Зүгээр л март
Зарим өдөр толгойд элдэв ауудал эргэлдэж амьдал, ажил утгагүй мэт санагдах үе хүмүүст нэлээдгүй тохиолддог бөгөөд үүнд эрч хүч, энергээ их зарцуулдаг. Таны амин чухал асуудал биш бол зарим зүйлсийг МАРТАХ нь хамгийн үр дүнтэй байдаг гэнэ.
Өнөөдөр л хийхгүй бол болохгүй, амьдрал тань шийдэгдэж байгаа, чухал шаардлагатай л асуудал биш бол аар саар асуудлуудыг мартах хэрэгтэй. Зарим хүн иймэрхүү асуудлыг бухимдлаар сольж улмаар хамаг ажлын эрч хүчээ алдчихдаг. Мартахад гэмгүй хэд хэдэн зүйлс.
1. Ойрын болон хэтийн төлөвлөсөн зарим ажил. Өнөөдөр хийхгүй гэдэг нь ойлгомжтой ажлын төлөө зарим хүн хоног, өдрүүд, сараар шаналдаг. Энэ нь олон шалтгаантай хэдий ч одоо хийгээгүй байгаа, хийж эхлээгүй байгаа ажлын төлөө хий тархиа байнгын гашилгах нь амжилт авчрхагүй нь лавтай. Нэгэнт л төлөвлөсөн бол 7 хоног, сарын эхэнд төлөвлөсөн зүйлсээ хараад хуваарилаха л хангалттай. Бүр эсвэл шаналж бодох тодорхой цаг гаргаж тэр цагтаа л шаналаад ав.
2. Элдвийн хов жив. Ямар нэг байдлаар хөнгөхөн чадуулсан хов живний асуудал, нэр сэвтэх, гүтгүүлэх, магадгүй та өөрөө ч алдаа гаргасан байж болно. Тэрхүү асуудлыг дотроо бодоод байх тусам харц, царай төрх, үйл хөдлөл, ажиллагаа чинь бусдын өмнө таныг сул дорой буруутай мэтээр бүр ч батлаад өгөх болно. Тэгэхээр мартах нь зүйтэй. Бүх зүйлийн үнэн худлыг цаг хугацаа л харуулна.
3. Хэтэрсэн хүсэл, шунал. Өөрийн болгож нэгэнт чадахгүй, болохгүй зүйлрүү хэт улайрах нь таны ухааныг самууруулж болно. Юм бүхэн хязгаартай байдаг. Өөрийн бодит боломж, нөөц, үнэлэмжээ хар. Гэмгүй, дэггүй мөрөөдөл биш л бол хааяа ч гэсэн март.
4. Бусдад таалагдах гэж дандаа хичээх нь тэнэг хэрэг. Зарим хүн би яачихсан юм бол. Яагаад ингээд байгаан бол, буруу зүйл хийсэн юм болов уу гэх мэтчилэн өөрөөсөө бурууг, алдааг хайж сэтгэлээ баахан зовоодог. Одоо боль….урдах ажлаа хийх ёстой зүйлсээ хар даа. Бүр овоорчихсон байгаа биз. Хая, март. Тэгээд өөрийн хийх ёстой зүйлээ л хий. Зөв хүний үйлдэл нүднээс далд байсан ч зөв гэдэг үгийг сана.
5. Маргаан, үг, сэтгэгдэл. Өглөө гэрээсээ гарахдаа, ажил дээрээ, сайн найзтайгаа, гудамжинд таарч муудалцсан нэгэн гээд заримдаа хүний нэг өдрийн хүчийг ховх сорчихдог асуудлууд алийг тэр гэхэв. Хэн таныг хэн, юу ч гэж доромжилсон тэр танд хамаагүй мэтээр сэтгэ. Хэцүү л дээ. Гэхдээ хүн хэзээ ч хэний ч хэлсэн шиг амьдарч явахгүй. Таагүй маргаан, үг, сэтгэгдлийг болсон газар нь учирсан нөхцөлдөө бүгдийг нь таягдан хая. Өөрийгөө тайвшруул. Энэ бол таны хүсдэг зүйл биш бөгөөд танд хүсч хийх бүтээх олон сайхан зүйлс байгаа шүү дээ.
6. Салалт, хууралт, гомдол. Хэн нэгнээс харьцаагаа жинхнээсээ тасалсан, салсан эсвэл таныг хуурсан, та гомдоод байна уу. Салсан бол салсан гэж өөрийгөө зоригжуул. Танд нийцэхгүй, хэрэггүй, та аз жаргалгүй байснаас л салсан гэж өөртөө сануул. Хэдийгээр мартаж чаддаг ч уучилж чаддаггүй, уучилж чаддаг ч өршөөдөггүй л гэцгээдэг. Энэ хувь хүнээс л хамаарна. Уужуу байж уучилсан бол дараа нь дахин гомдоллох хэрэггүй. Дэлхийгээр дүүрэн хүн, дэлхийгээр дүүрэн л асуудлууд байна. Та ганцаараа энэ бүхнийг туулж, амтлаад байгаа биш. Өөрийгөө зоригжуулж хатуу чанга бас ухаалаг бай.
www.fact.mn
URL: