МАХН Засгийн газраас гарч байгаад гишүүд ямар байр суурьтай байна вэ?
МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон. Харин намынхан нь түүнийг хэлмэгдсэн хэмээн үздэг. Тиймдээ ч хоригдоод долоон сарын хугацаа өнгөрөхөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэмээн МАХН-ынхан Засгийн газраас гарч байгаагаа мэдэгдсэн юм. Харин тэдний эл шийдвэрт гишүүд ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: МАХН хамтарсан Засгийн газраас гарах талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгтэй Засгийн газарт хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. МАХН-ын зүгээс Засгийн газраас гарна гэдгээ Ардчилсан намын бүлгийн гишүүдэд албан ёсоор мэдэгдээгүй байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад 100 хоногийн ажлаа тайлагнаж байгаа энэ үед Засгийн газраас гарна гэж байгаа нь ёсзүйгүй санагдаж байна. Хариуцлагатай хамтарч ажиллана гэж гэрээ байгуулсан шүү дээ. Монгол Улс эдийн засгаа хурдацтай хөгжүүлж, ард иргэдийнхээ нуруун дээрхи ачаанаас хөнгөлмөөр байна. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард түмний амьдрал хэцүү байгаа энэ үед ийм шийдвэр гаргана гэдэг оновчгүй санагдаж байна. Улстөрийн намууд нь өөрсдөө учраа олохгүй бол ард түмний нуруун дээрхи ачаа улам нэмэгдэнэ. Улстөрийн шийдвэрүүдийн цаана ард түмэн байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй байх. МАХН-аас албан ёсоор бидэнд мэдэгдвэл бүлэг хуралдаад байр сууриа илэрхийлэх болно.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Хувь хүнийхээ үүднээс МАХН-аас Засгийн газарт ажиллаж байсан сайд нарыг маш сайн ажиллаж байсан, гар нийлж байсан гэдгийг хэлж чадна. Засгийн газрын зүгээс МАХН-аас замаа салгах ямар нэгэн шалтаг шалтгаан байгаагүй. Үнэхээр ажил хэрэгч сайн хүмүүстэй нийлсэн баг бүрдсэн байсан гэдгийг л хэлмээр байна. Үүнийг бас өнгөрсөн цаг дээр яриад ч яахав. Тэгэхдээ энэ асуудал шийдэгдээгүй байна. МАХН-ын сайд нар ажлаа сайн хийдэг урамтай хүмүүс байсан. Үнэхээр намын гишүүд дэмжигчид нь Засгаас гар гээд шахаад байгаа бол тэр хүмүүст улстөрчийнхөө хувьд хүнд байгаа байх.
УИХ-ын гишүүн Д.Батцогт: Үндсэний эрх ашгаа дээдлэх ёстой. Энэ утгаараа засгаас орж гарах нь нэг намын гишүүд хуралдаад шийддэг асуудал биш. Тиймээс МАХН-ын Гүйцэтгэх хороон алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Алдаагаа засах учиртай. МАХН-ын шийдвэр эвслийг төлөөлөхгүй. Н.Энхбаяр гэдэг хувь хүний асуудлаас болж, засгаас гарна гэж байж болохгүй асуудал. Монгол Улсын үндэсний эрх ашиг хөндөгдөнө. Хамтарсан Засгийн газар өнгөрсөн 100 хоногт чамгүй олон ажлыг хийсэн. Ер нь шүүхийн шийдвэрт Засгийн газар нөлөөлөх ёсгүй. Нөлөөлөх эрх зүйн үндэслэл ч байхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Засгийн газрын үйл ажиллагааг 100 хоногт хийсэн ажлаар нь дүгнэж болохгүй л дээ. 100 хоног гэдэг бол Засгийн газрын ажилд дүн тавих хангалттай хугацаа ч биш. МАХН сонгуулийн үр дүнгээр эвсэл байгуулахдаа чухам ямар байдлаар нэгдсэн, дотоод асуудлыг хэлж мэдэхгүй л дээ. Засгийн газрын танхимд ямар уур амьсгал үүсээд байгааг таамаглах аргагүй. Яг үнэндээ МАХН замын дундаас буцаад байгаа юм уу, буцах гээд байгаа юм уу бүү мэд. Хэвлэл мэдээлэл л ийм яриа хөөрөө гаргаад байна л даа. Засгийн газраас гарах шаардлага гарна гэж байгаа бол тэдний л асуудал шүү дээ. МАХН бол бие даасан улс төрийн хүчин шүү дээ. Эвсэл задарч байна гэдэг бол Засгийн газрын нэг жигүүр нь байхгүй болно гэсэн үг. Үнэхээр МАХН гарчихвал засаг тарж, дахин бүрдэхээс өөр аргагүй л болно байх.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Одоогоор МАХН-ын нөхдүүд Засгаас ямар шалтгаанаар гарах болсноо бидэнд албан ёсоор мэдэгдээгүй байна. Ер нь бол уур нь хөдлөхөөр Засгаас гарна гэдэг, сэтгэл нь хөдлөхөөр засагтайгаа хамт байна гэж хөнгөн гоомой хандаж болохгүй шүү дээ. Засгийн газрын хувь заяа бол хэдэн сайд, гишүүний асуудал биш, 2,8 сая монголчуудын асуудал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой шууд холбоотой. Тийм учраас асуудалд буурь суурьтай хандаасай гэж хүсэж байна. Н.Энхбаярын асуудал бол тусдаа хэрэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явах ёстой. Нөгөө талаас МАХН-ыг ганцхан Н.Энхбаярын эрх ашгийн төлөө явдаг, хариуцлагагүй улстөрийн хүчин гэж бодохгүй байна. Хэрвээ тус намынхан Н.Энхбаярыг эрүүгийн хариуцлагаас мултлахын төлөө ийм алхам хийж байгаа бол дэндүү гэнэн, ёс зүйгүй, гоомой үйлдэл хийж байна гэж дүгнэнэ. Гэхдээ МАХН-д олон жил улс төрд явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Н.Удвал гээд туршлагатай улстөрчид бий. Тэд улстөрийн бодлогыг ганц хүний эрх ашгаар харахгүй байхаа гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга: МАХН-ын Гүйцэтгэх товчооноос гаргасан шийдвэрийн талаар МҮАН хуралдаагүй. Хуралдахаар ноцтой зүйл болсон гэж үзэхгүй байна. МАХН Засгийн газраас гарахаар шийдчихээд түүнийгээ зарласан гэж би ойлгоогүй. Ийм шийдвэр гаргасан ч энэ нь засгийг донсолгох шийдвэр огт биш. Нам, эвсэл, төр засаг, хэвлэл мэдээлэл, нийтээрээ хошуурч, намираад байх зүйл гэж би бодохгүй байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Засгаас гарлаа гэж бодъё л доо. Гарах нь буруу. Гармааргүй байгаа юм. Гэхдээ хэлмэгдүүлэлт үргэлжилбэл гарахгүй байх нь утгагүй. Бид гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой. Гарсан тохиолдолд хууль зүйн талаасаа их төвөгтэй байдал үүснэ. АН-ын дунд фракцуудын зодоон болох байх. Манай нам дээр юу болохыг хэлж мэдэхгүй байна. Энэчлэн янз бүрийн асуудал бий. Төр төвшин, түмэн олон амгалан байгаасай гэдэг үүднээс яаран сандран шийдвэр гаргаж, мэдэгдэл хийсэн тохиолдол байхгүй. Аль болох ойлголцохыг хичээж ирсэн. Тэгж яривал хуульчийн хувьд УИХ-ын дарга З.Энхболдыг хууль бус хүн гэж боддог. Хоорондоо яриад л тамга, тэмдгээ өгөлцчихсөн. Би тэр үед төр төвшин байвал хэн дарга байх нь гол биш л гэж бодож байлаа. Ийм л байна. Би хуульч хүний хувьд хэлж байгаагаас биш хэн нэгний эсрэг хандаагүй. Гол нь би хуулиа мэддэг.
УИХ-ын гишүүн: Н.Батцэрэг: “Шударга ёс” эвслийн нэг нам нь хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргаснаар засгаас гарна гэсэн ойлголт байхгүй. Засгийн газраас гарах эсэх асуудлыг эвслийн Удирдах зөвлөл шийднэ. Удирдах зөвлөлөөр толгойлуулж эвсэл сонгуульд орсон учраас нэг нам дангаараа энэ асуудлыг шийдэхгүй л дээ. Харин нам дотроо шийдэж болно. Хууль зүйн хувьд дангаараа гарах нь зөв шийдэл биш.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Монголын бүх нам хямралд орчихсон. Бүх нам анхан шатаа, гишүүдээ сонсохоо больчихсон. Өөрсдийгөө том гээд бодсон хэдэн хүмүүс нь улс төрийн бүлэглэлүүд болчихжээ. Намыг тэжээдэг зүйлүүд бол дарга нар биш, доор нь байгаа гишүүд дэмжигчид. Тэднийгээ сонсохгүй болохоор тэд амьдралаас тасарчихаж, амьдралаас тасарчихаараа хүний төлөө юм хийхгүй байна. Тэгэхээр хүмүүсийн төлөө ажиллаач, юм хийгээч. Тэгвэл юу гэж сандал ширээний тухай ярих вэ дээ.
МҮАН-ын дарга М.Энхсайхан: МАХН-ын шийдвэрийг шүүх эрх бидэнд байхгүй. Энэ утгаар нь МАХН алдаа хийх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. МАХН-ын гаргасан шийдвэр Н.Энхбаяр гэдэг хувь хүний асуудалтай холбоотой гэж ойлгож байна. Үүнийгээ ч тэд нуухгүй байгаа. Мэдээж намын даргынхаа төлөө гишүүд, дэмжигчид нь дуугарч болно. Гэтэл нэг хүний асуудлыг үндэсний эрх ашигтай эн зэрэгцүүлж шийдвэр гаргах хүртлээ төөрөлдөж болохгүй шүү дээ. МҮАН-ын хувьд үндэсний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавина гэдэгт хатуу зогсоно.
Б.Золбоо
24tsag.mn
URL: