Дундговьд бурхан таалбал МАН, хуулиа дагавал АН ялна

Орон нутгийн сонгуулийн маргаан өнөөг хэр үргэлжилж, шинэ он гарахаас өмнө орон нутгийн засаг захиргаа эв зүйдээ орох нь үндсэндээ үлгэр болж байна. Одоогийн байдлаар хэрүүл тэмцэлгүй тавхан аймаг л засаг даргаа томилж, иргэдийн хурлаа эмхлэн, ажилдаа оржээ. Үлдсэн аймгуудад их бага хэмжээний зарга өрнөж, хахирган өвлөөр зад маргаж өнгөрөөх нь.
Тухайлбал, Дундговь аймаг. Тус аймагт үүссэн маргаан орон нутгийн сонгуулийн сурталчилгаатай л зэрэгцэн үүссэн гэдэг. МАН-аас нэр дэвшсэн эрхмүүд хуулийг юман чинээ тоодоггүй, ард түмнийг ходоод, сэтгэхүй хоёроор нь аргамжаад сурчихсан хуучин аргаараа сонгуульдсан. Тиймээс ч сурталчилгаандаа шашин шүтлэг, сүм хийдийг харамгүй ашиглаж, сурталчилгааны том зурагт хуудсуудыг ичих булчирхайгүй тарааж, орон даяар цацдаг телевизүүдээр мэгзэм уншиж, мөргөж сөхөрч байгаад сурталчилсан хэрэг. Тэгсэн хэрнээ АН-ын нэгэн нэр дэвшигчийн лам нарын цаана сууж байгаа зургийг нь олж үзчихээд ихэд жигшиж, хууль зөрчсөн хэмээн үзэж, өнгөрсөн жилүүдэд аймгийн ИТХ-ын дарга суусан Ц.Мөнгөнцоож тэргүүтэн Сонгуулийн хороондоо гомдол гаргаснаар хэргийн үүд нээгдсэн аж. Угтаа өөрийн толгой дээрх бөөсийг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх хялганыг олж харснаас болсон гэсэн үг. Тодруулбал, Ц.Мөнгөнцоож нь ч гэсэн өөрөө лам хуврагтай тэврэлдэж байгаад авахуулсан зурагтай сурталчилгааны материал тараасан юм билээ. Тэр бүхнийг нь эвлүүлж нийлүүлээд өрсөлдөгч АН, МАХН-ууд Сонгуулийн хороондоо өргөн мэдүүлснээр зарга жинхэнэ утгаараа идэвжсэн аж.
МАН-ын магнатууд өөрсдөө тав, зургаагаараа татуулах хэмжээнд хууль зөрчсөн гэдгээ мэдээгүй, хоорондоо мэдээлэл солилцож чадаагүй байсан гэдэгт итгэхэд бэрх. Муйхарлаж зүтгээд өөрсдөө ашиг олно гэж тооцсон ч өнөөх нь “алдаа заасан” байж таарна. Үүнээс нь болоод МАН-даа төдийгүй Дундговьдоо өндөр боловсрол мэдлэгтэй, чадвартай боловсон хүчин гэж үнэлэгдэж байсан залуучууд нь хуугаараа татуулах болчихсон хэрэг. Залуу хүмүүс алдаж гэнэдснийг үгүйсгэх аргагүй ч тэдэнд алдаж онох цаг хугацаа бий. Харин засаг ноён асан Д.Чандмань, ИТХ-ын дарга асан Ц.Мөнгөнцоож нарын нэр дэвшигчийн хувьд алдах эрхгүй,  хашир туршлагатай, хуулийн зүйл заалтыг ойлгочих сийрэг ухаан суусан байх учиртай хүмүүс. Тиймдээ ч намаа, нөхдөө хөлдөө чирсэн тэдний нэрийг татуулахад намд нь ч, өрсөлдөгчдөд нь ч, ард иргэдэд ч харамсал төрөхөөргүй гэгдээд байгаа юм билээ. Ямар ч байсан зарга үргэлжилсээр МАН-ынхан хэтэрхий олуулаа хууль зөрсөн нь “азаартсан” учраас “жижиг юмаар оролдоод яахав, тохиролцъё” гэх үгсийг харамгүй чулуудаж байж. Харин АН, МАХН-ынхан хуулиа дагах нь зөв гэдэг шийдвэртээ үнэнч байсаар санал өгөх өдөрт тулсан байна. Зарга сонгуулийн дүн гарах үестэй давхцаж, хуулийн өмнө тэгш эрх үүрэгтэйн зарчмаар АН-ын нэг, МАН-ын дөрвөн нэр дэвшигчийн буруутай үйлдлийг шүүхээр тогтоож, торгох шийтгэл ногдуулсан бол Сонгуулийн хороо буруутай нь тогтоогдсон эрхмүүдийн нэрийг хасах шийдвэр гаргасан байна. Үүнээс үүдэн МАН хумсаа хурцлан, ерөнхийлөгч, шүүх, Сонгуулийн хороо руу дайрч, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн мэт аашлах болов. Хуулийг хүртэл өөрсдийнхөөрөө тайлбарлаж сууна. Болоод, өрнөж байгаа асуудал товчхондоо ийм. Гэтэл МАН-ын зүгээс гарч буй реакци арай л хэлтгий гэдгийг хэн бүхэн ойлгож, тэднийг дэмжих бус увайгүйтэж байгааг хэлэх болжээ.
Дундговь аймгийн МАН-ын дарга С.Сүхбаатар аймгийн Ардчилсан нам шүүхийг гартаа авч, өөрсдийн талд шийдвэр гаргуулсан, Сонгуулийн хороог дарамталсан, жижиг юмаар оролдсон, сонгуулийн үеэр оюутнуудыг зөөсөн, лам найзтайгаа гайхуулах үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөн гэх заргыг үүсгэж эхэлжээ. Бодит үнэн юу вэ?
Дунговь аймгийн МАН-ын дарга С.Сүхбаатар
-Хууль зөрчсөн асуудлыг анх өдөөсөн хүн нь МАН-ын Мөнгөнцоож нэр дэвшигч. Тэр өөрөө бас хууль бус сурталчилгаа хийж байгаагаа “мартчихсан” байсан. Тэгээд Сонгуулийн хороонд өрсөлдөгчдөө хандсан гомдол илэрхийлсэн. Тэр гомдол илэрхийлж байх үедээ намынхны нь тайлбарлаад байгаагаар бол хуулийн заалтыг зөрчөөгүй хүнийг мэдсээр байж гүтгэж, гомдол гаргасан болж таарах нь.
-Хариуд нь МАН-ын нэр дэвшигчдийн хууль зөрчсөн үйлдлийг нь МАХН болон АН-ын зүгээс тус тусдаа баримттайгаар Сонгуулийн хороондоо өгсөн байна.
-Сонгуулийн хороо дээрх гомдлуудыг шалгаж, үндэслэлтэй эсэхийг тогтоож өгөхийг хүссэн өргөдлийг тус аймгийн шүүхэд гаргасан байна.
-Дээрх хэргүүдийг цагдаагаас шалган, мөрдөн байцаалт явуулсан, прокурорт шилжүүлжээ.
-Улмаар шүүх хэргийг нягталж үзээд, шийдвэрээ гаргажээ. Шийдвэрт нэр бүхий таван хүнийг хууль зөрчсөн болохыг хүн тус бүрээр тогтоон, торгох шийтгэл ногдуулсан байна.
-Энэ шийдвэрийн дагуу Сонгуулийн хороо хууль зөрчсөн нэр дэвшигчдийг Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 34,8,8 дахь заалтыг үндэслэн нэр дэвшигчийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасан.  Түүнээс бус АН-ын шийдвэрээр шүүх, Сонгуулийн хороо шийдвэрлэчихсэн юм биш.
-Энэ шийдвэрийг эсэргүүцсэн МАН-ынхан Сонгуулийн хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь дуудан загнаж, шийдвэрээ хүчингүй болго хэмээн дарамталсан гэх иргэдийн мэдээлэл гарсан. Яг үнэндээ МАН-ынхан АН-ынхныг хууль зөрчсөн гэж гомдол гаргахдаа 34,8,8 дахь заалтыг юу гэж тайлбарлаж байснаа таг санахгүй байна.
-Одоо МАН-ын удирдлагууд төлбөртэй гүтгэлэг, тархи угаах гэсэн оролдлогыг өдөр тутмын МАН-ын гэгддэг сонин, телевизүүдээр цацуулж байгаа. Тэд ард түмний саналыг найз Г.Пүрэвбат ламтайгаа авахуулсан зургаараа татсан гэдгээ үгүйсгэж байна. Зүгээр нэг Д.Чандманийг Дундговийнхон бурхандаа залаа ч уу үгүй үү. Харин Г.Пүрэвбат байгаа болохоор гүнгэрваатай бурхантайгаа эн зэрэгцүүлэн залж, өдөр бүр харан шүтэн мөргөж байж, сонголтоо хийснийг хэн үгүйсгэх вэ.
Дундговь аймгийн засаг дарга асан Д.Чандмань (НАЙЗ) Чой хамбын хамт
-Эцсийн эцэст хууль бус үйлдэл гээд өрсөлдөгчөө буруутгаж, өргөдөл өгчихөөд өөрөө буруутаад ирэхээр хууль зөрчөөгүй гэж гүрийдэг МАН-ынхны энэ зуршил гурван үе солигдсон ч хэвээрээ байх шинжтэй. Ард түмнийг мунхаг мэт ойлгон сурталчилгаа хийж доромжилчихоод “ард түмний сонголт үнэтэй” гэж цуурдаг юм байна. Тэдэнд хууль зөрчихгүй байх, лам, сүм хийдийн зураг ашиглахгүй байх эрх нь нээлттэй байсан. АН-д ч МАН-д ч, МАХН-д адилхан үйлчилдэг хууль бий.
