Даргыгаа аварч, дээдсийг айлгах төлөвлөгөө
МАХН-ынхан сүүлийн өдрүүдэд эвслийн Засгийн газраас гарах тухай шуугиан дэгдээгээд тун завгүй байна. Уг нь тэд “Төрийн ажлаас намын бодлогоо тэргүүнд тавьсан МАН ичиг, ичиг” хэмээсээр парламентын даргаа сонгож байсан нь саяхан.
Гэтэл өдгөө өөрсдөө намын даргаа аврах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хамтарсан Засгийн газрын суурийг ганхуулж, Ерөнхийлөгчийг шантаажилж эхэллээ. Үүнийгээ батлах гэсэн шиг өчигдөр МАХН-ын дэд дарга “Бид засгаас гарсан тохиолдолд дараа нь улстөрийн тогтворгүй байдал үүсвэл “Шударга ёс” эвсэл хариуцлага хүлээхгүй.
Эрхэм Ерөнхийлөгч та, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолыг илэрхийлэгч учраас гарах үр дагаврыг хариуцаарай” гэх утгатай мэдэгдлийг хийсэн. Үүнийхээ дараа тэрбээр өчигдөр эвслийн нэгээхэн хэсэг болсон МҮАН-ын төлөөлөл буюу УИХ дахь бүлгийн дарга Н.Батцэрэгтэй зөвшилцөхөөр болов. Харин өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Киркизээс ирэхээр нь уулзаж, ярилцана гэсэн.
Үнэндээ тэдний хоног хугацаагаар алгуурлан буй энэхүү уулзалтууд намын дарга Н.Энхбаярынхаа асуудлаар барьцаа үүсгэхийн тулд Засгийн газарт орсон гэдгийг илэрхийлсээр байгаа юм.
Учир нь МАХН-ынхан Засгаас гарах тухай яриатай зэрэгцэн “Шударга ёс” бүлгийн хувь заяа ч хэрхэх нь сонирхол татаад байгаа. Гэхдээ Ж.Батзандан нарын гишүүдийн хэлж, ярьж буй шиг МАХН Засгаас гарсан ч намын жагсаалтаар парламентын гишүүн болсон нөхдийг эргүүлэн татах тухай хуулийн заалт байхгүй. Тиймээс “Шударга ёс” эвслийнхэн дотооддоо хагаралдаж, засгаас гарвал УИХ-ын гишүүн хэвээр байх хэдий ч парламент дахь бүлэг нь задарч, хүчин мөхөстөнө.
Тэгээд ч хоёр нам ханцуйдаа наймаалцан байж, “Шударга ёс” эвслийг байгуулахдаа найман жилийн гэрээ хийсэн. Ердөө л шударга ёсыг тогтоохын төлөө гэх утга, зорилготой гэдэг. Өөрөөр хэлбэл, тэрхүү гэрээнд Засгийн газарт хамтрах хийгээд, замын дундаас буцвал хэн нэг нь хариуцлага хүлээх тухай заагаагүй. Гэхдээ тэд зөвшилцөж чадвал эвслийн Засгийн газраас МАХН гарсан ч “Шударга ёс” бүлгээ задлахгүй үлдэх бас нэг боломж бий.
Тэгсэн ч нэмэргүй. Нэгэнт Засгийн газраа байгуулахдаа АН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл гэсэн гурван субъект оролцож, гэрээ байгуулсан. Тэгэхээр МАХН ичсэндээ энэ хэвээрээ буруу ишилсэн сүх шиг гүрийвэл Засгийн газар 100 хоногийн төрсөн өдрөө дурссаар тарахаас аргагүйд хүрнэ.
Үүнийг мэдэж байгаадаа МАХН их зан гаргаж, даргыг нь шүүх хурлын өмнөх залиа хэрэглэж байгаа ажээ. Харин МҮАН-ынхны хувьд лаа, лууван хоёрын алийг идэх вэ гэдэгт гацсан биз. “Галууг дуурайж, хэрээ хөлөө хөлдөөх”-ийн үлгэр бололтой биш гээд үлдье гэх нь ээ гишүүдийнх нь тоо хүрэхгүй. Дагаад намирчихъя гэхээр засгаас гарч, эрх мэдэлгүй болохын зэрэгцээ бүлэггүй болж хүчин мөхөстөнө. Тиймээс хүнийрхүү зангаар хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хандаж байгаа хэрэг.
Ямартай ч МАХН-ынхны өнөөдөр Ерөнхий сайдтай хийх уулзалтаас аливаа шийдвэр гарахгүй гэдэгт улстөр сонирхогчид мөрийцөхөд ч бэлэн байна. Яагаад гэвэл, эндээс ямар нэгэн шийдэл гарахгүй. Харин ч маргаашийн шийдвэрээс шалтгаалан дараагийн алхмаа хийх гэнэ.
Тэгэхээр эрхэм экст оногдуулсан ялыг Дээд шүүхээс хэвээр баталчихвал МАХН ичихдээ “Улстөрийн хэлмэгдүүлэлт боллоо” гэдэг шалтгаар Засгаас гарна гэж зүтгэнэ. Даргыг нь яллаж явуулчихаад, “даамлуудтай” нь хамтрах ичгэвтэр учраас АН-ынхан ч тэднийг гуйхгүй л болов уу. Далд утгаараа даргаа аврахын тулд дээдсийг айлгах МАХН-ын төлөвлөгөө хэрэгжихэд даанч төвөгтэй болох бололтой.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: