Шинэчлэлт үү, өөрчлөлт үү Х.Тэмүүжин сайд аа

70 настай эмээ таягаа элэгдтэл өглөөнөөс орой болтол хуулийн байгууллагын хаалгыг сахин сууна. Хууль хяналтын байгууллагын хууль бус үйлдлээс үүдэн ганц хүүгээ хилс хэргээр нарсанд суусан явдлын үнэн зөвийг тогтоолгохын тулд шударга үнэн байдаг бол түүнийг чинь хайж явна хэмээн ярих тэрбээр эрүүгийн хуулийн заалтыг судалсаар яваад муухан хуульчаас дутахааргүй хуулийн мэдлэгтэй болсон байх юм. Хууль зүйн салбарт бугшсан бузар булай бүхэн тэсэхүйеэ бэрх болсныг хэлэх хохирч үлдсэн мянга мянган иргэдийг олъё гэвэл түүн шиг амархан зүйл байхгүй. Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагад л гэхэд хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлээгүй хохирсон иргэн гэмт хэрэгтэн болж ял аваад явсан жишээ олныг татаж болохоор байгаа юм. Энэ үйлдлийн хохирогчдод алх барьсан төрийн алуурчдын хор хөнөөл гэж нэрлээд байгаа. Үүнийг зөвшөөрөх шүүгчид ч цөөнгүй бий. Тиймээс шүүхийг шинэчлэх нь зөв гэж өнгөрсөн хугацаанд дуулдсаар байсан ч шүүхийн шинэчлэлийн бараа сураг алдарсан билээ.

Харин Хууль зүйн шинэ сайд томилогдсоноос хойш энэ салбарын шинэчлэл гэх сүр дуулиантай олон зүйл яригдаж, нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохоор зарим нэг зүйл биеллээ олоод байгаа юм. Түүний ажлын эхлэлийг зарим нь бахдан баясч суугаа бол аргаа ядсан ядмаг оролдлогоор ажлаа эхлүүлж байна гэж нөгөө хэсэг нь үзэж байна. Тухайлбал, төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг Хууль зүйн яамны оффис болгох шийдвэр эмч эмнэлгийн ажилтнуудын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн. Угтаа бол ард түмэнд оффис биш эмнэлэг хэрэгтэй. Түүний ажилд эмнэлгийн оффис ямар гай учруулсныг асуух хүн цөөнгүй байна. Үнэн хэрэгтээ хууль зүйн салбарт шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч хохирогчийг хохироох шүүх засаглал, туршлага чадваргүйгээсээ эсвэл хүнд сурталд идэгдсэн шүүх прокурорынхны хор хөнөөлийг арилгах нь хууль зүйн салбарын шинэчлэлийг хэлэхээс биш эмнэлгийг оффис болгох, шүүхийн байруудыг хэдэн давхраар нэмэх нь иргэдийн хүлээж буй сайн сайхан зүйл биш юм. Цаасан дээр буусан хуулийг хэрэгжүүлэх, байгууллага нь шударга байхыг л иргэд хүсч байна. Учир нь хууль барьж гүйгээд ч хуульчид дийлдэх иргэд хэтэрхий олон байна. Төрийн бус байгууллагад бүртгэгдсэн тоогоор 1000 орчим иргэн шүүхийн байгууллагын шийдвэр алдаатай гарлаа хэмээн гомдол мэдүүлсэн тоо байна. Хууль зүйн сайд шүүхийн байгууллагын дотоод гадаад материаллаг зүйлд анхаарлаа хандуулж байх зуур цаг минут тутамд аль нэг шүүгч алх тогшин гэмгүй нэгэн хохирч үлдэх байгаа.

Хамгийн эмгэнэлтэй нь гэмтний гэмийг үүрсэн хохирогчийн эрхийг сэргээх, буруутныг олж тогтоох, хохирогчийг цагаатгах ямар ч ажил, хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй “Хуульчдын гуравдугаар зөвлөгөөн” энэ сарын найманд тусгаар тогтнолын ордонд болох юм. Уг зөвлөгөөнд хууль зүйн салбарын шинэчлэлийг хаанаас нь эхлэх ёстой болоод хууль зүйн салбараас иргэдийн хүсэн хүлээж буй зүйл нь юу вэ гэдгийг ард иргэд олон нийт, хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийн хамтаар нээлттэй хэлэлцэхийг хүсч байгаа гэдгийг төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт хэлж байгаа юм.

Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт хэлэхдээ “Эрхэм сайдыг УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн сайдаар томилогдоход ард түмнийхээ талд шүүх, хуулийн шинэчлэлийг оновчтой, бодитой хийнэ гэдэгт итгэл төгс байлаа. Харамсалтай нь таны шинэтгэлийн бодлого буруу хазгай, шинэчлэлийг хүссэн иргэдийн эрх ашигт нийцэхгүй болох нь илэрхий байх тул Х.Бат-Ялалт миний бие өөрийн эрх чөлөө, эрүүл мэндээрээ дэнчин тавьж сүүлийн долоон жилийн турш мэтгэлцэн шаардсан хууль, шүүхийн шинэчлэлийн талаар халз мэтгэлцэн ярилцах хүсэлтээ энэхүү урилгаар илэрхийлж байна” гэжээ. Гэсэн ч Хууль зүйн сайд уг хүсэлтэд одоог хүртэл ямар ч хариу өгөөгүй байгаа юм.

Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат- Ялалтаас цөөн асуултанд хариулт авлаа.

-Хууль зүйн сайд урилгыг чинь хүлээж авахгүй байгаа шалтгаан нь юу юм бол?
-2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр урилга хүргүүлсэн боловч урилгын хариу одоог болтол ирээгүй байна. Халз мэтгэлцээнд оролцох шаардлагагүй гэж үзсэнээс тэр үү эсвэл урилгыг маань үл хүндэтгэсэн хэрэг юм болов уу гэж ойлгож байна. Өнөөдөр хууль зүйн салбарын шинэчлэлийг хийх нь хамгийн чухал асуудал болчхоод байна. Хууль зүйн чанартай шинэчлэлийг хүссэндээ л уг урилгыг хүргүүлснээс биш Хууль зүйн сайдын нэр хүндэд халдах гэсэн зүйл энд байхгүй. Намайг дэмжиж байгаа мащ олон хуульчид ард иргэд байгаа. Хуулийг бий болгодог бус хуулийг хэрэгжүүлэх хүмүүс энд мэтгэлцээнд оролцох нь хамгийн чухал зүйл. Хүнийг хэлмэгдүүлдэггүй хохироодоггүй нийгмийг хэрхэн цогцлоох вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болоод байна.

-Хууль зүйн салбарыг шинэчлэхийн тулд хаанаас нь эхлэх ёстой вэ? Өнгөрсөн хугацаанд энэ талаар хангалттай ярилаа шүү дээ. Хууль зүйн салбар таны бодож байгаа шиг шинэчлэгдэх боломж бий юу?
-Хууль зүйн салбарыг шинэчлэх 100 хувь боломж бий. Шинэчлэлийг эхлэхийн тулд хохирогчийн талд буюу буруу гарсан шийдвэрүүдийг эргэн харж зөвтгөхөөс эхлэх ёстой гэж би хэлэх байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд үүссэн хүмүүсийн гомдлуудыг дахин хэлэлцэж үндэслэлтэй юу, үгүй юу гэдгийг дахин нягтлах шаардлага байна. Хэрэв үнэхээр эрх нь зөрчигдсөн байх юм бол эрхийг нь сэргээх шаардлагатай. Үүнийхээ дараа уг зөрчил нь хүнээс буюу шүүхийн байгууллагынхнаас болсон байна уу эсвэл хуулийн зүйл заалтуудаас болсон байна уу гэдгийг харж болох юм. Эндээс хуулийн шинэчлэлийг хийхийн тулд хаанаас эхлэх ёстой юм бэ гэдэг нь харагдана л даа.

Хууль зүйн салбарынхан ямар ч бодлого судалгаагүйгээр ажил хийгээд байна. Яагаад вэ гэхээр энэ талаар судалдаг хүнийг судлахгүй байна гэдэг чинь ямар ч судалгаагүй байна гэдгийг харуулж байна. Хууль зүйн салбарынхны алдаатай шийдвэр хэрээс хэтэрч байна гэдгийг нотлох олон баримт жишээгээр би Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь хэлж ойлгуулах гэж оролдож байсан. Тэр хүн юу гэдэг байсан гэхээр “Би шүүхэд итгэж байна. Хууль зүйн салбар эрүүл байгаа гэж хэлдэг байсан. Харин одоо тэр хүн юу гэж байна гэхээр “Шүүгч хараат байна. Хууль зүйн салбар ямар аймаар болчихсон юм бэ” гээд сууж байна.

-Өнгөрсөн хугацаанд шүүхийн шинэчлэлийг хийх талаар багагүй ярьсан ч шүүхийн шинэчлэл гэхээр зүйл алга байна. Шүүхийн шинэчлэл гэж яг юуг хэлэх вэ? Шүүхийг шинэчилснээр хуулийн байгууллагын хүнд суртал алга болох уу?
-Шүүх хууль зүйн салбарын шинэчлэл гэдэг бол нэг утга агуулгатай зүйл. Үүнийг шинэчлэхийн тулд хяналтын механизмыг өөрчлөх, мөн тогтолцооны өөрчлөлтүүдийг хийх ёстой. Үүний зэрэгцээ шүүхийн сонгодог систем рүүгээ орох ёстой. Энэ асуудлын хүрээнд ямар шинэчлэл хийх вэ гэдгийг 12 дугаар сарын найманд шүүхийн шинэчлэлийн асуудлаар ярилцах юм. Хууль зүйн сайд хууль зүйн шинэчлэлийг хүсдэг, иргэдийн байр суурь ямар байгааг мэдэхийг үнэхээр хүсч л байгаа бол уг зөвлөгөөнд ирэх хэрэгтэй.

Сэтгүүлч С.Мөнх-Од

Улаанбаатар таймс


URL:

Сэтгэгдэл бичих