-Ер бол лам хүн ч нэр дэвших эрхтэй. Тэгэхдээ улс төрд ороод, нам сонгоод эхэлбэл лам дээлнээсээ татгалзаж, ажлын байраа солих учиртай. Төрийн албан хаагч нэр дэвшихээр болбол ажлаа өгдөг, намын гишүүн хүн төрийн албан хаагч болбол намаасаа татгалздаг хуультай.
-Тиймээс ч АН-аас Дундговь аймгийн Гурвансайхан суманд нэр дэвшсэн лам н.Хүдэрчулуун лам дээлтэй цээж зургаа сурталчилгааныхаа материалд оруулсныхаа төлөө МАН-ын гомдлоор нэрээ татуулчихаад байгаа.
-Лам найзтай МАН-ын мундаг нэр дэвшигчдийн хувьд лам, хамба найзтайгаа зургаа авахуулах нь нээлттэй, харин олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, тухайлбал сонгуулийн сурталчилгаанд түүнийгээ ил гарган гэрэл үзүүлж болохгүй гэсэн санаа. Лам найзтайгаа гайхуулмаар онгирмоор, олон түмний гэрийн хойморт байрлах бурхны гүнгэрваанд залармаар байгаа хүсэл тань дийлээд байгаа бол энгийн үед хэвлэж тараагаад, өөрөөрөө бахархан онгирох эрх нь хуулиар бүрэн нээлттэй.
- МАН-ынхан өөрсдөдөө ашигтай үед ламын зураг ашиглах нь зөв, ашиггүй хэсэгт нь ламын зураг ашиглах нь буруу гээд хоёр үзүүртэй гомдож гүйгээд байгаа.
-Есдүгээр сарын 7-нд наадам хийсэн хэмээн АН-ыг буруутгах шалтаг олсон. Тэр үед орон нутгийн сонгуулийн хууль төрөөгүй байсан гэдгийг улс даяараа л мэдэж байгаа. Харин МАН-ынхан ард түмнийг тэдэн шигээ мартамхай гэж боддог бололтой.
-Сонгуулиар хүн зөөсөн хэрэгт бас АН-ыг тулгах гэж үзжээ. Үнэн чанартаа гарааг нь МАН-ынхан өөрсдөө тавьсан. Улаанбаатар хотоос МАН-ын НАМОХ-ныхоо шугамаар н.Мөнхчулуун нэр дэвшигч оюутнуудыг цуглуулан ачиж, сонгууль өгүүлсэн гэдгийг захын оюутан гэрчилдэг болоод байгаа.
-Эцэст нь намуудын эх захгүй гаргаас болж Дундговь аймгийн ард иргэд дээрээ удирдлагагүй, доороо учраа олохгүй, хүнд өвлийг бор зүрх, амьдрах чин хүслээрээ даван туулахад хүргэж байна.
Бодит үнэн гэж үүнтэй төстэйг хэлдэг болов уу. Эцсийн эцэст МАН-ынхан хэзээ, хэрхэн ард иргэдийн төлөө, аймаг сумын хөгжлийн төлөө ингэтлээ улс төржиж, буруутанг хайж ирлээ гэдэг асуулт цаг ямагт тулгарах болов. 90 жил төр барихдаа магтаал сайшаал, бялдуучлал, эрх мэдлийн баланд умбаж ирж. Өнөөдөр ичдэг булчирхайтай, муу, мулгуу бүхэнд суралцаж гаршаагүй залуу үе нь уриагаа өөрчилж, шинэ нам болон төрийн толгойд гарахыг хүсэмжилж байгаа нь илэрч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Түмнээ түшиж, төрийг хянах хүсэлтэй залуус гарч иржээ. 90 жил түмнээ дарангуйлж, дээрээс нь шүлсээ хаяж ирсэн нам ялагдлын гашууныг мэдэрсэн даруйдаа ард түмнээ түших болсноо, тэгээд тоглоомны гадна үлдэж, төрийг хянах үүрэг хүлээхээ орон нутгийн сонгуулиар амласан, уг нь. Гэсэн ч орон нутагт олон жил хурган дарга хийж, доль цохисон бурхинууд нь заргыг толгойлж, буруугаа бусад руу чихэж байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх нь шударга шүүхийн хурд, гаргасан шийдвэрээ хамгаалж чадах Сонгуулийн хороо зэргээс шууд хамаарна.
Харин аймгийн МАН-ын ах нар жудаг зааж, буруугаа хүлээгээд ард түмэн, аймаг сумынхаа хөгжил, дэвшил, урагштай ажлын төлөө иргэний эр зориг гаргачихмаар байна. Сурталчилгаандаа ашиглаад байсан бурхан шашин тань нэг өдөр хилэгнэвэл та биднийг ав адилхан л гэсгээх байх. Олон зураг тараасан гэж харж үзтлээ удах л байх даа. Ер нь бол ард түмнээрээ тохуурхаж, ашиг сонирхлын зөрчлөөр аливаад ханддаг, хүн гүтгэчихээд “намайг гүтгэлээ” гэж мэлздэг эрхмүүдэд бурхад нэгийг таалж л суугаа байх.
Бурхан өршөөг.
Ш.Булга www.shuum.mn

URL:

Сэтгэгдэл бичих