Чоно борооноор, засаг ноёдууд зуднаар

Удтал чилээлгэсэн аймаг сум орон нутгийн сонгуулийн дүн гарч ирэх дөрвөн жилд нутгийн өөрөө удирдах байгууллагыг дар­галах аймаг, сумдын засаг дар­га нар эхнээсээ тодорхой болж эхлээд байна. Ард түмний хий­сэн сонголт энэ удаагийн сон­гуулиар ч эрээвэр, хураавар бай­сан гэж дүгнэхэд буруудах зүйлгүй.

 

Учир нь УИХ-ын сон­гуулиар нэг намыг хэтэрхий их тахин шүтэхгүйгээр олон на­мын төлөөлөлтэй байх сон­голт хийснээ энэ удаагийн орон нутгийн сонгуулиар дахин ба­тал­гаажууллаа. Орон нутгийн сон­гуульд 12:9 харьцаа буюу 21 аймгийн 12-т нь АН, есөд нь МАН ялалт байгуулсан.

 

Харин өчиг­дөр өгсөн мэдээллээр нийс­­лэлийн есөн дүүргийн тавд нь АН, дөрөвт нь МАН ялалт байгуулж үр дүнгийн хувьд бараг л тэнцүүхэн ялалт бай­гуул­лаа. Аймгуудын Засаг дар­гын төлөөх тулаан аль хэдийнэ эхэл­сэн төдийгүй ирэх дөрвөн жилд орон нутгийг удирдах за­рим дарга нар ч эхнээсээ то­дорч эхэлжээ.

 

Гэхдээ АН-ын­хан томилгоог фракциудын тө­лөөллийг хангаж сонгох бол МАН-ынхан залуучуудаа дэм­жих бодлого барих нь гэсэн “бор шувуу” явж байсан юм. Одоо­гийн байдлаар Дорноговь, Хөвс­гөл, Өмнөговь, Баянхонгор, Ховд, Дорнод, Сүхбаатар зэ­рэг 10 гаруй аймгийн Засаг дар­гын томилгоо тодорхой болж, үлд­сэн аймгуудад нэгэнт тодор­хой болох “магадлал” яригдаж бай­на.

 

Хөдөө орон нутагт цас зуд­тай байхад аймаг, сум дүүр­гийн Засаг дарга нарын томил­гоо, маргаан мэтгэлцээн эцэслэг­дэх­гүй, үргэлжилж байгаа нь ард түмний дургүйцлийг тө­рүүлж байгаа билээ.

 

АН эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр сонголт хийв

Оюутолгой зэрэг алт зэс, уул уурхайн асар том баялагтай айм­гийг өнгөрсөн дөрвөн жил удир­даж тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гаргахын сацуу АТГ-т шалгагдаж, муу нэртэй луу данстай засаг ноёдын тоог нэгээр нэмж байсан Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг аймгийн ИТХ-аар хэлэлцэж, ули­­раан сонголоо.

 

Түүнийг Өм­­нөговь аймагт тавигдах 14 км хатуу хучилттай зам барих тен­дерийн мөнгийг хувьдаа завш­сан гэх үндэслэлээр эрүү үүс­гэн шалгасан ч гэмт хэр­гийн бү­рэлдэхүүнгүй хэ­мээн хэр­гийг нь хаасан юм. Б.Бад­раа нь аймгийнхаа хөгж­лийн тө­лөө олон ажил хий­сэн, хэлэх үгтэй Засаг дар­га нарын нэгт тооцогддог ч да­хин Засаг дарга хийхгүй гэж мэдэгдэл хийж байсан удаатай.

 

Гэвч хэлсэн үгнээсээ буцах ноцтой шалтгаан байсан бололтой. Дорноговь аймаг бол өнгөрсөн 2008 онд Ардчилал ялсан цөө­хөн аймгуудын нэг. Тус айм­гийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан Д.Ган­хуяг Сайн­шанд аж үйлдвэрийн цог­цол­бор, Сайншанд-80 зэрэг бүтээн байгуулалтын ажлын эхлэлийг тавьж, ажлаа хэдийнэ эхэлсэн учраас дорноговьчууд АН-ын бодлогыг дахин дөрвөн жил дэмжих сонголт хийсэн.

 

Гэхдээ аймгийн Засаг даргын сууд­лын төлөө Дорноговь айм­гийн АН-ын дэд дарга, айм­гийн Засаг даргын орлогч Ж.Гал­бадрах гэх залуухан бо­ловсон хү­чин өрсөлдсөн ч хуу­чин дар­гын зангаргаар Д.Ган­хуяг энэ удаад илүү са­нал авчээ. АН-ын дараагийн ял­сан аймаг бол Сүхбаатар.  Сүх­баатар­чууд хэ­зээ­нээс л цэн­хэр туг хатгасан аймаг.

 

Энэ аймагт УИХ-ын ги­шүүн М.Зо­ригт, аймгийн Засаг дар­га Ж.Батсуурь зэрэг АН-аас сонгогдсон эрхмүүдийн  хий­сэн ажил чамлахааргүй их уч­раас Ж.Батсуурийг мэдээж но­гоон гэрлээр дахин сонгох нь то­дор­хой байсан. Баруун-Уртыг хот шиг хот болгож том гавьяа байгуулсан Ж.Батсууриас ирэх дөр­вөн жилд сүхбаатарчууд илүү ихийг хүсэх биз ээ.

 

Өнгөрсөн бүх жилүүдэд шат, шатандаа ганцхан улаан туг хатгаж байсан хоёр, гурван аймагт энэ удаад ардчиллын цэн­хэр туг намирсан онцлогтой. Тухайлбал, Ховд аймгийн 41 мандатаас 26-г АН-ынхан авч 1990 оны Цагаан морин жилийн Ардчиллын хөдөлгөөнд анхдагч болон оролцож байсан, 22 жил тасралтгүй сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажил­­лаж ирсэн Д.Цэвээн­рав­данг ИТХ-ын олонхийн сана­лаар аймгийн Засаг дар­гаар то­миллоо.

 

Түүнчлэн “Ц.Ням­дор­­жийн” гэх тодотгол ав­чи­хаад байсан увсчууд улаан өн­гөнөөс татгалзаж, түүхэн­дээ анх удаа цэнхэр туг намирууллаа. Увс аймгийн Засаг даргаар аймгийн АН-ын дарга Д.Цэнд­сү­рэн томилогдлоо. Д.Цэнд­сү­­рэнгийн хувьд сумын Засаг дар­­га ч хийж үзээгүй хүн яаж бү­хэл бүтэн аймгийг удир­дах вэ гэх хар пиар явж бай­сан ч АН-ыг аймагтаа анх удаа ялуулсан түүний хувьд суух ёстой суудлаа авлаа гэж дүгнэхэд буруудах зүйлгүй.

 

Энэ суудалд 2008-2012 онд Нийг­мийн хамгаалал, хөдөл­мө­рийн дэд сайдаар ажиллаж бай­сан Д.Нямхүү яригдаж бай­сан ч УИХ-ын сонгуулийн Ув­сын тойр­гийн маргаан бү­рэн ший­дэг­дээгүй нөхцөлд УИХ-ын ги­шүүнд өрсөлдөх шаан­саа хад­­галж үлдэх нь илүү санагд­сан нь мэдээж. Төв аймагт энэ удаад мөн л цэнхэр туг на­мирсан онцлогтой.

 

Аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв Эрчим хүчний дэд сайд болсон уч­раас Засаг даргын суу­далд АН-ын удирдлагуудтай хий­сэн тохирооны дагуу До.Ган­болд гэх эрхмийн нэр хамгийн магадлал өндөртэй яригдаж байна. До.Ган­болд нь Уул уурхайн ас­со­циацийн ерөнхийлөгчөөр ажил­­лаж бай­сан билээ.

 

Мөн энэ суудалд Х.Тэмүүжин ги­шүү­­ний “гарын хүн” гэгдэх Зуун­­мод сумын Засаг дарга А.Цэндсүрэнгийн нэр яригдаж байна. Архангай аймгийн Засаг даргад өрсөлдөж байсан хүн бол УИХ-ын гишүүн асан С.Ламбаа. Намаас хийсэн тохирооны да­гуу энэ суудалд очно гэх мес­сэж тарж байсан ч баттай эх сур­валжийн мэдээллээр арын сай­хан хангай нутгийг ирэх дөрвөн жил Архангай аймгийн АН-ын дарга Н.Бат-Эрдэнэ удирдахаар болжээ.

 

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН-ыг сонгосон ч орон нутагтаа анх удаа цэнхэр өнгийг сонгосон булганчуудын хувьд аймгийн АН-ын дарга н.Эр­дэнэ­батыг Засаг даргаараа нэр­лэж байгаа. Баянхонгор айм­гийн Засаг даргаар Д.Жар­галсайхан томилогдлоо. Д.Жар­гал­сайханыг хэвлэлээр “битүү морь” хэмээн нэрлээд байгаа ч нутагтаа бизнес эрхэлж байсан нэлээд нэр хүндтэй нэгэн юм.

 

Хэнтий аймгийн Засаг даргад аймгийн АН-ын дэд дарга н.Оюунбаатарын нэр дуулдаж байгаа ч мөн тус намын нөлөө бү­хий нөхөр Д.Болдбаатарын нэр бас яригдаж байна. Баян-Өл­гий аймагт энэ удаад мөн л ард­чиллын “салхи сэвэлзсэн”.

 

Айм­гийн АН-ын дарга Х.Ержан Зам тээврийн дэд сайд болж манд­чихсан учраас өлгийчүүд аймгийн АН-ын дэд дарга Лазетхан, Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий ин­женер Х.Дармен, Баян-Өлгийн багшийн сургуулийн багш Х.Има­­нинагзм, бизнесмэн Н.Жи­рен гэсэн олон сонголт дунд эргэлзэж байгаа сурагтай.

 

Ор­хон аймагт АН-ын сонгуулийн ерөн­хий менежерээр ажиллаж ялалт байгуулсан Ч.Бямбааг тус аймгийн Засаг даргаар ажил­лана гэж яригдаж байсан ч дээрээс ирсэн зааврын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч, Эр­дэнэтийн АН-ын албан ёсны дар­га Г.Зоригтыг сонгоно гэсэн су­раг явж байна.

 

Энэ долоо хо­ногт хуралдах ИТХ-аар Г.Зо­риг­тыг батламжилж, “Эр­дэ­нэт үйлдвэр” ХХК-ийн за­хир­лын орлогчийн суудалд то­милгоо яригдах нөхцөл үүсэх бо­лолтой. АН-ынхны хувьд аль нэг фракцид илүү суудал өгөх бус албан тушаалын тэгш ху­ваа­рилалт хийхийг илүүд үзсэн бай­на.

МАН “хуучнаа  санагалзав”

АН-ын нэр хүнд навс унасан гэгдэх аймаг бол Хөвсгөл. Л.Гүн­да­лай, Ч.Батцогт нар ясны тэм­цэгч хөвсгөлчүүдийн АН-ыг гэсэн галыг нь бөхөөж, тал­цуулсан хэрэгт уначихаад бай­гаа. АН-ын гишүүд дэмжигчид хоёр хуваагдсанаас болж хөвс­гөлчүүд сүүлийн үед дан­даа Ардын намыг сонгох бол­сон.

 

Хөвсгөл аймгийн 41 ман­да­тын 23-ыг нь Ардын нам авч Засаг даргаар Л.Ганболд гэх бизнесмэн залууг сон­го­лоо. Л.Ганболд нь аймаг, орон нутагтаа хамгийн нэр цэ­вэр бизнесмэнүүдийн нэг бө­гөөд “Лидер кашмер” хэмээх ноос, ноолуурын үйлдвэр бай­гуулж, хөвсгөлчүүдийг аж­лын байраар хангасан. 1972 онд төрсөн. Хөвсгөл аймагт анх удаа сонгогдож байгаа за­луу Засаг даргаар тодроод бай­гаа юм.

 

Дорнодчууд уг нь ард­чиллыг далдуур дэмжиж ир­сэн ч Н.Номтойбаяр зэрэг нэр нөлөө бүхий эрхмүүдийн нө­лөөнд  дарагдаж ирсэн аймаг. Тийм­дээ ч тэд энэ удаад сон­гол­тоо өөрчлөхийг хүссэн­гүй. 35 мандатынхаа  18-ыг нь МАН-д “бэлэглэж”, ирэх дөр­вөн жилд МАН-ын хорооны дар­га М.Бадамсүрэнгээр удирдуула­хаар боллоо.

 

М.Бадамсүрэн 2001-2003 онд “НИК” ХК-ийн Дор­нод аймаг дахь Нефть хан­гамжийн газарт ШТС-ын эрх­лэгч, 2007-2009 онд “Магнай трейд” ХХК-ийн аймаг дахь сал­барын дарга, 2009 оноос МАН-ын хорооны дэд дарга, 2012 оноос Дорнод аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай нөхөр юм.

 

МАН-ын хийсэн томилгоо нь за­луучуудаа дэмжих бус харин эсрэгээрээ өмнө нь сайн муугаар дуудуулж байсан задарсан засаг ноёдоо өөгшүүлсэн, хууч­наа санагалзсан  томилгоог хий­сэн. Тухайлбал, ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорил­гоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрхийг орон нутагт  олгосныг албан тушаалаа ашиглан  “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөгийн комбайн ху­далдан авах эрх өгсөн гэх үндэс­лэлээр олон шат дамж­лага дам­жин шалгагдаж байгаа Ш.Ам­галанбаяр гэх “цуутай” эрх­мийг алтайчууд улираан сонголоо.

 

Түү­ний хэрэг одоо ч шалгагдаж бай­гаа билээ. Мөн АТГ-т албан ту­шаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгагдаж бай­гаа Д.Тогтохсүрэнг улираан сон­голоо. Д.Тогтохсүрэнг Өвөр­хангайд сүү­лийн найман жил дараалан ИТХ, Аймгийн Засаг даргаар ажил­лаж их хэмжээний мөн­гө завшсан гэж яригдаж бай­гаа бөгөөд өвөрхангайчууд дэм­жинэ, унагах ёстой гэж хоёр хуваагдсан сурагтай.

 

Түү­ний томилгоог МАН-ын за­рим гишүүд нь эсэргүүцэж бай­гаа бөгөөд ард түмний са­нал асуулгаар Засаг даргыг то­милох Ардын намын амлалт яасан бэ хэмээн дургүйцэж эхэл­сэн гэнэ. Харин Засаг дар­га нь ял сонсоод явчихсан “эзэн­гүй айл” шиг байсан говь­сүмбэрчүүдийг ирэх дөрвөн жилд тус аймгийн НАМЗХ-ны тэр­гүүнээр ажиллаж байсан н.Батсуур гэх залуу боловсон хү­чин удирдахаар болжээ.

 

Харин Д.Оюунхорол, Д.Балдан-Очир гээд хэзээнээс л МАН-д элэг­тэй байсан завханчууд өн­гө­рөгч 2008 онд орон нутагт АН-д итгэл үзүүлсэн ч энэ удаад сонголтоо өөрчлөхөөр шийд­жээ. Өрсөлдөгч АН-аас 15 суудлаар илүүрхсэн МАН-ын гишүүдийн дэмжлэгийг Ж.Жамъян­тив хүлээжээ.  Ж.Жамъянтив нь аймгийнхаа МАН-ын хорооны даргын ал­бан тушаалтай.

 

Энэ суудалд УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очи­рын нэр яригдаж байгаа ч намаа ялалтад хүргэсэн “уугуул иргэн” Ж.Жамьяантивд ит­гэл үзүүлсэн нь дээр гэдэгт са­нал нэгдсэн байна. Дундговь айм­гийн Сонгуулийн хорооны тог­тоолоороо шүүхийн шийд­вэрийг үндэслэн МАН-аас нэр дэвшин олонхийн санал ав­сан Д.Чандмань, С.Буджав, Ж.Мөнхчулуун нарын дөрвөн хү­нийг жагсаалтаас хассан уч­раас тус аймагт олонхи болсон МАН-ын хорооны дарга С.Сүхбаатар За­саг даргад томилогдохгүй байх нөхцөл байдал үүсээд байгаа.

 

35 суудлын 19-ийг нь МАН, 15-ийг нь АН авсан бөгөөд хэр­вээ МАН-ын дөрвөн нэр дэвшигчийг эргүүлэн татсан тохиолдолд АН олонхи болж, аймгийн Засаг даргаа ИТХ-аар хэлэлцүүлэн томилно. МАН-аас мэдэгдэж байгаагаар тэд Далай лам, Чойжамц хамба, Пүрэвбат ламтай авахуулсан зургаа сурталчилгаанд ашиг­лан айл бүхэнд тараасан тул шүүх тэдэнд хуульд заасан захир­гаа­ны шийтгэл ногдуулсан юм байна.

 

Маргаан эцэслэн ший­дэгдэж МАН-ын талд гарсан то­хиолдолд С.Сүхбаатар, АН-ын талд гарсан тохиолдолд Л.Дан­занноров сонгогдох хоёр сонголт ирээд буй юм. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт мөн л тохироо хийгдэж байгаа бөгөөд хуучин засаг ноёдууд улирах эсэх нь маргаантай байна.

Б.Өнөртогтох
Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих