МАХН-ынхны мунхаглал
МАХН-ын дарга Н.Энхбаярыг дөрвөн жил нааран дээр зүүдэлж хэвтэх үү, нарны гэрэлд найраа хийж явах уу гэдгийг Улсын дээд шүүхээр хэлэлцэн шийдэхийн өмнөхөн Монгол Улсын Засгийн газрыг бутаргах шийдвэрийг МАХН-ын Гүйцэтгэх товчоо мунхаглан гаргажээ, янз нь. Мөхөс би муйхарлан бодоод үүнээс илүү “гэнэн мунхаглал”, олноороо ухаан санаанд нь ухна унаж мажийсан тэнэглэл байхгүй гэж баттай итгэсэндээ энүүхнийг тэрлэж сууна.
МАХН-ын Гүйцэтгэх товчоонд төрийн сайдаас эхлээд УИХ-ын байнгын хорооны дарга, эрхэм гишүүд, дэд сайд гээд гадаад, дотоодод ном үзэж, ногоотой шөл бишгүйдээ зооглосон 25 эрхэм багтдаг сурагтай. Тэр хүмүүсийн оюуны мэлмий яахаараа 25-уулаа зэрэг хаагдаж, намын даргыг нь эрх чөлөөтэй болгох эрх мэдэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид байгаа гэдэгт итгэдэг хэрэг вэ.
УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Монгол Улсын хууль, шүүхээс дээгүүр жаалах эрх мэдэлтэй байсан бол эдгээр 80 гаруй эрхэм өөр ямар ч ажил хийлгүй өдөр бүр хэн нэгэн ялтанд өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурсан шигээ суух байсан байлгүй. Тэгээд яах вэ дээ. Монгол Улс амар сайхандаа жаргаж, өргөст торны цаана өрвийж суудаг хоригдолгүй болж, дэлхий дахинд “Ганц ч ялтангүй, гял цал болсон орон” гэж тунхаглагдах байсан нь тодорхой.
Хэрвээ УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид шүүхийг захирдаг эрх мэдэл байсан бол ямар гээч аюул үүсч болохыг төсөөлөн бодсон чинь ээ бүү үзэгд. Толгойны үс арзайж, нуруун дээгүүр морин шоргоолжнууд язганан гүйлдэх шиг л боллоо. Хэнбугайгаас ч хараат бус, шүүх засаглал оршин байгаа, оршсоор ч байх нь төр, улсын минь аврал бус уу.
Аймаг орон нутгийнхаа төсвөөс хэдэн зуун саяар нь хулгайлаад залгичихсан засаг ноёд, төрийн тэрбум төгрөгийг өөрийнхөө нэр дээр банкинд хадгалчихаад гэмгүй царайлаад малилзаж яваа дарга нар, улсын нууцыг урагш, хойш нь хил давуулаад худалдчихсан урвагчид, газар нутгаас маань худалдаад идчихсэн нүгэлтнүүдэд тохирсон ял шийтгэлийг нь эдлүүлсээр байгаа шүүх засаглал хамгийн их эрх мэдэлтэй, хэнээс ч хараат бус байх ёстой.
Аль нэг улстөрийн хүчин гарч ирэхээрээ л газар даахааргүй нүгэл үйлдсэн дарга, албан тушаалтнуудаа өмөөрч, хошуу унжуулан цор цор хийж, “Манай тэр даргыг даруйхан суллаж явуул. Хэдхэн тэрбумыг хулгайлаад идчихээ л биз. Юун сүртэй юм. Хорхойд хоргүй даргыг минь одоохон цагаатгахгүй бол бид УИХ-ыг тарааж, Засгийн газрыг чинь будаа болголоо” гээд гонгиноод эхэлбэл бид ер нь яах вэ.
Ёстой л нөгөө “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг нь л болоод байна. Хахир өвлийн хүйтэн ид тачигнаж, зуд турхан нүүрлээд ядаж байхад дулаан байранд нозоорч суудаг МАХН-ын Гүйцэтгэх товчооны 25 дарга мөн ч цагаа олж мунхаглах юм даа. Зуны дэлгэр цагт ингэж мунхагласан бол “Аа нөгөөдүүл чинь наранд цохиулаад мэнэрчихэж” гэж бодоод нэг удаа тоохгүй өнгөрүүлэхсэн. Аль эсвэл оюун ухаан нь зад хөлдчихсөн юм болов уу.
Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар тарснаар улс оронд тогтворгүй байдал үүсвэл МАХН хариуцлага хүлээхгүй гэж мэдэгдэж суух юм. Даргыгаа шоронгоос суга татан гаргаж, ачийг нь хариулах үнэнч зүтгэлийг нь үнэлдэг юм гэж бодоход хоёр сая долоон зуун мянган хүний эрх ашиг, бүхэл бүтэн төр, улсын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ганц хүнийг аврах асуудлаар арилжаалж байгааг нь яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй.
Байгуулагдаад 100 хоногийн баяраа тэмдэглэсэн шинэчлэлийн Засгийн газрын мөнгө санхүүг базаж суугаа Ч.Улаан сайд уржигдархан л “Бид дэлхийн зах зээлээс 4.125 хүүтэй 1.5 тэрбум ам доллар босгож чадлаа. Чингис бондоороо төмөр замаа тавиад, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороо эхлүүлчихнэ. Нүүрс, нефтиэ дотооддоо боловсруулж, зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэрүүдээ босгочихно” хэмээн сайхан үлгэр ярьж билээ.
Харин тийм сайхан мөрөөдөл ярьж суусан хүн өнөөдөр засгаа нураахаар хуйвалдаж суух ч гэж. 100-хан хоног зуузай холбох байсан юм бол засаг байгуулж тоглох хэрэг юусан билээ. Монголын улстөрийн “хахир өвгөн” УИХ-ын гишүүн Ц.Нямдорж АН, “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар ажлаа дөнгөж эхэлж байхад “Та нар харж л байгаарай.
Удахгүй эд энэ засгийг нураагаад гарна даа. Хэнтэй ч нийлж, яаж ч урваж, шарваж мэдэх үл бүтэх амьтад. Би Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг өрөвдөж байна” хэмээн ёозгүй муу амлаж билээ. Тэр үед “бэлгэ дэмбэрэлгүй, муу амтай гэдэг нь” хэмээн их багагүй нүд үзүүрлэж байв даа. Харин одоо “пээ бурхан минь. Ц.Нямдорж чинь далдыг хардаг далай лам юм байна” гээд мөргөх нь холгүй юм болох байлгүй. Хачин ч юм их л үзлээ.
Харин энэ удаагийн МАХН-ынх шиг мунхаглалыг л хараагүй, үзээгүй л санагдах юм. Мунхаглал аа гэж.
Эх Сурвалж: “Өглөөний Сонин”
URL: