АРАЙ ХЭТЭРНЭ ЭЭ !
Арай хэтэрнэ ээ! Монгол Улс Төв Азидаа хамгийн ардчилсан улс. Монгол Улс Зүүн Хойд Азид ардчилсан гэгдэх гуравхан улсын нэг. Монгол Улс Ази тивдээ ардчилсан хэмээн цоллуулдаг гарын арван хуруунд багтаж тоологдох цөөн улсын нэг. Үүнийг ардчилсан улс орнуудын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрөхөөр барахгүй ардчилалыг шинээр тогтоож байгаа бусад улсуудад үлгэр жишээ болгон, туршлага судлахыг зөвлөдөг. Түүгээр зогсохгүй, хэрэвзээ хүний эрх гэдгийг дур зоргоороо байх явдлаар хэмждэг юм бол Монгол Улс энэ дэлхийд ховорхон ардчилсан улс. Америк, Япон, Франц зэрэг ардчиллын манлайлагчдын аль нь ч бидний урд гарч гишгэхгүй. Манайд хүнийг дураараа гүтгэн гүжирдэх “эрх”-тэй. Манайд төрийн эрх мэдлийг хүчээр, хууль бусаар булаан авахыг завдахыг уриалах “эрх”-тэй. Уг нь эдгээр “эрх”-ийг хуулиар хориглосон байдаг. Гэхдээ манайд хуулийн дээр дур зорго байх “эрх”-тэй гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Энэ бичигдээгүй хууль хүртэл Монгол Улсыг дэлхийн хамгийн ардчилсан улс болгож байдаг юм. Гэтэл, үзтэл ийм эрх чөлөөтэй, ардчилсан улс байтал чинь Монгол Улсыг Каддафи, Мубарак нарын лалын дарангуйлагч дэглэмтэй адилтган үзэж байгаа нь арай хэтэрнэ ээ. Энэ бол доромжлол. Хойд Солонгост бослого болбол Монголын ардчиллыг Ким Чен Ирийн дарангуйлагч дэглэмтэй адилтгаж ‘доош’ нь хийх юм байна.
Монголын ардчилалд “хөлд орох”-ын бэрхшээл бий. Хазайна, гудайна, унана, босно. Өнөөдөр ч олигархируу халтирахын зовлонг харж л байна. Үүнийг хэн ч үгүйсгээгүй. Гэхдээ, өнөөдрийн манай ардчиллыг харгис хэрцгийгээрээ зард гарсан дарангуйлагч дэглэмтэй адилтгаж байгаа нь арай хэтэрнэ ээ. Ардчиллаа эрхэмлэдэг монголчуудыг муухайгаар гутаан доромжлсон хэрэг. Нэг хэсэг хүнд таалагдахгүй бол ардчилсан биш болчихно гэж байдаггүй юм. Монголын ардчиллыг олж харахгүй байгаа хүмүүс интернэтэд ор, сонин үз, телевизээ асаа, Сүхбаатарын талбай дахь цуглааныг хар, Үндсэн Хуулиа унш. Тэгвэл байгаа юмыг байхгүй гэх аргагүй юм байна гэдгийг эрхбиш ойлгох ёстой. Ойлгохгүй байгаа бол тэд ардчиллаас өөр зүйл ярьж байгаа хэрэг ээ!
Арай хэтэрнэ ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын “төрийн гурван өндөрлөг” гэгдэх албан тушаалыг завсаргүй хашиж байсан хариуцлагатай хүн төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус арга замаар, хүчээр булааж авахыг шургуу сурталдах боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” хэмээн тов тодорхой заасан байдаг. Энэ заалтын утга учрыг мэдэхийн цаагуур мэддэг “гуравдахь Ерөнхийлөгч” Н.Энхбаяр сонгуульд ялагдсандаа хорсохдоо, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг өнөөдөр уриалж байгаа нь нээрээ хэтэрч байна!
