлага өгчээ.
Н.Энхбаяр гуайн бодож, сэтгэж байгаагаар бол ард түмэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааг тэнцүү хувааж өгөх нь зөв юм байна. Ийм тэнэг юм ярьж байгаа Энхбаяр өөрөөсөө ичих хэрэгтэй. Ийм хүнээр төрөө удирдуулж явсан, сонгож явсан хүмүүс ч өнөөдөр өөрөөсөө ичиж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг ард иргэдэд тэнцүү тараагаад өгчихье гэж бодьё. Монголын 2.7 сая хүн хүрз бариад Өмнөговийн Цогтцэций рүү явах нь л дээ. Очоод Тавантолгойн хөрсийг хуулж, нүүрсээ шуудайлж үүрээд хил рүү гэлдэрцгээх нь. Хил дээр аваачаад Хятадуудтай өмд гутлаар солих нь.
Энхбаяр гуай минь энэ үеийнхэн тэнэглэлийг чинь ойлгочихоод таныг шоолж байна. Хамгийн гоё хувцас хийлгэж өмсөх гээд тэнэгээ ухаардаг хааны тухай үлгэр байдаг даа. Цэцэн оёдолчин хаанд харагддаггүй хувцас хийж өгч байна гэж мэхлээд гудамжаар шалдан явуулдаг. Хааныг харсан бяцхан хүү ”Хаан шалдан байна” гэж хашгираад бүх юмны учрыг тайлдаг даа. Үүнтэй төстэй юм болох бий дээ.
Н.Энхбаярыг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг үнэгүй өгөх гэхэд одоогийн жаалууд “Би үнэгүй авахгүй. Харин мөнгөөрөө худалдаж авна. Надтай адил бүх жаалууд мөнгөөрөө хувьцааг нь худалдаж аваад нэг дор хуримтлал үүсгээд мэргэжлийн хүмүүс хөлсөлж, зориулалтын техник технологи, тээврийн хэрэгсэл ашиглаж, нүүрсээ олборлож, борлуулна” гэж хариулж мэднэ шүү.
Н.Энхбаяр гуай таны оюун ухаан шалдан байгаа юм биш үү. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 100 хувьд ард түмэнд өгчихөөд хаанаас хөрөнгө татаж, Тавантолгойн нүүрсийг олборлох гээд байна вэ. Татварт төлсөн мөнгийг нь бүгдийг зарцуулах хэрэг үү. Компанийн үнэ цэнэ зөвхөн газрын хэвлийн баялгаас шалтгаалахгүй. Хэн ашиглахаас, хэн олборлохоос шалтгаалж үнэ цэнэ нь улам өнгө орно.
Яаж бодохоороо, сэтгэхээрээ “100 хувь ард түмэнд тараах нь зөв” гэсэн тэнэг дүгнэлтэд хүрдэг юм бол.
Н.Энхбаяр гуай “Үнэнээр явдал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэж хэлжээ. Тэр үнэнийг баллуурдаж, мунхагаар гүжирдэж, хүн гэдэг амьтны шунал дээр тоглож, өөрийн ашиг сонирхолд нийцэх туулайгаа барих гээд байгаа юм бус уу. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 100 хувь иргэдэд өгчихвөл Тавантолгойг ашиглах боломжгүй болохыг мэдэхгүй байв гэж.
Түүний санаархлыг няцааж, Ерөнхий сайд С.Батболд ”Тавантолгойг тунгалаг, ил тод, нээлттэй компани болгоно гэдгээ би дээр хэлсэн. Хувьцааг нь шударгаар хуваарилахын зэрэгцээ, олон нийтийн хяналтад бүрэн байлгана. Тавантолгойн хувьцааны ашиг, менежмент яаж явж байна гэдгийг 2.8 сая монгол хүн хянана.
Өөрийнхөө юмыг эзэн нь мэдэж байх ёстой шүү дээ. Ард түмэндээ хэтэрхий их таалагдах гэсэн зарим хэсэг энэ ордыг 100 хувь ард түмэнд өг, энэ тэр гэж хийрхдэг. Хэрвээ ингэвэл ямар ч үнэ цэнэгүй болохоос өөр өөрчлөлт гарахгүй. Үнэ цэнэтэй байлгахын тулд 51 хувийг нь төр мэддэг, иргэд өөрсдөө хувьцаагаа оруулчихсан, хөрөнгийн зах зээл дээр үнэлгээ нь бодитой байх ийм төслийг Ерөнхий сайдын хувьд би хариуцаж хийнэ” гэж мэдэгдсэн.
Ямар ч байсан Засгийн газар байр суурин дээр бат зогсох бололтой. Уг нь монголчууд Н.Энхбаярыг их “балиашигласан” даа. Нөгөөх нь ямар ч ул суурь, эдийн засгийн мэдрэмжтэй юм яриад ард түмнийг өөрөө өөрийнхөө амыг нь арчихыг ятгаад явж байдаг. Монголчууд хуудуутай үгэнд автахаа больсныг мэддэггүй юм байх даа.
Т.Энхбат
Монголын мэдээ
URL: