МАХН Н.Алтанхуягийн засгийн газартай хариуцлага тооцох боломж өглөө

МАХН-ынхан Н.Энхбаяр даргаа одоо л нэг өмгөөлсөн шиг өмгөөлөхөөр шийджээ. Тэд түүнийг олон сар хорьж цагдаж байгаа улстөрийн хэлмэгдүүлэлтээ зогсоохгүй бол АНынхан тэргүүтэй Н.Алтанхуягийн Засгийн газраас гарахаа мэдэгдэв. “Н.Энхбаяр ба МАХН”, “Н.Энхбаяр ба улстөр” гэсэн холбоо үгс хуучраагүй цагт, МАХН хэмээх экс Ерөнхийлөгчийн байгуулсан нам засгийн эрх барилцаж байгаа цагт энэ асуудал уг нь яригдах л ёстой юм.

    МАХН-ын нөхөд харин ч удаж байж ийм шийдвэр гаргалаа. АН-ын зарим сайдыг бодвол бас ч төр, улсын төлөө цагтаа зүтгэж л явсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Н.Алтанхуягийн танхимд ажиллаж байгаа билээ. Тэд намын даргаа бараг л золин байж засагт багтсаныхаа төлөө сайн ажиллаж, хийдгээ хийхийг хүсэх нь ч зүй. Харамсалтай нь Засгийн газар халаа сэлгээ хийж, хамаатан саднаараа төрийн албыг дүүргэснээс өөр гавьтай ажил хийсэнгүй 100 хоногийг үдэв.
    Үүнд бачимдсан Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Н.Алтанхуягтай саяхан гар зөрүүлсэн нь МАХН-ын засгаас гарах мэдэгдлийн урьдчилсан дохио байжээ. Бас нэг асуудал Д.Тэрбишдагвын нударганы цаана нуугдаж байсан нь мэдээж Н.Энхбаяр. Засгийн газар байгуулах эрхгүй АН анх “Шударга ёс” эвслийг урихдаа нэг тохиролцоо хийсэн нь Н.Энхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгох байсан гэдэг.
    Гэвч шүүх, прокурорыг эрх мэдлийн дагуу атгаж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон АН-ынхан үүнийгээ хэрэгжүүлэхийг хүссэнгүй өдий хүрэв. Хэдийгээр Засгийн газрыг нь нөхөж цойлдоход “Шударга ёс” эвсэл, тэр дундаа МАХН хэрэгтэй байсан нь үнэн ч өнөөдөр байдал өөрчлөгдсөн хэмээн эрх баригчид үзэж байна. Үүнд бас л засаглалын нэг тулгуур болсон шүүх эрх мэдэл тусалсаар ирэв.
    Өөрөөр хэлбэл, эрх баригчдын талд Ерөнхийлөгч, Цэц, шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага, СЕХ тэр чигээрээ “үйлчилж” буй учир МАХН засгаас гарах нь АН-ын хувьд сонин асуудал биш бололтой. Хэдийгээр эрх мэдлийн төлөөх улстөрийн тоглоом энд өрнөж буй боловч нөгөө л хэлсэн амандаа хүрдэггүй, жудаг хударгагүй АН-ынхны араншин тод томруун харагдсаар байна.
“МАХН ГАРЛАА Ч ЗАСАГ БҮТЭН ҮЛДЭНЭ”
    АН-ынхан ингэж тооцоолж байгаагаа нуухгүй байна. МАХНын тал бие болж, Н.Энхбаярыг өмгөөлөн байж хэдэн суудалтай болсон МҮАН-ынхан ч бас ийм бодол тээж явна. Тэд өөрсдөө засгаас гарахгүй гэж хэлжээ. Одоогоос яг хоёр сарын өмнө М.Энхсайхан нэгэн ярилцлагадаа МАХН-д сэтгэл татагдахаа больсон тухай, Н.Энхбаяр хийсэн хэргийнхээ шанг хүртэж байгаа талаар ярьсан ба ингэснээрээ тэрбээр АН-ын талд “урвасан” гэдгээ шулуухан илэрхийлсэн юм.
    Түүний байр суурь өөрчлөгдөөгүй учир МАХН засгаас гарлаа ч МҮАН үлдэнэ гэсэн үг. АН өнөөдрийн байдлаар УИХ-д 31 суудалтай. Үүн дээр МҮАН-ын дөрөв, ИЗН-ын хоёр нийлээд эрх баригчдын тал нийт 37 гишүүнтэй болно гэсэн үг. Шүүх эрх мэдлээр далайлган Өвөрхангайгаас Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр нэгэнт шийдсэн тул эрх баригчид 39 гишүүнтэй болж, Засгийн газраа дангаар байгуулах эрх үүсгэнэ гэсэн үг.
    Сонгинохайрхан дүүргийн нэг мандатыг луйвардаад ч болтугай Ерөнхийлөгчийн зөвлөх М.Эрхэмбаярыг ялуулахын тулд эрхэм Ц.Элбэгдоржийн заавраар бэлтгэл хангагдаж байгаа сураг ч бий. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийг улстөрийн зорилгод яаж ашигладгийн үлгэр жишээг ёстой л нэг үзүүлэх шиг болж буй АНынханд энэ бол толгой өвтгөх асуудал биш болжээ.
    Өвөрхангайн сонгогчид уг нь МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг сонгосон юм. Гэхдээ шүүх эрх мэдэл АН-ын халаасанд байгаа учир сонгогчид хэнийг сонгосон нь огт хамаагүй цагт бид амьдарч байна. Цаашид ч бололцоо гарвал шүүхээр далайлган эрх мэдлээ бэхжүүлэх оролдлогуудыг хийсээр байх болно.
    Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхээр яллаж, намынхан нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг орхилоо ч оронд нь шүүхийн шийдвэрээр “эрхэм гишүүд”-ээ нөхөөд л бүрдүүлчихнэ. Ядах юмгүй энэ улстөрийн цаана гэтэл ардчилал, хүний эрх боомилогдож, ард түмний төр, засагт итгэх итгэл мөхсөөр байгааг анзаарах ч сөхөөгүй байгаа нь нэн аюумшигтай.
ГЭХДЭЭ…
    За яахав, Н.Энхбаярыг ялладгаараа яллаад, МАХН-ыг гаргадгаараа гаргаад эрх мэдлийн тойрогт ноёрхож үлдэх ийм төлөвлөгөө АН-д бий гэж бодъё. Гэвч “Шударга ёс” эвсэл тарснаар Засгийн газрыг байгуулсан нэг субьект нь үгүй болж, шинээр засгийг эмхлэн байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж таарна. Ийм нөхцөлд дахиад л Н.Алтанхуяг Ерөнхий сайд болох уу.
    Тэр хэдийгээр АН-ын дарга мөн боловч хоёр дахь удаагаа засгийг тэргүүлэх боломжгүйд хүрэх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, түүний тэргүүлсэн Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байна. “Шинэчлэлийн” гэсэн сүржин нэрийг өөрсдөдөө өгсөн хэдий ч төрийн албыг төрлийн алба болгосноос өөр ямар ч шинэчлэл хийгээгүй тул намынхан нь ч шүүмжлэлтай хандсаар байгаа билээ.
    Тиймээс түүнийг огцорсон дээр нь огцруулаад оронд нь суух хүсэлтэй хүн нэг биш бий. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын засаг иймэрхүү байвал ялагдахын цондон болно гэдгийг эрхбиш гадарлах тул тус намын фракцын лидерүүд нэгийг бодохыг үгүйсгэхгүй юм. Хоёрдугаарт, эрх мэдлийн дунд биш, оргилд гарахыг хүсдэг хүмүүс АН-д нэгээр тогтохгүй бий.
    Өнгөрсөн сонгуулийн дараа АН-ын дарга учраас л Н.Алтанхуягт боломж олгосон. Харин энэ удаа бусадтайгаа тохиролцож чадвал дараагийн Ерөнхий сайд болох хүний тэргүүн эгнээнд ХХААХҮ- ийн сайд, “женко” Х.Баттулгыг нэрлэж байна. Үнэхээр л бодит ажил хийхээр зорьсон юм бол “шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн юуны өмнө сайн менежэр байх ёстой.
    Үүнд Х.Баттулгыг тохирно гэлцэх хүмүүс олон бий. АН-ын улстөрийг эрх мэдлийн хэмжээгээрээ тодорхойлж, тус болж яваа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс ч энэ удаа түүнийг зүтгүүлэх магадлал өндөр байна. Учир нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр хоёр дахь удаагаа нэр дэвшихийг хүсч байгаа ба ийм нөхцөлд засгийн тэргүүнийг өөрийнхөө талд ажиллах итгэлтэй хүн байгаасай гэж тэр чин сэтгэлээсээ хүсч буй нь тодорхой.
    Эндээс харвал эрх мэдлийн амтыг нэгэнт мэдэрсэн АН-ынхан засгийг дахин эмхлэх гэж дотооддоо багагүй үймж бужигнах нь тодорхой байна. Шүүх эрх мэдлээр далайлган суудлын тоогоо хүчээр нэмж буй тус нам, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг олны санаа бодол ч аажмаар хуримтлагдан, нэг л өдөр тэмцлийн гал болон асахыг үгүйсгэхгүй.
    Гадна талаас ирэх хурц шүүмжлэл, тэмцэл, дотоодын бужигнаан дундаас Засгийн газар дахин эмхлэгдэх амаргүй цаг ирэв бололтой. АНын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хариуцлагатай хамтарч ажиллана гэж гэрээ байгуулчихаад засгаас гарах шийдвэр гаргасан МАХНыг буруутгаж, улстөрийн намууд учраа олж байж ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлөх тухай ярьжээ. Гэвч засагт давамгайлж, бодлогыг тодорхойлж буй АН өөрөө хэр хариуцлага үүрснээ ярьсангүй.
СӨРӨГ ХҮЧНЭЭ СОНСДОГ БОЛНО
    ”Үгүй” гээд шуудхан хэлчихэд болно. АН УИХ-д олонхи болоогүй учраас “Шударга ёс” эвсэлтэй элбэн байж засгаа байгуулсан. АН, “Шударга ёс” эвсэл, ИЗН-ынхан нийлээд УИХ-д эдүгээ 43 суудалтай байгаа билээ. МАХН-ын нэгийг тангараг өргүүлбэл 44 болно. Дээр нь бие даагчдын дэмжлэгийг хүлээвэл 47 гэсэн үг. Хангалттай олноор асуудал шийдэж байгаа биз.
    Бүгдээрээ шахам ямар нэг дарга, сайдын албыг давхар хашдаг АНынхнаас гадаад, дотоодод ажлаар одвол ирц хүрэхгүйн зовлон ч бараг алга. “Олуулаа” хэмээх уриаг нь санагдуулам олноороо ямар ч асуудлыг хүчээр шийдээд л болчихож байгаа. Тэгвэл МАХН засгаас гарч, сөрөг хүчний байрт шилжсэнээр дээрх тооноос долоон гишүүн хасагдаж, АН шүүхийн хүчээр нэмлээ нэмлээ гэхэд ИЗН-тай нийлээд дөнгөж л 39-ийг давна.
    Ийм нөхцөлд сөрөг хүчний байр суурийг сонсохгүйгээр бүхнийг хүчлэн шийдэх боломжгүй юм. Сүүлийн үед МАХН Ц.Оюунбаатарын оронд Э.Бат-Шугарыг тангараг өргүүлэх асуудлыг хүчтэй тавьж буй нь эрх баригчдын талын тоог нэмэхгүй гэсэнтэй холбоотой байж ч мэдэх юм. Учир нь нам бус Ц.Оюунбаатар гишүүн боллоо гэхэд АН-д элсэх тохироо хийсэн сураг гарав.
    Түүнийг бараг л гишүүн болсон тухай УИХын дарга З.Энхболд ам алдсан нь ч үүнтэй холбоотой гэх. Үнэхээр ийм бол МАХН өөрт ажиллахгүй, өрөөлд сэтгэл урвасан нөхрийг яагаад гишүүн болгох ёстой гэж… АН-ынхан суудлын тоогоо нэмэхийн тулд бусдыг урвуулах, сонгогчдын саналыг дээрэмдэх, шүүх эрх мэдлээр далайлгах гэхчилэн улам бүр увайгүй үйлдэл хийж, үүндээ бүр урамшин улайрсныг эндээс бас анзаараарай.
    Нөгөө талаар МАХН засгаас гарснаар эрх баригчдын УИХ-д асуудал шийдэх хүний тоо цөөрч, хүссэн хүсээгүй сөрөг хүчнээ сонсох нөхцөл байдалд түлхэнэ гэсэн үг. МАН-ын бүлэг байгуулагдаж, бүлэг байгуулах хэмжээнд суудалгүй МАХН ч хамтарч, даварсан эрх баригчдыг хянасан шиг хянах хүчтэй сөрөг хүчин ажиллана гэсэн үг.
    Тэртэй тэргүй хариуцлагатай ажиллаж чадахгүй засагт үлгэн салган байснаас ийм зоригтой шийдвэр гаргаж буй МАХН-ынханд үүнийх нь төлөө баяр хүргэх хэрэгтэй мэт. Нөгөө талаар маш муу ажиллаж буй Н.Алтанхуягийн Засгийн газарт салхи оруулж, хариуцлага тооцох боломж олгож байгаагаараа бас л буян үйлдэж байгаа бус уу.
Т.БҮДЭЭХҮҮ

URL:

Сэтгэгдэл бичих