Энэ хүн Ерөнхий сайд байхдаа, Улсын Их Хурлын дарга байхдаа, Ерөнхийлөгч байхдаа «Миний бие манай нийгмийн аливаа харилцаа, үйл ажиллагаа гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд явагдах ёстой гэсэн байр суурийг баримталсаар ирсэн. Үндсэн хууль зөрчих, эсхүл Үндсэн хуулийн гадна үйл ажиллагаа явуулах гэсэн аливаа оролдлогыг үл тэвчих ёстой. Ийм алдаа гаргасан бол дор бүр нь засч залруулж байх хэрэгтэй. Энэ бол Үндсэн хуульт байгууллын амин чухал зарчим мөн гэдгийг онцлон тэмдэглэж байна» гэж байнга хэлдэг байсан юм шүү дээ. Хэлээд зогсохгүй Үндсэн хууль зөрчихийг «тэвчих ёсгүй» гэдгээ харуулдаг байсан юм. Гэтэл, одоо тэр өөрөө мөнөөх Үндсэн хуулиа тэвчихээ байжээ. Үндсэн хуулийн дагуу ард түмнээс сонгогдсон одоогийн ерөнхийлөгчийг тэвчихээ байжээ. Тэгээд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн эсрэг Исмэл тайж лугаа адил хорлонтой үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Элбэгдож Энхбаяраас Ерөнхийлөгчийн албыг булааж аваагүй. Ард түмэн сонгуулиар Элбэгдоржийг Ерөнхийлөгч бол гэж шийдсэн. Өөрийгөө үндэсний удирдагч хэмээн аархдаг Каддафи, Мубарак нар шиг хэлтийгээд байхаар нь Энхбаяраас Монголын ард түмэн салья хэмээсэн биз. Манайд Үндэсний удирдагч гэж хөөрдөг хүнээс салахад лалын орнууд шиг ямар ч бослого хэрэггүй бөгөөд ард түмний чөлөөт сонголтоор асуудлыг шийдчихдэг юм. Монголчуудад «лалартах» шаардлага байхгүй. Бид ийм Үндсэн хуультай. Энэ Үндсэн хуулийг Энхбаяр тэвчихгүй байна.Учир нь чөлөөт сонгуулиар дахиж Ерөнхийлөгч болох боломжгүй гэдгээ ойлгожээ. Ард түмэн нэг унасан ерөнхийлөгчийг дахин сонгодоггүй. Дор хаяж гомдол хорсол нуугдсан ухаанаас нь болгоомжилдог. Үүнийг мэдэрсэн Энхбаяр сонгуулиар авах боломжгүй эрх мэдлийг хүчээр булаан авахаар шийджээ. Амин хувийн ашиг сонирхлынхоо төлөө хийх гэж байгаа энэ муу хэргээ «хувьсгал» гэж өргөмжлөөд байгаа юм. Энхсайханы онож нэрлэсэнээр «Авилгын загалмайлсан эцэг» гэгдэх энэ хүний «хувьсгал» юуных нь хувьсгал байх билээ. Энхбаярын мунхаг амбицын төлөөсөнд монголчууд хүчирхийллийн хавханд л автаж мэднэ. Өөрийнхөө төлөө монгоын ард түмнийг амар амгалан амьдруулахгүй байхаар «ял» бэлдэж суугаа Энхбаярын Үндсэн хуулийг үл тэвчих байдал арай хэтэрчээ.
Арай хэтэрнэ ээ! Улстөрийн шинэчлэл хэрэгтэй гэдгийг Улсын Их Хурал, эрх баригч намууд ойлгож Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, сонгуулийн хуулийг бүхэлд нь шинэчлэх нээлттэй ажлын хэсгүүдийг тус тусад нь байгуулсан. Эдгээр ажлын хэсгийн үйл ажиллагаанд УИХ-д суудалтай суудалгүй бүх намуудыг оролцохыг урьсан. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан. Намууд, нэн ялангуяа УИХ-д суудалгүй намуудын зүгээс хамгийн их шүүмжлэгдэж яаралтай шинэчлэгдэх ёстой гэгддэг хууль сонгуулийн хууль байдаг учраас энэ ажлын хэсэг түлхүү ажиллаж байгаа юм. Гэтэл Бүгд Найрамдах намыг эс тооцвол мөнөөх шүүмжлэл урсгаад байсан намууд ажлын хэсгийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Санал ч өгдөггүй. Сураг ч алдрчихана. Тэгээд орой телевиз асаахаар сонгуулийн хуулийн муу муухайг зад дайрсан ярицлагыг хийж байгаа нь байнга харагдана.Тэг тэгсээр сүүлийн үед ерөөсөө сонгуулиар юуг ч өөрчилж чадахгүй тул төрийн эрх мэдлийг хүчээр булаан авах хэрэгтэй гэцгээдэг болов. Бодоод байвал анхнаасаа сонгуулийн хуулийг сайжруулах гэж зориогүй ерөөсөө сонгууль гээчийг байхгүй болгох зорилготой байсан мэт.
Ард түмэн биднийг дэмжиж байгаа гэх мөртлөө ард түмнээр сонгуулахгүй гээд байдаг болсон тэдний большевик үг ярианы учрыг ойлгоход төвөггүй. Ингэж яриад байгаа нам, хувь хүмүүс нь үнэндээ өнгөрсөн сонгуулиудаар, ядахдаа зарга үүсгэчихэж болох хэмжээний олигтойхон санал авч байгаагүй юм билээ. Өөрөөр хэлбэл ардчилсан сонгуулаар хэзээ ч улстөрийн эрх мэдэлд хүрч чадахгүй гэдгээ ойлгосон улс ажээ. Тэгээд,Ленин шиг «Бид ард түмний төлөө байгаа боловч тэд биднийг ойлгох болоогүй тул сонгуулиар манай нам улстөрийн эрх мэдэл авч чадахгүй. Тийм учраас ард түмний өөрийнх нь сайн сайхны төлөө тэдэнд байгаа гэх төрийн эрхийг хүчээр булаан авах хэрэгтэй» гэсэн зүйлийг ичгүүр сонжуургүй ярьдаг болжээ. Ард түмний сонгуулиар өгөөгүй төрийн эрх мэдлийг хүчээр булааж авахаа ил цагаан зарлах явдал арай хэтэрлээ!
URL: