Туршлагагүйн алдаа гэв
УИХ дахь МАН-ын гишүүд ээлжит хуралдаанаараа парламентын үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.
Тэр тусмаа өнгөрсөн долоо хоногт саатсан УИХ-ын гишүүдийн тангараг өргөх асуудал хийгээд бусад асуудлыг хэлэлцсэн байна. Зүй нь ирц хүрээгүй шалтгаан нь МАН-ын гишүүдээс болоогүй, парламент дахь олонхийг бүрдүүлж байгаа, Засгийн газрыг хамтран барьж байгаа хүчнүүдийн өөрсдийнх нь ур чадвар, ажлын дадлага туршлагагүйгээс болсон хэмээн үзжээ.
УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрсэн бас нэг шалтгаан нь Ардчилсан намын бүлгийн 10-аад гишүүн гадаадад явж байсан нь ирц хүрэхгүйд нөлөөлсөн хэмээн тэд үзжээ. Мөн энэ удаагийн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн үр дүнгийн тухай хэлэлцжээ.
Учир нь тус намынхан энэ удаад есөн аймаг, дөрвөн дүүрэгт ялалт байгуулсан нь амжилттай оролцсоныг илтгэж байна гэж намын гишүүд үзэж байгаа ажээ. Тиймээс “Хавтгайд нь ялалт байгууллаа хэмээн мэдэгдэж байсан Ардчилсан намынханд Ардын намынхан хавтгай цохилт өгсөн гэж хэлж болно” хэмээн бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдэгдэв.
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: