О.Баасанхүү: АН-ын дээрэнгүй байдлыг тэвчиж чадахгүй

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, намын дарга Н.Энхбаярт зохиомол ял тулган хорьж байгаа нь улстөрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзсэн байна. Тиймээс энэхүү хэлмэгдүүлэлтээ зогсоохгүй өдий хүрсэн учир Засгийн газарт ажиллаж байгаа МАХН-ын гишүүдээ засгаас гарахыг намын дэд дарга Д.Тэрбишдагва даалгажээ. Улстөрийн хүрээнд ид өрнөж байгаа эл асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-МАХН яагаад хамтарсан засгаас гарах шийдвэр гаргасан юм бэ?

-Надад ирсэн мэдээллээр уржигдар МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдсан юм билээ. Хуралд манай намын бүх сайд, гишүүд очсон. Харин би амжаагүй. Хурлаар хэлмэгдүүлэлтийн тухай сэдвийг ярьсан. Зөвхөн Н.Энхбаяр даргатай ч холбоотой биш. Орон нутгийн сонгуулиар манай намын нэр дэвшигчдийг олноор нь хэлмэгдүүлсэн.

8000 хүн нэр дэвшиж бүртгэгдэх байснаас 2000 хүрэхтэй, үгүйтэй хүн нэр дэвшсэн. Ерөөс эрх барьж буй намаас МАХН-ыг шахан хавчих гэсэн бодлого явуулж байна. Ийм байхад бид засагт ажиллаж байгаа нь буруу гэдэг асуудал яригдсан. Хэлмэгдүүлэлт цаашид үргэлжилбэл засгаас гарах нь зөв гэсэн байр сууринд хүрсэн гэсэн мэдээллийг авсан.

-Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар нударга зөрүүлсэн нь Засгийн газрын сайдууд эв түнжингүй байгаагийн том жишээ гэж ойлгож болох уу?

-Тэр хоёрыг нударга зөрүүлсэн гэж би хэвлэлээс л уншсан. Хэн нэгнээс сонсоогүй юм байна. Хэвлэл дээр гарсан болгоныг үнэн гэж бодохгүй байна.

-Д.Тэрбишдагва “Эр хүмүүст тиймэрхүү зүйл байлгүй л яахав” гэж хэвлэлд ярьсан байна шүү дээ. Намынх нь гишүүн мэдээгүй байдаг нь сонин л юм?

-Тийм үү, би үнэхээр мэдэхгүй байна. Үүнээс болж засгаас гарахгүй байлгүй дээ.

-МАХН-ын засгийг орхих болсон шалтгаан нь тэгээд намын дарга Н.Энхбаяр юм уу?

-Н.Энхбаяр даргатай холбоотой асуудал анхнаасаа л хэлмэгдүүлэлт шүү дээ. Үүнийг зөвхөн Н.Энхбаяр даргын асуудал гэж үзэхгүй байгаа. Орон нутгийн сонгуулийн үр дүнг харахад МАХН тааруухан оролцсон. Гэхдээ манай намыг тааруухан оролцуулсан гэж хэлж болно. Яагаад гэвэл бидний тэгш байдлыг хангаж чадаагүй.

Нэр дэвшигчдийг маань тэр болгон бүртгээгүй. Бүртгэсэн ч зориуд сонгуулийн хугацаа дөхүүлж байгаад бүртгэсэн. Ерөнхийдөө намын төв штаб сонгуулийн сурталчилгаанд анхаарахын оронд хэлмэгдсэн хүмүүсийнхээ араас явсаар байгаад л сонгууль дуусчихлаа.

-Тэгвэл орон нутгийн сонгуулийн дүн Засгийн газарт хамтарч ажиллахгүй байх бас нэг шалтгаан байж болох нь ээ?

-Тийм байж болно.

-Засгийн газрын 100 дахь хоног саяхан тохиосон. Энэ үеэр засгаас гарах тухай ярьж эхэлсний учир юу вэ. Та бүхэн хамтрагч намынхаа тарыг таньчихсан гэсэн үг үү?

-Уг нь Засгийн газраас гарах нь буруу гэж бодож байгаа юм. Гэхдээ хэлмэгдүүлэлт үргэлжлээд байвал асуудал улам л хэцүү болох байх. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль ойртчихсон. Хүн болгон л өөрийгөө Ерөнхийлөгч гээд ойлгочихож. Тийм хүн энд тэндгүй л байна.

-Та яг хэнийг хэлээд байна вэ?

-Хаа сайгүй л тийм хүмүүс байна шүү дээ. Тиймээс АН-ын дээрэнгүй занг бид тэвчиж чадахгүй байна. Саяхан гэхэд Ерөнхийлөгчтэй уулзах гэсэн хүсэлт тавиад туслахад нь загнуулаад л гарлаа. Тэр яагаад хүн загнадаг юм. Өнөөдөр намайг үнэлэхгүй байж болно оо. Гэвч Монголын төрийг хүндлэх ёстой шүү дээ. Бид монгол төрийн цэвэр байдлын төлөө л бүх шийдвэрээ гаргаад явж байгаа.

-Бүх шийдвэр гэж Та юуг хэлээд байна вэ. Үүнд Засгийн газраас гарах асуудал багтаж байгаа юу?

-Засгаас яг гарлаа гэж хэлээгүй байна шүү дээ.

-Хамтарсан Засгийн газраас МАХН гарах бүх үндэслэл бүрдчихээд байгаа юм биш үү?

-Би ямар засагт орсон биш. Засгаас гарах уу, үгүй юу гэдгийг тэнд ажиллаж байгаа хүмүүс хэлэх байх. Би бол МАХН-ын гишүүн.

-Засгаас гарах асуудал МАХН-ын сайд нараас гадна энэ намаас нэр дэвшсэн Тан шиг гишүүдэд ч гэсэн хамаатай биз дээ?

-Би намын гишүүн учраас намын бодлогыг дагах үүрэгтэй.

-Тэгэхээр Та нам засгаас гарвал гарна л биз, гарахгүй бол тэр л биз гэж бодож байгаа юм уу?

-Ерөөсөө хэлмэгдүүлэлтийн эсрэг л бүгд зогсох ёстой л гэж ярьж байгаа юм.

-Хэрвээ МАХН хамтарч ажиллахаа больчихвол энэ удаагийн Засгийн газар түүхэндээ хамгийн богино настайд тооцогдох нь?

-Ийм асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг л хариулах байх. Харин би юу гэж бодож байна гэхээр МАХН шударга ёсны талд зогсож, хуулийг хүндэтгэж, төр засгийг эмхлэн байгуулахын төлөө гол үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ гэж байдаг шүү дээ. Тэрийгээ бодох хэрэгтэй.

-Та УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын 100 хоногийн ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Гэхдээ Засгийн газар их хэмжээний бонд гаргаснаар нэлээд хэцүү байдалд орох байх гэж харж байгаа. Одоо бонд арилжигдаад 1.2 тэрбум төгрөг Засгийн газарт орох талаар яригдаж эхэлсэн. Үүнийг хэсэг бүлэг этгээд өөрсдөдөө ашиглахыг үгүйсгэхгүй. Ер нь одоогийн улстөрд үүсээд байгаа нөхцөл байдал болон Засгийн газрыг тогтвортой байлгах талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж ярилцаж байсан. Харин Ерөнхийлөгчтэй уулзаж чадсангүй.

-Та Ерөнхийлөгчтэй ямар асуудлаар уулзах гэсэн юм бэ?

-Зөндөө л асуудал байна шүү дээ. Тухайлбал, УИХ-ын гацааны асуудал байна. Ерөнхийлөгчөөс одоогийн УИХ-ын дарга гэгдээд байгаа З.Энхболдыг юу гэж боддог талаар асуумаар байна. Уг нь З.Энхболдоос болоод л чуулганы үйл ажиллагаа гацаад байгаа хэрэг. УИХ хуралдахгүй байна гэдэг бол зөвхөн УИХ-ын даргаас хамааралтай.

 

УИХ-ын гишүүдээс хамааралгүй асуудал. Үүнд МАХН, МАН, АН огтхон ч хамаагүй. Энэ хүн яаж ийж байгаад л хурлаа хуралдуулах ёстой. Гэтэл З.Энхболд хуралдуулахыг хүсэхгүй байна шүү дээ.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан МАХН-аас болж хуралдаагүй гэж гадуур яригдаж байна лээ?

-Чуулганыг УИХ-ын дарга хуралдуулдаг юм уу, “Шударга ёс” эвсэл хуралдуулдаг юм уу. “Шударга ёс” эвсэл чуулганыг хуралдуулдаг юм бол манай эвслээс дарга тавьчихсан нь дээр биз дээ. З.Энхболдыг үүргээ биелүүлээч гэж хэлмээр байна.

-Эрх баригчдад МАХН-ыг үл ойшоох байдал ажиглагдаж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөөсөө орон нутгийн сонгуулийн үеэр бүх зүйл харагдлаа. Хэлмэгдүүлэлт явагдаж байхад бидэнтэй эвссэн нам маань бидэнд ямар хандаж байгаа нь тодорхой болсон.

 
-МАХН сайд нараа дангаараа татах юм уу. Сонгуульд эвсэж орсон МҮАН-аа яах юм бэ?

-”Шударга ёс” эвсэл 2016 он хүртэл хамтарч ажиллана. Ер нь төсөөлөх чинь утгагүй шүү дээ. Тухайн үедээ л болох байх. Яагаад гэвэл эвсэл өөрийн гэсэн удирдах зөвлөлтэй, хууль дүрэмтэй.

-”Шударга ёс” эвсэл дөрвөн жил хамтарч ажиллана гэж хэлж байгаа ч дотроо хагаралтай юм шиг л харагдах юм?

-Ямар ч асуудал байхгүй. Харин хэвлэлээр тэгээд л гараад байна лээ. Бид өчигдөр эвслийн хурлаа хийсэн. Бүх зүйл хэвийн л байгаа шүү дээ.

-Тэгвэл МҮАН-ынхан АН-д нэгдэж хамтарч засаг байгуулна гэсэн сураг дуулдлаа?

-Айлын хаяанд суух сонирхолтой, насаараа урвагч гэж дуудуулаад, бөөлжсөн бөөлжсөө долоох дуртай юм бол сууна л биз. Гэхдээ би тэгнэ гэж бодохгүй байна. МҮАН дотор чинь жудагтай, мэдлэгтэй, боловсролтой, төрд олон жил ажилласан хүн бий. Тийм хэрнээ хүүхэд шиг давхиж очоод л сууна гэдэгт итгэхгүй байна. Хэрвээ суулаа гэхэд яаж байгаа юм бэ ч гэхгүй. Нэр хугарахаар, яс хугар гэж зүйр үг байдаг биз дээ. Нэр төрөө бодох байлгүй дээ.

-МҮАН АН-д дагаар орж, МАХН төрхөмдөө буцах боломжтой юу?

-Мэдэхгүй. АН эд нарыг авна гэдэгт итгэхгүй байна. За авлаа гэхэд ард түмнийг тэнэг гэж бодсонтой л адил зүйл болно. Тийм утгагүй юм байж болохгүй. Хэрвээ АН-д ойрхон байдгаар нь гишүүдийг авна гэж байгаа бол би ч гэсэн АН-тай ойрхон л байсан. Тэглээ гээд намайг аваагүй л байна. Ойрхон байснаар нь битгий хард л даа.
Д.Мягмарсүрэн

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих