Д.Тэрбишдагва, Н.Алтанхуяг нар утсаар муудалцжээ

МАХН-ын удирдлагууд Шинэчлэлийн Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдээд 24 цаг өнгөрч байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурлаас болж ерөнхий сайд Н.Алтанхуяг, шадар сайд Д.Тэрбишдагва нар зодолдсон тухай үнэн, худал нь үл мэдэгдэх яриа гараад тун удаагүй байтал Д.Тэрбишдагва нар АН-ынхантай хамтрахгүй гэдгээ мэдэгдсэн нь цөөнгүй хүнийг гайхашруулж орхив. Үнэхээр Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва хоёр нударга зөрүүлж, заамдалцаагүй байлаа гэхэд овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг шиг тэдний хооронд эв түнжин хагарсан зүйл болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Тухайн үед Д.Тэрбишдагва Н.Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зогсоож суллахгүй бол засгаас гарна гэдгээ мэдэгдэхэд Н.Алтанхуяг харин “Бид шүүхэд нөлөөлж чадахгүй, та нар ч засгаас гарахгүй ажлаа хий” гэсэн хариу өгсөн сурагтай. Харин үүний дараа үйл явдал өрнөж, МАХН-ын Удирдах Зөвлөлийн хурлаас гишүүддээ Шинэчлэлийн Засгийн газраас гар гэсэн даалгавар өгч үүнийгээ хамгийн түрүүнд Засгийн газрын тэргүүнийх нь хувьд Н.Алтанхуягт утсаар дуулгасан байна. Гэтэл Ерөнхий сайд “Бид буйрандаа байна” гэх юм ярьсан тул тэд хоорондоо муудалцсан гэж ойрын эх сурвалжууд дуулгав. Тэд муудалцсан ч Н.Алтанхуяг энэ хэргийг үл тоон Киргиз рүү хуралд явсан тул МАХН-ынхны тэдний шийдвэрийг басаж байна гэж үзсэн бололтой. Тэгмэгц Д.Тэрбишдагва ихэд бухимдаж Шинэчлэлийн Засгийн газраас гарах тухай шийдээ хэвлэлийнхэнд зарласан байна. Үүнд нь дургүйцсэн Н.Алтанхуяг “Та нар сайн бод. Шийдвэрээ эргэж нэг хар. Засгийн газар шүүхийн шийвэрт нөлөөлдөггүй” гэсэн аж.

Өмнө нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, “бялуу” хувааж байхад энэ хоёр эрхэм тендерийн агентлаг гэгддэг Худалдан авах ажиллагааны газрыг булаацалдсан сураг дуулдаж байсан. Яамдын бүх тендерийг нэг хүний гарт нэгтгэсэн тул хамгийн “амттай”, ашигтай бялууны хэрчимд тооцогдож байлаа. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шадар сайд Д.Тэрбишдагва нар анхнаасаа эрх мэдэл, улс төрийн карьерийн хувьд түнжин муутай байсан бололтой. Дээр нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүллээ гэж хоолой мэдэн хашгирсаар байхад нь Н.Алтанхуяг хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь Д.Тэрбишдагвыг бүр бухимдуулжээ. Ямартаа ч 100-хан өдрийн настай Шинэчлэлийн Засгийн газрын “толгой”-нууд эвлэхгүйгээр эвдэрч байгаа юм уу даа.
Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих