Намын гэх даргын даалгавар МАХН-ыг задлах уу
- Бондын мөнгө орж ирээгүй байгаа хэврэг үеийг ашиглах санаа -
Монголын улс төрийн тайзнаа шинэ жүжиг нээлтээ хийв. Гэхдээ урьд нь хэн ч үзээгүй цоо шинэ юм биш ч үзэгч тун олонтой байж мэдэхээр гэдэг нь сүүлийн хоёр хоногийн үйл явдлууд гэрчилнэ. Өмнө нь өөр өөр найруулагч, өөр өөр жүжигчидтэй хэдэнтээ тоглоод ул болчихсон хуучин сэдэвтэй энэ жүжгийн ерөнхий найруулагч нь МАХН-ын дарга Н.Энхбаяр.
Гол дүрийн жүжигчид нь МАХН-ын Гүйцэтгэх товчоо гэж тус намын шийдвэр гаргах эрхтэй гэх толгой байгууллагынх нь гишүүд. Тэд өнгөрсөн даваа гаригт хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зогсоохгүй бол хамтарч засаг барьж буй Ардчилсан намаас гэрлэлтээ цуцлуулж, гоонь амьдралд шилжинэ хэмээсэн тулган шаардах маягийн шийдвэр гаргаснаа дуулгасан.
Үүнийг нь сонсоход Гүйцэтгэх товчоо гэж том эрхтэй байгууллага энэ намд байна хэмээн ойлгогдож болох. Гэвч учир мэдэх улсад бол энэ товчооны эрх тун хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, тэд толгой даагаад шийдвэр гаргадаг гэхээсээ шоронгийн ялаа эмнэлэгт эдэлж буй Н.Энхбаяр гэж хүний дохио зангаагаар хэл хийгээд гар нь хөдөлдөг хүүхэлдэйнүүд бололтой.
Уг товчоонд намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараас гадна УИХ-д суугаа гишүүд, Засгийн газарт ажиллаж буй сайд нар багтдаг аж. МАХН засгаас гарна гэх шийдвэрийг гаргасан Гүйцэтгэх товчооны хуралд тэр өдөр “Шударга үнэний төлөө сайдын албаа хүлээлгэж өг” гэсэн сүржин үүргийг намаасаа авсан нэр бүхий сайд нар бүгд оролцсон гэнэ.
Гэхдээ санаачилга тэднээс гараагүй. Эсэргүүцэх эрх ч тэдэнд байгаагүй. Учир нь Гүйцэтгэх товчоо гэж энэ байгууллагад буй гишүүдийн дийлэнх нь Н.Энхбаяр гэж хүний төлөө ямар ч нөхцөлд хоёр гараа өргөх хүмүүс. Тиймээс МАХН засгаас гарч шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын хувь заяа цаашлаад улс төрд ямар нөхцөл үүсч үүнээс нь болж хэн хохирох огт хамаагүй.
МАХН гэж энэ намыг Н.Энхбаяр байгуулсан нь үнэн. Сонгуульд чухамдаа Н.Энхбаяр гэж хүний хүчээр хэдэн суудал авсан нь ч үнэн. Түүнийхээ хүчинд парламентад үнэмлэхүй олонхи болж чадаагүй Ардчилсан намаас сүйн бэлэг хүлээж авсан нь ч маргашгүй үнэн. Энэ олон үнэнийг нэртэйгээ хамт уячихсан Н.Энхбаярт харин ялих шалихгүй зүйлээр ял эдлэх нь таалагдахгүй байгаа хэрэг.
Чухам тийм учраас тэр улс төрийн энэ шийдвэрийг намынхнаараа, намынхнаараа ч гэж Гүйцэтгэх товчооныхоо нөхдөөр гаргуулж буй юм. Хэдийгээр тус намын дэд дарга Шадар сайд Д.Тэрбишдагва энэ шийдвэрийн тухай албан ёсоор мэдээлэхдээ “МАХН-МҮАН “Шударга ёс” эвсэл анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа Монгол Улсад ардчилал шударга ёсыг бэхжүүлэхийг харилцан тохиролцож, зорилгоо болгон ажиллахаар гэрээ байгуулсан.
Гэтэл улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх явдал улам бүр гүнзгийрч, МАХН болон гишүүдийг ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчсөөр байна. Үүний нэг жишээ нь орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх, хууль бусаар хасах зэргээр хавчин гадуурхсан. Орон нутгийн сонгуульд манай нам 8000 мандат авах эрхтэй байсан ч 2000 гаруй хүн нэр дэвшсэн.
МАХН-ыг хууль бус шалтаг шалтгаан, зарим үед ямар ч шалтаггүйгээр хасч нийт гишүүдийн ердөө 30 хувь нь сонгуульд орох эрхтэй болсон. Мөн шүүхийн шийдвэр гарсаар байтал зарим газарт эрхийг нь олгохгүй байсаар гурав хоног сурталчилгаа хийх боломж олгосон” гэхчилэн тайлбарласан ч гол ньюанс намын дарга Н.Энхбаяртай холбоотой гэдгийг захын тэнэг ч гадарлахаар байгаа.
Н.Энхбаярын хэргийг Дээд шүүх маргааш хэлэлцэх товтой. Долоо хоногийн өмнө болох байсан ч албан ёсоор мэдэгдээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан нь чухамдаа намаараа улс төрийн ийм шийдвэр гаргуулж шүүхээр дамжуулан төр засагт цочроо өгөх том акц зохион байгуулахаар хугацаа авсан л хэрэг байж.
Уг нь тэр байгуулсан намтай нь хамтарч засаг барьж буй гэдгээрээ Ардчилсан намаас, ардчилсан Ерөнхийлөгчөөс нигүүлсэл хүлээсэн ч эс бүтэхийг ойлгосон учраас Засгийн газраар барьцаалан нэг алхам хийгээд үзэхээр тооцоолсон. Яагаад гэвэл яг одоо Н.Алтанхуягийн Засгийн газарт сэв сууж болохгүй. Учир нь сүр дуулиан болгон зарласан “Чингис” бондын мөнгө төрийн дансанд арай орж ирээгүй байгаа үе.
Бондын мөнгийг Н.Алтанхуягт итгээд, эсвэл Ч.Улааныг мундаг болохоор гадныхан өгчихөж байгаа хэрэг биш. Монголын засаг төр нь тогтвортой байж зээлүүлсэн мөнгө нь алсдаа найдвартай буцаж ирнэ гэдэг итгэл дээр хийгдсэн арилжаа. Гэтэл мөнгөө шилжүүлж ч амжаагүй байтал нь хэлцэл хийсэн Засгийн газарт нь асуудал үүсвэл салхи хаашаа эргэх нь тодорхой.
Энэ алтан үе Н.Энхбаярын шүүхээр явах эцсийн замтай огтлолцож таарсан. Үүнийг ашиглах ухааныг намын дарга нь сийлсэн болохоос үнэн хэрэгтээ МАХН-ын сайд нар засгаас татгалзаж шударга үнэнийг тогтооно хэмээн хөөрч буй хэрэг биш. Тэгээд ч энэ намд Н.Энхбаярын нөлөө их байгаа цагт өөрийгөө болоод засаг төрийн тогтвор, ард түмний амьжиргааг бодоод өндөр сэнтийтэйгээ зууралдана гэж санахын ч хэрэг байхгүйг тэд сайн ойлгож байгаа.
Хэдийгээр Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал нарын хэн хэн нь улс төрд ч, нийгэмд ч танигдсан улстөрчид ч энэ удаа яалт ч үгүй МАХН, бүр тодруулбал Н.Энхбаяр гэдэг нэрээр гишгүүр хийсэн. Тиймээс намын гэх Н.Энхбаярын даалгаврын өмнөөс сөрөх шалтгаан гаргаж чадахгүй дээ л аясыг нь дагаж суугаа гэнэ. Тэгээд ч хэн хэн нь ажлаа өгч, даргаа дагана гээд эрс шулуухан хэлчихээгүй.
Харин албан тушаалгүй хоцорсон өөр хэсэг нь тэдний өмнөөс шийдвэр гаргасанд дуртай биш байгаа нь эцэстээ энэ намд том задрал авчирч болзошгүй гэсэн дүгнэлтийг улс төр ойлгодог гэж өөрийгөө тоодог нэг биш хүн таамаглаж буйг дуулгая.
Н.Сарангэрэл
Эх сурвалж: “Өдрийн Шуудан”
URL: