ХЯТАДЫН ТАМХИЧИД ГАЛТ ТЭРЭГНИЙ ХУРДЫГ СААРУУЛЖ БАЙНА

Хятадын хурдны шинэ галт тэрэг нь аюулгүйн системийнхээ мэдэрч буй тамхины утааны дохиоллоос шалтгаалан хурдаа саах шаардлагатай болж байна хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.
Арванхоёрдугаар сарын 1-нд тус улсын зүүн хойд хэсэгт Цельсийн 40 хэмийн хүйтэнд галт тэрэг цагт 350 км хүртэл хурдалж болох төмөр замыг ашиглалтад оруулснаа Хятад улс зарласан байна. Ийм хүйтэнд өндөр хурд хийж болох өөр төмөр зам дэлхийд одоогоор алга.
Түүний зэрэгцээ Хятадын зүүн хойд хэсгийн гурван ч мужийг холбосон шинэ төмөр замыг ашиглаж эхэлсэн эхний өдрөөс л хятад хүмүүсийн тамхи татах зуршилтай холбоотой асуудал гарч байна. Эхний гурван өдөрт л гэхэд галт тэрэгний хөдөлгөөнөө автоматаар удаашруулах систем нь гурван ч удаа ажилласан гэнэ. Аюулгүйн системийн мэдэрч байгаа утаанаас үүдэн галт тэрэгний хурд агт 200 км-ээс 120 км болж буурдаг аж. Азаар шинэ төмөр замд осол гарахад хүргэж болзошгүй галт тэргийг нэн яаралтай зогсоох шаардлага тулгараагүй байна.
Харин галт тэргэнд байрлуулсан мэдээллийн электрон систем нь хурдны галт тэрэгний бие засах газарт тамхи татсан журам зөрчигчдийг цаг тухайд нь илрүүлэх боломж олгож байгаа гэнэ. Дүрэм зөрчигчид бүгдээрээ ийм хориг байдгийг мэдээгүй хэмээн тайлбар тавьсан бөгөөд 200 юаниар /32 орчим доллар/ торгуулсан гэнэ.
С.Амар

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих