Согтууруулах ундаа үйлдвэрлэгч 25-аар цөөрлөө

Манай улсад 100 гаруй архины үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нийт бүтээгдэхүүнийг тооцвол нэг хүнд дөрвөн литр архи ноогддог гэх судалгаа бий. Тиймдээ ч насанд хүрээгүй хүүхдүүд архин далайд живж, залуус нь хэрэглээ мэтээр ойлгосоор өдийг хүрчээ. Согтууруулах ундаа үйлдвэрлэлийн зах зээлийг ажиглавал 65,3 хувь нь пиво, 29,6 хувь нь архины үйлдвэр бол дөрвөн хувь нь спиртний үйлдвэр эзэлдэг байна. Харин дарсны үйлдвэрлэл 0,1 хувийг эзэлдэг аж. Монголын мянга мянган гэр бүлд архидалтаас үүдсэн хүчирхийлэл байгааг олон хүн ярьдаг.  Энэ чиглэлээр төрийн зүгээс дорвитой анхаарсан зүйлгүйгээр сүүлийн хэдэн жилийг авсан юм. Улсын хэмжээнд байгаа архи согтууруулах ундаа үйлдвэрлэж буй 25 компанийн тусгай эрхийг цуцлах болсныг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдэв. Тэд Засгийн газрын согтууруулах ундаа үйлдвэрлэгч компа­ниудын тусгай зөвшөөр­лийг цуцлах төслийг ийн боловсруулжээ.

Мэргэжлийн хянал­тын ерөнхий газрынхан өнгөрсөн наймдугаар сард “Архи согтууруулах ундааны үйлд­вэрлэл, бүтээг­дэхүүний чанар, аюулгүй байдал”-д шалгалт хийсэн аж. Шалгалтаар спиртийн гурав, архины 17, дарсны дөрөв, шар айрагны таван үйлдвэр чанар, эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж. Мөн ажлын байрны нөхцөл муу байсныг тогтоожээ. Ингэснээр тэд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1,  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага MNS 4990-2000 стандартыг хангаагүй гэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах дүгнэлтийг улсын байгцаагч гаргасан байна. Мөн энэ үеэр гурван компани согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө өөрийн хүсэлтээр хүчингүй болгуулжээ. Уг шалгалтын дүнг өнгөрсөн аравдугаар сарын 16-нд тус газрын даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, 25 компа­нийн тусгай зөвшөөр­лийг цуцлах шийдвэр гарчээ. Улсын хэмжээнд тусгай зөв­шөөрөлтэй   үйлдвэрийн тоо 2004 онтой харьцуулахад 60 хувиар буурсаныг мэргэ­жилтнүүд хэлж байна. Энэ нь  2008 оноос хойш согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгохгүй болсонтой холбоотойг онцолж байв.

Эх сурвалж: Polit.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих