ВИКИЛИКСИЙН МЭДЭЭЛЭГЧИЙН ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ

Энэ сарын 2-нд болох ёстой байсан Викиликс цахим хуудсанд мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгагдаж байгаа жагсаалын цэрэг Брэдли Мэннингийг шүүх ажиллагааг ирэх оны гуравдугаар сар хүртэл хойшлуулсан тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ.
Өмнө нь шүүх ажиллагааг ирэх оны хоёрдугаар сарын 4-нд товлосон байсан боловч шүүгчийн зүгээс өмгөөлөгч болон яллагч талаас өгсөн өргөдлийг судлахад хугацаа өгөхийг хүссэн байна.
Мэннингийн хэргийг хянан хэлэлцэх ажиллагааны сүүлчийн шатны хурал өнгөрсөн сарын 29-нд болсон юм. Уг хурлын үеэр Мэннинг анх удаагаа мэдүүлэг өгч, Виржини дахь Куантико цэргийн бааз дахь шоронд түүнийг эрүүдэн шүүж байсан тухай ярьсан юм. Викиликсийн мэдээлэгч энэ шоронд 2010 оны долдугаар сараас өнгөрсөн оны дөрөвдүгээр сар хүртэл хоригджээ. Харин шоронгийн хуягууд түүний ярьсныг няцаасан байна.
АНУ-ын жагсаалын цэрэг Брэдли Мэннинг 2010 онд Иракт баривчлагджээ. Түүнийг Викиликс цахим хуудсанд цэргийн нууц мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Би-Би-Си агентлагийн мэдээлж байгаагаар, Мэннинг мэдүүлэг өгөх үеэрээ өөрт нь үүсгэсэн эрүүгийн хуулийн зарим зүйл ангийг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрбээр найман зүйл ангийг хүлээн зөвшөөрчээ. Эдгээр зүйл ангиар нийтдээ 16 жил хоригдох ял авч магадгүй. Одоогоор түүнд 22 зүйл ангиар эрүү үүсгээд байгаа ба бүх насаар нь хорих ял ч оноож магадгүй байна.
Д.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих