УИХ-ын нэг тойрог Ерөнхийлөгчийн зөвлөхийн тоглоом гэж үү?
УИХ-ын ганцхан тойрог нэг мандатны маргаантай үлдлээ. Энэ нь Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог. АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр тойргийн хорооны санал тоолох аргачлалыг буруутгаж шүүхдэж эхэлсэн. Гэвч тэрхүү аргачлалаар нь УИХ-ын 75 гишүүн сонгогдчихоод байгаа. Ингээд Захиргааны хэргийн шүүх нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцэж, тэр тусмаа шүүх хурал дууссанаас хойш дөрвөн цаг орчим зөвлөлдөж байж шийдвэрээ гаргасан. Товчхондоо шүүхээс сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоол хүчин төгөлдөр болохыг тогтоож, дахин санал хураалт явуулах ёстой гэдгийг шийдвэрлэлээ. Л.Эрхэмбаяр Ерөнхийлөгчийн зөвлөх боловч хуулийн өмнө бусадтай тэгш эрхтэй гэдгээ мэдэрч эхнээсээ хуулийг хэлбэрэлтгүй дагасан бол өнгөрсөн сарын 21-нд болсон орон нутгийн сонгуультай хамт санал хураалтыг явуулахаар СЕХ чиг өгөөд байсан. Үүний дагуу сонгинохайрханчууд Баянзүрх дүүргийнхний нэгэн адил УИХ-д төлөөллөө бүрдүүлчихсэн байх учиртай.
Гэвч Л.Эрхэмбаярын удаа дараагийн гомдлоос болж өнөөдрийг хүртэл шүүхээр маргасаар цаг хугацаа алдаж нийслэлийн хамгийн олон хүн амтай томоохон дүүргийн 260 гаруй мянган иргэний эрх ашиг хохироод байна. Одоо ч тэрбээр санал хураалтад оролцъё гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгчийн сүр хүч, нөлөөлөл, Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалаа ашиглан хуулиар өөрт нь арай өөр үйлчлэл үзүүлэх ёстой гэсэн горьдлого тээсээр яваа бололтой. Энэ байдал нь түүний сонгогчидтой, тойргийн хороотой харилцаж байгаа харилцаанаас илтэд мэдрэгдэх болжээ.
Үүн дээр нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй гэсэн таамаглал, энэ үеэр хийх намуудын наймаалцлын үр дүнд санал хураалгахгүйгээр УИХ-ын гишүүн болох арга зам олдож магадгүй гэж ч төсөөлж байгаа бололтой. Харамсалтай нь энэ бүхний цаана Сонгинохайрхан дүүргийн иргэд хохирч байна. УИХ-д ганцхан гишүүний суудал хоосон. Тэр нь тус дүүргийнх. Саяхан орон нутгийн хурлын дахин санал хураалтаар 41 тойргоос 22-т нь ялалт байгуулсныг тойргийн хороо баталгаажуулчихаад байхад ч маргаан тасрахгүй, “тахимаа өгөхгүй” байгаа нь сонгогчдын бухимдлыг төрүүлж буй. Энэ бүхэн “Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалаар далайлган сонгогчдын сонголт бүхэнтэй заргалдаж явдаг Л.Эрхэмбаяраас болж тухайн дүүрэг удирдлагаа сонгоход ч, төсвөө батлахад ч, УИХ-д төлөөлөлтэй болоход ч бусад дүүргээс сүүл мушгидаг боллоо” хэмээн бухимдахад хүргэж байна.
Шүүхийн шийдвэр хэний ч өмнө тэгш байх тухай Ерөнхийлөгчийн хийж, зүтгэж байгаа бүхэн түүний багийн бодлого байх учиртай. Гэтэл нэг зөвлөх нь “Надад л арай өөрөөр үйлчлэх учиртай”, “Миний ард Ерөнхийлөгч бий” гэсэн аясаар удаа дараа сонгогчдыг хохироож байгаа нь энэ багийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхлээд байна. Тиймээс Ерөнхийлөгч өө, эхлээд зөвлөхөө хууль сахидаг болоход анхаарна уу. Дараа нь сонгуулийн дүнг сонгуулийн тойргийн хороо, СЕХ бус шүүх хэлэлцэх болсон алдааг засахад тусална уу гэж хүсье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгчид хаягласан сонгуулийн гомдол цуварч буйг та анзаарсан байх. Бид ийм ардчилал, ийм сонгуулийг хүсээгүй. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн сонгогчид “говийн ганц айл” шиг ганц суудлаа хоосон үлдээчихээд итгэл найдвараараа хохирчихоод байгаад таны зөвлөх буруутайг анхаарч үзнэ үү. Таныг 260 мянган иргэнийхээ эрх ашгийн талд үлдэнэ гэдэгт сонгинохайрханчууд итгэлтэй байна. Хэрэв энэ итгэлийг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хүртэл хадгална гэвэл юу болох бол гэдгийг бид таашгүй. Магадгүй бухимдал бугшиж, хатиг хагарч мэдэх юм. Тиймээс СЕХ-ны чив чимээгүй, дээрээс тушаал даалгавар чагнасан байдлыг эцэслэн нэгэн дүүргийн сонгогчдыг хүндэтгэж санал хураалтыг яаралтай явуулж УИХ-ыг элэг бүтэн, СХД-ийн иргэдийг төрд бүрэн төлөөлөлтэй болгоход анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. УИХ-ын нэг тойрог Ерөнхийлөгчийн “эрх” зөвлөхийн тоглоом битгий болоосой.
Зууны мэдээ
URL: