АН хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн тул Ерөнхийлөгч хариуцлагыг нь хүлээнэ
МАХН Засгаас гарах нь зөвхөн сүрдүүлэг байж. Учир нь тэд албан тушаалаасаа татгалзах сонирхолгүй байгаа ч намын даргаа наранд гаргахын тулд ийнхүү шантаажлахаас өөр аргагүй байдалд хүрсэн бололтой юм. Хэрэв МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгааг зогсоохгүй бол хамтарсан Засгийн газраас өрх тусгаарлана, харин тэдний хүсэлтийг хүлээн авбал цаашид хамтраад явах боломжтой гэх утга бүхий үгийг намын гишүүд нь мэдэгдэж эхлээд байна.
Шадар сайд Д.Тэрбишдагвын өчигдөр хийсэн мэдээллийн үеэр ч дээрх үг цухалзав. Түүний мэдэгдэж буйгаар АН хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн гэнэ. Иймээс Засгийн газраас гарах эсэхээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Киргизээс ирсний дараа хэлэлцэж, шийдвэрлэхээ мэдэгдэв. Тэрбээр “Бид Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийг суурь зарчмаа болгож АН болон Иргэний зориг-Ногоон намтай хамтарсан Засгийн газар байгуулсан.
Гэтэл АН-ын зүгээс манай нам руу хандсан хэлмэгдүүлэлтийг ихээр хийх болсон. Үүний тод жишээ нь орон нутгийн хурлын сонгуулиар биднийг их муухай басамжиллаа. Манай нам орон нутгийн хурлын сонгуулиар 8000 гаруй нэр дэвшигчийн мандат авах байсан. Гэвч 2000 гаруй хүн нэр дэвшсэн. Шүүхийн шийдвэр гарсаар байтал нэр дэвшигчдийн үнэмлэхийг нь олгохгүй, сонгууль болохоос гурав хоногийн өмнө үнэмлэхийг нь өгч байх жишээтэй.
Үнэмлэх олгох байсан ч өгөхөө мартсан гэсэн тэнэг үйлдэл гарсан” хэмээн тодотгосон юм. Гэхдээ хэлмэгдүүлэлт УИХ-ын сонгуулиас өмнө эхэлснийг ч тэрбээр тодотгож, өмнөх үйл явдлын талаар хөндсөн юм. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, гишүүн З.Ойдов, Э.Батшугар нарыг нэр дэвшүүлэхгүй, хавчиж, хэлмэгдүүлсэн гэнэ. Энэ мэт ил далд хяхаж, хавчсан үйлдлийг удаа дараа гаргаж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Тиймээс ч МАХН Засгийн газраас гарна хэмээн мэдэгдсэн. Харин Засгийн газарт үүсэх нөхцөл байдлын хариуцлагыг тэд үүрэхгүй. Шүүх засаглалыг эрх мэдэлдээ оруулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, төрд тогтворгүй байдал үүсвэл МАХН-ынхан биш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцах ёстойг хариуцлагатайгаар мэдэгдэж буйгаа онцолсон.
Хэрэв энэ байдлаараа цааш үргэлжлэх юм бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандахаа ч илэрхийлсэн. Д.Тэрбишдагва “Манай нам эвсэхдээ шударга үнэний төлөө ажиллана гэсэн болохоос иймэрхүү байдалтай нүүр тулна гэж бодоогүй” гэв. Намын гүйцэтгэх товчооны хурлаар тогтоол гаргажээ. Тогтоолд, хэлмэгдүүлэлт, сонгох, сонгогдох эрх чөлөөний асуудал, Засгийн газарт ажиллах эсэх, засгаас гарах эсэхийг бүлгийн нөхөдтэй ярилцах ёстой гэсэн чиглэл өгсөн аж.
Үүний дагуу МАХН-аас Засгийн газарт орсон гишүүд Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдтэйгээ ярилцаж байгаа аж. Н.Батцэрэг болон МҮАН-ынхантай хэлэлцэж байгаа асуудлаараа тохиролцод хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа ч хэлсэн. Улмаар эвслийнхэн хэрхэн тохиролцсон талаараа өнөөдөр мэдээлэл хийхээ амласан юм. Тэр ч бүү хэл, Н.Батцэрэг, Д.Тэрбишдагва нар зэрэгцэн сууж, мэдээлэл хийх тухай онцолсон.
Түүнчлэн эвсэж Засгийн газар байгуулсан АН-ын дарга Н.Алтанхуяг, ИЗНН-ын дарга С.Оюун нарт асуудлаа танилцуулж, хэлэлцээр хийнэ гэдгээ ч уламжиллаа. Иймээс Ерөнхий сайд эх орондоо газардсан даруйдаа Засгийн газрынхаа хувь заяаг шийдвэрлэх болох нь.
Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: