Бүтэлтэй, бүтэлгүй халз мэтгэлцээнүүд
Сүүлийн саруудад хүмүүс телевиз ашиглаж ямар нэг асуудлаар халз мэтгэлцэнэ гэх болж. Юм л бол хэвлэл мэдээллээр халз мэтгэлцэнэ гэх ухааны юм ярина. Зарим нь улс орны эрх ашигт хэрэгтэй чухал асуудлаар хэвлэл мэдээллийг ашиглан халз мэтгэлцэж байхад зарим хэсэг нь ямар ч үр нөлөөгүй, хувийн эрх ашгийг хөндсөн асуудалдаа хэвлэл мэдээллийг ашиглах санаа агуулах нь бий. Сүүлийн саруудад халз мэтгэлцээнд бие биенийгээ дуудаж тэднээс хэд нь үр ашигтай болсоныг тоймлон хүргэе.
С.Ганбаатар & С.Баярцогт
Мэтгэлцээний хамгийн сонгодог жишээ бол С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээн байсан. Мэтгэлцээн нэлээд олон хоногийн турш дуншсан ч Оюутолгойн гэрээ ашигтай, ашиггүй гэдгийг хангалттай харуулсан. Гэхдээ мэтгэлцээн санасан хэмжээнд хүрээгүй гэж дүгнэж байгаа ч олон хүмүүс энэ асуудлаар мэдээлэл авч чадсан гэж үзэж байгаа юм. С.Баярцогт слайд эргүүлж, С.Ганбаатар дуугүй шахуу байж хүссэн асуудлаа асууж чадахгүй дүлэгнэж байсан гэх ч ямартай ч мэтгэлцээний үүргээ биелүүлсэн.
Х.Бат-Ялалт & Х.Тэмүүжин
Иргэний шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг халз мэтгэлцээнд дуудаж байсан удаатай. Гэвч Х.Тэмүүжин сайд түүнд мэтгэлцээний талаар ямар нэг хариу өгөөгүй байсан. Тэгвэл Х.Бат-Ялалт Х.Тэмүүжинг дахин дуэльд дуудлаа.
Тэрбээр “Эрхэм сайд таныг УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн сайдаар томилогдоход түмэн ардынхаа төлөө шүүх, хуулийн шинэчлэлийг оновчтой, бодитой хийнэ гэдэгт итгэл төгс байлаа. Харамсалтай нь таны шинэтгэлийн бодлого буруу хазгай, шинэчлэлийг хүссэн иргэдийн эрх ашигт нийцэхгүй болох нь илэрхий байх тул Х.Бат-Ялалт миний бие өөрийн эрх чөлөө, эрүүл мэндээрээ дэнчин тавьж сүүлийн долоон жилийн турш тэмцэлдэн шаардсан хууль, шүүхийн шинэчлэлийн талаар халз мэтгэлцэн ярилцах хүсэлтээ энэхүү урилгаар илэрхийлж байна” гэсэн юм. Гэхдээ мэтгэлцээн одоо хүртэл явагдаагүй байгаа бөгөөд болох эсэх нь тодорхойгүй.
Д.Амарбаясгалан & Э.Бат-Үүл
Газрын маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй хэмээн ээлжит бус чуулганаас завсарлага аваад буй НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан Засаг даргыгаа хүртэл ТВ эфирт дуэльд дуудсан. Д.Амарбаясгалангийнхаар бол НИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг даргыг ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж батлуулахыг шаардаад байсан аж. Гэвч Э.Бат-Үүл дарга нийслэлийн Засгийн газрын ажил хоёрыг хооронд нь ялгаж салгахгүй байгаа учраас мөрийн хөтөлбөрөө батлахгүй байгаа гэж тухайн үед мэдэгдэж байсан. “Д.Амарбаясгалан АН-ын акул Монгол Улсын баатарын өмнө хэрхэн харагдах бол. Лав л бие нь жижиг. Харин бэлчир нь хэр байх бол. Телевизээр яриасай, хармаар санагдчихлаа” гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байсан ч энэ мэтгэлцээн явагдаагүй.
Э.Бат-Үүл & Н.Эрдэнэчимэг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Эрдэнэчимэг гэх эмэгтэй халз тулаанд дуудсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Эрдэнэчимэг нь хууль бусаар газар авч орон сууцны барилга барих гэж байгаад бүтэлгүйтжээ. Тиймээс энэ бүхнийгээ хуулийн байгууллагаар шалгуулж Э.Бат-Үүлийн зөв үү, өөрийнх нь зөв үү гэдгийг дэнслүүлэхээр болсон юм байх. Улаанбаатар хотын мээр маань тэрхүү эмэгтэйтэй мэтгэлцэх цаг завыг гаргах нь гэж ард түмэн харж байсан ч энэ дуулиан тэгсхийгээд намжсан.
С.Эрдэнэ гишүүн, түүний ах дүү & МАН
Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн МАН-ын хорооноос мэдээлэл хийсэн. Тэд тус дүүрэгт АН-аас орон нутгийн сонгуульд С.Эрдэнэ гишүүний ойр тойрны 14 хүн нэр дэвшээд буй талаар тэд сэтгүүлчдэд хандаж байсан санагдана. Ах дүү амраг саднаараа Баянголыг хувьчилж авах нь гэх ухааны юм ярьж байсан эдгээр эрхмүүд С.Эрдэнэ гишүүний ар гэрийнхэн болон тус дүүрэгт нэр дэвшигчдийг халз тулаанд дуудсан ч амжилт олоогүй. Ард түмэн тэдний энэ үйлдлийг сонгуулийн сурталчилгаа, хувийн эрх ашиг, амбиц гэж харсан учраас тэгтлээ сонирхоогүй. Маргаан дуусч, мэтгэлцээн ч явагдалгүй өнгөрсөн.
Б.Тогтох
Эх сурвалж: “Монголын Мэдээ”
URL: