ДУУЧИН ШАКИРАГААС 100 САЯ ДОЛЛАР НЭХЭМЖИЛЖЭЭ

Колумбын поп од Шакирагаас хуучин найз залуу нь 100 сая долларыг нэхэмжиллээ гэж Би-Би Си мэдээлэв. Учир нь найз залуу нь түүний бизнесийн менежерийн ажлыг зургаан жил албан бусаар хийж байсан гэнэ. Антонио де ла Руа гэгч залуу поп дуучныг дэлхийн од болгосныхоо төлөө өнгөрсөн болоод ирээдүйн ашгаас хүртэхээр Нью-Йоркийн шүүхэд ханджээ.

Хариуд нь Шакира түүнийг төсвөөс нь нэмэгдэл цалин авч хувьдаа дур мэдэн хэрэглэж байсных нь төлөө шүүхэд өгсөн аж.
Аргентины Ерөнхийлөгч асны хүү Антонио де ла Руа 2000 оны сонгуулийн үеэр Шакиратай танилцсан байна. Руа дуучин бүсгүйг дэлхийгээр аялан тоглоход нь дагалдан явдаг байжээ. Дуучны тоглолт ашиг олохоосоо илүүтэй хохиролтой байсан тул Шакира хуучин менежерээ солихыг хүссэн байна. Ингээд Руа дуучны бизнес менежерийн ажлыг хийж эхлэхдээ ердөө аман гэрээ байгуулсан байжээ.
Руа дуучныг 300 сая долларын гэрээнд зуучилсан, үнэртэй усны бизнесийг нь том зах зээлд нийлүүлсэн, “Hips Don’t Lie” хэмээх дууг нь синглээр гаргахыг санал болгосон нь 25 оронд хит болсон, “She Wolf” дууг нь мөн синглээр гаргуулан амжилтад хүргэсэн зэргээр дуучныг амжилтад олоход их тус болсон аж. Мөн хөл бөмбөгийн ДАШТ сүлд дуулал болсон “Waka Waka” дууг бичүүлэхийг ятгаж энэ цомгоороо дэлхийг тойрон аялах тоглолт хийсэн нь чамгүй ашиг олсон гэнэ.
Тэрчлэн “дуучны уран бүтээлийн хандлага болоод тачаангуй стиль нь Руагийн санал болгосон имиж бүрдүүлэлт байсан бөгөөд Шакирад урд урдынхаасаа илүү ашгийг авчирсан” гэж Руа хэлсэн байна.
“Бид бизнесийн талаар хамтран ажилласаар байх болно” хэмээн поп од 2010 онд Руагаас салахдаа мэдэгджээ. Харин 2011 онд Руаг ажлаас нь чөлөөлснөөс хойш Руа ашгийн ноогдол хүртээгүй учир 100 сая долларыг нэхэмжилж байгаа аж.
Энэ талаар поп одын төлөөлөгчид мэдэгдэл хийгээгүй байна. Шакира одоо “FC Barcelona”-гийн тоглогч Гералд Пикигийн хүүхдийг тээж байгаа билээ. Түүнчлэн тэрээр “Америкийн дуу хоолой” тэмцээний шүүгчээр ажиллах гэрээг байгуулаад байгаа юм.
Л.Урангуа

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих