Д.Сарангэрэл болоод Ц.Оюунбаатар

Энэ удаагийнхаа “Хамгийн хамгийн” булангаар азтай болоод азгүй эрхмүүдийг танилцуулж байна. Шинэлэг зүйлээр дүүрэн болсон УИХ-ын сонгуулийн дүн гараад хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Гэсэн ч өнөөгийн парламент элэг бүтэн болж чадсангүй. Энэ парламентын хамгийн азтай хүнээр УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болоод буй МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг нэрлэж болохуйц юм.

УИХ-ын сонгуулиар намын жагсаалтын 10-д эрэмбэлэгдэж хамраараа таслуулсан ч түүнийг азын тэнгэр үргэлж ивээж явдаг юм гэж улс төр сонирхогчид дүгнэдэг. У.Хүрэлсүх гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар  парламентад дахин нэг бүсгүй хөл тавих боломжийг нээсэн нь энэ. Улс төрд шинэ хүн байж болох ч нийгэмд хэдийнэ танигдаж, байр сууриа олсон нэгэн.

 

Тиймдээ ч үе үеийн парламентын босгыг элээж буй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн энэ үед сэтгүүл зүйн салбарын “мэргэжилтэн” тангараг өргөснөөр их зүйлийг амжуулж чадна хэмээн  эл салбарынхан итгэл өвөртлүүлээд байгаа. Ууган улс төрийн нам жендэрийн асуудлыг нарийн бичгийн дарга нарт тусгаж нэг эмэгтэй нарийн бичгийн даргатай болохыг зарчмын хувьд батлан дүрэмдээ тусгасан ч тухайн үед сонголгүй хойшлуулсан байдаг.

 

Улмаар энэ албан тушаалд тавигдаж болох хамгийн магадлалтай хүнээр МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, TВ-5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэлийг тодруулж байлаа. Тэрбээр МАН-ын ХХVI их хурлаар Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлд сонгогдож, нэр бүхий эмэгтэйчүүдийн нэг. Түүнийг анх МАН-ын ажилд оролцооч гэж генсек байсан У.Хүрэлсүх санал тавьж байжээ.

 

Харин дараа нь намын дарга байсан С.Батболдтой уулзаж энэ намд орох шийдвэрээ гаргасан гэдэг. Ямартай ч, сэтгүүл зүйн тогоонд олон жил чанагдаж, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд оролцож байсны хувьд Д.Сарангэрэлээс ирэх дөрвөн жил чамгүй амжилтыг иргэд хүлээж буй. Харин энэ удаагийн хамгийн азгүй хүн нь Ц.Оюунбаатар.

 

Шударга ёс эвслийн 11 дэх гишүүнээр тангараг өргөх учиртай ч түүнд аз дутах бололтой. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр эсвэл түүний хүү Э.Батшугарын хоёрын аль нэгийг нь тангараг өргүүлнэ хэмээн эвслийнхэн өнөөдрийг хүртэл гэдийсээр буй. Уг нь экс З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нараас тангараг өргөлгүй түр азнаж байхыг хүссэн гэдэг.

 

Гэвч З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар даргынхаа үгийг үл тоомсорлон парламентын босгыг алхсан нь аз болж. Харин хүлцэнгүй байсан Ц.Оюунбаатар “хохирогч” болж хоцров бололтой.  Ц.Оюунбаатарын хувьд улс төрд хуучин хүн. Тэрбээр 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Улмаар Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа багагүй хэл аманд өртөж, олны танил болсон ч гэж хэлж болно.

 

Ямартай ч, түүний хувьд өнөөдөр ч болтугай тангараг өргөчихмөөр байвч эвслийнхэн өөр бодолтой байгаа нь “азгүй” нэгэн болгожээ.

 Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих