Bloomberg: Монголын ”Чингис хаан” бонд дэлхийн эдийн засагт тэсрэлт хийлээ

Өнгөрсөн долоо хоногийн эдийн засгийн онцлох үйл явдлаар дэлхийн хэвлэлүүд Монголын “Чингис хаан” бондыг нэрлэж байна. 11-р сарын 28-нд буюу өнгөрсөн лхагва гарагт Монголын Засгийн газраас дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргасан 1,5 тэрбум долларын бонд үтэр түргэн зарагдаж дууссан нь дэлхийн эдийн засагчдыг ангайлгажээ. Энэ нь Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувьтай тэнцэх мөнгө. Монголын Засгийн газрын таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд 4.125 хувийн хүүтэй,  арван жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бонд  5.125 хувийн хүүтэйгээр  зарагдсан.  УИХ-ын гишүүн С.Баярцогтын хэлдэгээр Монголын бонд юугаараа гайхамшигтай байсан бэ гэвэл бусад орныг бодвол харьцангуй бага хүүтэй арилжаалагдлаа. Өмнө нь Испаний Засгийн газрын 10 жилийн хугацаатай бонд 5,35 хувийн хүүтэй зарагдаж байсан бол Монголынх түүнээс хямд 5,06 байгааг “Bloomberg” телевизийн редактор Micheal Mckee онцолсон байна.

1
1

Тэрбээр “Хэрэв АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь нь 2,3 триллион доллар. Хэрэв АНУ Монгол шиг ДНБ-ыхээ 17 хувьтай тэнцэх бондыг гаргавал хүмүүс бараг л ухаан алдах байх” гэжээ. Монголын Засгийн газрын бонд ийнхүү бага хүүтэй ч  маш хурдан хугацаанд зарагдсан нь гадны хөрөнгө оруулагчид Монголыг хараандаа байлгасаар байгааг илтгэж байгаа юм.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэх янз бүрийн захидал гадаад руу илгээж, “Саусгоби Ресурс”-тай хийсэн гэрээгээ цуцалж, Австралийн иргэнийг авлигын хэргээр шалгаж, Оюутолгойн гэрээг өөрчил гэж улс төрийн байдал нь тогтворгүй байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг түлхэж байна гэж Монголын зарим улс төрчид мэдэгдэж байсан. Ер нь хөрөнгө оруулагчид ямар нэг орны Засгийн газрын бондыг хулдалдаж авахдаа улс төр, нийгмийн тогтворгүй байдал үүсч болзошгүй, эрсдэл ихтэй гээд түүний оронд хувь компаний бонд авахыг илүүд үздэг. Тэгвэл энэ үйл явдал гадны хөрөнгө оруулагчид Монголыг эрсдэлтэй гэж үзэлгүй харин ч улам шунан дурлаж байгааг харуулж байна.  “Bloomberg” телевизийн редактор Монголын эдийн засаг цаашид ч хурдацтай өсч, нүүрсний зах зээлд дэлхийн хоёр дахь том орон болно гэдгийг дурджээ.

Шинэчлэлийн Засгийн газар юу хийсэн бэ гэвэл Чингис хаан бондыг ам бардам дурдаж болохоор боллоо. Хэл ам ихтэй, муу нэрнээс салдаггүй ч Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр зэрэг “хуучин бууны хугархай”-нуудын хийсэн ажилд дэлхийн эдийн засагчид өндөр оноо өглөө. Тэгвэл Монголын улсын төсөвт орж буй 1,5 тэрбум долларыг амласан ёсоор нь бүтээн байгуулалтдаа зарцуулах хяналт тавих үүрэг бидэнд оногдож байна. Оюутолгойг харж суулгүй өөр баялаг бидэнд байгаа гэдгийг санацгаая. Энэ бол Монголын ирээдүй, дэлхийн тавцан дахь Монгол улсын нэр хүнд юм.
Т.Гэрэл

Эх сурвалж: 24цаг.мн


URL:

Сэтгэгдэл бичих