Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаа ойр дотныхондоо хэлжээ

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын холбогдох хүмүү­сийн гаргасан гомдлыг Улсын дээд шүүхэд ирэх баасан гарагт хэлэлцэхээр болсон. Учир нь, анхан болон давж заалдах шатны шүү­хээс оноосон дөрвөн жилийн хорих ялыг эсэргүүцэж, Улсын дээд шүүхийн хя­налтын шатны шүүхэд хандах болсон билээ.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар баасан гарагт болох Улсын дээд шүүх хэрвээ өмнөх шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр баталвал Н.Энхбаяр дахин өлсгөлөн зарлах болно гэдгээ ойр дотныхондоо мэдэгдсэн байна.
Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хуулийнхан түүнийг баривчлан, Төв аймгийн хориход хорьсон. Түүнчлэн цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлсний дараа тэрбээр арав гаруй хоног хуурай өлсгөлөн зарласан юм. Хуурай өлс­гөлөн зарласаны улмаас түүний бие эрс муудаж, батлан даалтад гарснаар сайд нарын хоёрдугаар эмнэлэгт эмчилгээ хийлгэн, биеийн байдал нь сайжирсан билээ.
Ингээд Сүхбаатар дүүр­­гийн шүүхээс дөрвөн жи­лийн ял сонсож, 15 хо­ног цагдан хорих төвд хоригд­соны улмаас түүний биеийн байдал нь муудсан хэмээн дахин сайд нарын хоёрдугаар эмнэлэгт өд­гөөг хүртэл эмчлүүлж байгаа билээ. Зарим хүн экс Ерөнхийлөгчийг дөр­вөн жилийн хорих ялаа эмнэлгийн орон дээр өнгөрөөх нь гэж хардаж байсан.
Гэтэл тэрбээр “Би биеийн байдлаас шалтгаалан ялаас яасан ч чөлөөлөгдөхгүй. Харин Улсын дээд шүүхээс миний хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон цагт л суллагдана” хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.
Намын нөхөд нь хамгийн сүүлийн найдвар болоод буй Улсын дээд шүүхэд ихээхэн анхаарал тавьж, шүүхийн шийдвэр хэрхэх эсэхийг хүлээж байгаагаа хэлж байсан.
Ямартай ч ирэх баасан гарагт болох Улсын дээд шүүхийн шийдвэрээс ха­мааран Н.Энхбаярын өлс­гөлөн зарлах эсэх шийдэг­дэх бололтой. Хэрвээ өлс­гөлөн зар­лахаар болбол ной­тон өлс­гөлөн үү, хуурай өлсгөлөн үү гэдэг нь тодорхой болох биз.

Эх сурвалж: “Өглөөний Сонин”


URL:

Сэтгэгдэл бичих