Дэн буудлуудыг дэглэх хэрэгтэй

Зочид буудлын ресепшний амийг хөнөөсөн хэрэг энэ сарын нэгэнд гарсан талаар бид мэдээлж байсан. Өчигдөр уг хэргийн талаар тодруулахаар хэрэг гарсан зочид буудлыг зорилоо. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 28 дугаар сургуулийн баруун урд талд байрлах “Merdy” гэх зочид буудалд энэ аймшигт аллага гарчээ. Амиа алдсан эмэгтэйг Ж.О гэдэг байсан бөгөөд энд ажилд ороод хэдхэн хонож байсан байна.

 

Тус зочид буудал нь дотроо нийтийн караоке, баар, ази, европ хоол зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус газрын хаалга хаалттай, дотор нь хүн байсан боловч бидэнд хаалгаа тайлж өгөхийг хүссэнгүй. Иймд тус буудлын ойролцоох үйлчилгээний газруудаар орж, энэ газар юу болсон талаар асууж лавлалаа. Буудлын эсрэг талд нэгэн цайны газар байдаг.

 

Энд тус буудлын зарим үйлчлэгчид орж, хоол иддэг байжээ. Хэрэг гарсныг буудлын ээлжийн ресепшн анх мэдсэн байна. Түүнийг ирэхэд үйлчлэгчийн хувцсыг тайлсан, мөн дотуур хувцсыг нь ч тайлахыг оролдсон байх магадлалтай, булангийн өрөөнд нуусан байжээ. Айж сандарсан ээлжийн үйлчлэгч хэрэг явдлыг цагдаад мэдэгдсэнээр хэрэгтнийг эрж хайх үйл ажиллагаа эхэлсэн байна.

 

Хохирогчийн биеийг нь хурц мэсээр сийчиж, тамласан байдалтай байсан аж. Ойр хавийнхных нь хэлж буйгаар ням гарагийн өглөө ажилдаа ирэхэд нь бөөн цагдаа сэргийлэх болсон, буудлаас хүмүүсийг гаргаж байсан байна. Хүмүүс буудал л юм хойно зодоон цохион болсон юм болов уу, эсвэл настай хүн амьтан ороод янз бүр болчихов уу гэж бодоцгоож байтал тус буудлын ажилтан нь амиа алдсан гэдгийг орж ирсэн хүмүүс хэлж байсан гэнэ.

 

Түүнчлэн ээлжээр солигдох ёстой байсан угтагч охин цайны газар орж ирэхдээ маш их айж, цочирдсон байжээ. Хэргийн дуудлагыг авсан цагдаа нар үзлэг хийж, буудалд үйлчлүүлж байсан хүмүүсийг цагдаагийн машинд суулгаад байцаалт авахаар явсан байна. Тус буудал нь хорь гаруй өрөөтэй, тийм ч жижиг буудал биш
аж.

 

Тийм байж угаагч, цэвэрлэгч гэх орон тоо байхгүй, угтан үйлчлэгч буюу буудлын ресепшн нь энэ бүхнийг амжуулдаг байсан бололтой юм. Учир нь захиалсан хоолоо ч тухтай идэж чадалгүй одоо тэрийг угаана, тэрийг цэвэрлэнэ гээд л гүйгээд гардаг байсныг хэлж байв. Энэ бол дэн буудлуудын наад захын жишээ. Цаг харгалзалгүй үйлчилдэг энэ буудалд согтуу хөлчүү хүмүүс үйлчлүүлэх нь олонтаа.

 

Гэвч тийм байж харуул, хамгаалалт гэж үгүй. Оройн цагаар зөвхөн буудлын ресепшн нь үлддэг байсан байна. Согтуу хүний гарын ая даахааргүй эмэгтэй ганцаараа үлдэж шөнөжин ажиллана гэдэг бол санаанд багтамгүй асуудал. Энэ газар шөнө оройн цагаар залуус архидан согтуурах нь энүүхэнд. Ойр хавийн хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг байсан байна.

 

Зөвхөн энэ буудал ч биш, тус буудлаас хэдхэн алхмын зайтай гурав, дөрвөн зочид буудалд ч ийм зөрчил гардаг аж. Уг нь энэ буудлын коридорт камер бий. Энэ нь хэдэн сараар ч бичлэгийг хадгалж үлддэг. Гэвч ээлжийн үйлчлэгчийн ярьснаар дүрс нь бүрсийгээд тодорхой харагдахгүй байсан гэнэ. Түүнчлэн энэ буудлын эсрэг талд байрлах буудалд гаднах камер байдаг боловч гэрэлтүүлэггүй болохоор олигтой бичлэг байгаагүй байна.

 

Хотын төвөөрөө гэрэлтүүлэгтэй өдөр мэт байдаг боловч жинхэнэ гэмт хэрэг гарах нөхцөл нь бүрдсэн ийм газрын ойролцоо л гэрэлтүүлэг нь хамгийн их хэрэгтэй юм. Ерөөс энэ хавь бол хэдэн арван зочид буудал, баар, паабтай, хаана ч хэн ч гэмт хэрэгт өртөж болзошгүй ажээ. Тиймээс ийм газруудыг анхааралдаа авч, холбогдох хумүүс нь гэрэлтүүлэг, камер гээд байж болох бүхий л арга хэмжээг авах хэрэггэй байна.

 
Цэл залуухан бүсгүй ажлаа хийж яваад бусдын гарт амиа алдлаа. Бүр зодож, биеийг нь сийчиж, зэрлэгээр хөнөөжээ. Цагдаа нар шуурхай ажиллаж, сэжигтнийг барьсан аж. Харин сэжигтэн анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн гэдгийг зарим эх сурвалж өгүүлж байгаа юм. Хэрэгтэн зохих ялаа авна, энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхийг олон хүн харж байгаа.

 

Бид өнөөдөр ямар нийгэмд амьдраад байна вэ. Дайн тулаан, өлсч зовохын аюулгүй атал Монгол хүн Монголчуудаасаа айж амьдрах цаг ирээ юу. Бусдын л адил хөдөлмөрлөж, амьдрах гэж явсан залуухан эмэгтэйд ямар хатуу тавилан оногдоо вэ. Ажиллаад cap ч болоогүй байхдаа ажил дээрээ бусдын гарт амиа алдана гэдэг ар гэрт нь хэчнээн хүнд цохилт болоо бол.

 

Бид уг нь талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзах гэсэн боловч сэтгэл төвдсөнгүй. Ийм гунигт үед нь очиж сэтгэлийг нь бүр ч эмзэглүүлэхийг хүссэнгүй. Тиймдээ
ч бид өнөөдөр Монголынхоо мянга мянган охид, эмэгтэйчүүдийг ийм гэмт хэргийн золиос болгохгүйн тулд сонор сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс энэ хэргийг бичиж байна.

 

Дээрх буудалд хэрэг гарсны дараа буудлын үйлчүүлэгчдийг цагдаа нар байцаахаар авч явахад арван жилийн бололтой, үүргэвч үүрсэн хоёр охин, хоёр банди, нэг настай эмэгтэй, мөн хэдэн залуус байжээ. Тэдэнд юм мэдэгдээгүй гэж үү. Эсвэл талийгаач бүсгүйн таньдаг хүн байгаад, хүн орж ирэхэд орилж хашгирсангүй юу. Хулгай, дээрэм хийх зорилготой хүн хэргийг үйлдэв үү.

 

Ямартаа ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор Цагдаагийн газраас мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа юм. Хэрэг гарснаас хойш энэ буудлыг хаагаад байна. Харин өдөрт ажилчид нь ирчихээд удалгүй хаагаад явж байгааг ойр хавийн хүмүүс хэлж байв. Зочид буудал, дэн буудал нэртэй ийм газрууд гэмт хэргийн үүр уурхай болж гүйцсэн.

 

Танхай, хулгай, хүчин, залилан гээд янз бүрийн гэмт хэрэг гарах эх үүсвэр зочид буудалд бүрдэж байдаг. Хэдхэн сарын өмнө “Хангай” зочид буудалд өсвөр насны хүүхдүүд газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртөж, амиа алдах дөхсөн. Энэ мэтчилэн зочид буудал, дэн буудлыг тойрсон асуудал мундахгүй. Эдгээр газруудад гэнэтийн шалгалт хийж, шалгалтаар бүдэрсэн, зөрчилтэй газруудын тусгай зөвшөөрлийг шууд цуцалж, дахиж үйл ажиллагаа эрхлүүлэхгүй болгох хэрэгтэй байна.

 

Ингэж л хатуухан аргаар, тусгай зөвшөөрөлтэй нь ярьж байж гэмт хэргийг бага ч гэсэн бууруулахгүй бол болохгүй нь. Хүн дүрст араатнуудтай бид нэг нарны дор амьдарч байна. Хүн чанар, хүнээс айх, эмээх тэр сэтгэл хаана байна. Хаана гээгдэв. Өчүүхэн зүйлээс болж хүнийг тамлан зовоож, тарчилгаж хорооно гэдэг бол хүн биш, араатнаас гарах авир.

 

Охид, эмэгтэйчүүд минь, эцэг эхчүүд минь үр хүүхдээ үхлээс харамлаж, хүнээс айж яваарай гэдгийг ахин дахин сануулаарай. Үхэл, болзошгүй аюул, гэмт хэргээс бид урьдчилан сэргийлж чадна. Монголдоо тайван амгалан амьдардаг тэр цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Харин тэр болтол та бид сонор сэрэмжтэй л байх хэрэгтэй.

 

Мэргэжлийн хяналт, цагдаа сэргийлэх, газрын алба гээд дэн буудал нэртэй гэмт хэргийн үүр уурхай болсон газруудыг нэг сайн дэглээд өгмөөр байна. Үүнийг одоо л цэгцлэхгүй бол өөр олон хүн амь насаараа хохирч мэдэхээр байна.
Ө.Туул
Эх сурвалж: “Үндэсний Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих